Categories
мэдээ цаг-үе

Энэ намрын “эморсон” малнаас болгоомжил ЖОЛООЧ НАР АА!

Өнгөрсөн амралтын өдөр “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай Өмнөговь аймагт зорчиж яваад автомашины осолд орж амь насаа алдаж, хамт явсан хоёр хүн бэртэж эмнэлэгт хүргэгдэв. Хэрэг явдал орой болсон бөгөөд зам дээр байсан тэмээг мөргөсний улмаас ийн осолджээ. Автомашин “базсан цаас” мэт болж, өнхөрсөөр замын хажуугийн жалга руу орж тогтсон байна. Тэмээний амьдын жин 350-650 кг татдаг. Намрын тарган тэмээ үүнээс ч илүү жин дарах нь бий. Тиймээс шулуун зам дээр хурдтай явж байсан автомашин хагас тонноос илүү жинтэй зүйлийг эрчээрээ мөргөснөөр хор хохирол нь хүний амьтай дүйх хэмжээнд гарсан бололтой.

Энэ зун, намрын нэг онцлог гэвэл хар ялаа, дэлэнч маш их байна. Шинжлэх ухааны нэршлээр нь дуудвал урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавьж гэнэ. Товчхондоо, хар ялаа гэхэд болох аж. Тал хээрийн бүсэд байгаа бутлаг ургамал, өвс болон модонд үүсч, үрждэг байна. Энэ жил хур бороо элбэг байсан тул өвс сайн ургасан. Үүнтэй холбоотой юм уу, ямартаа ч хар ялааны нүүдэл нийт аймаг, тэр дундаа зүүн болон говийн бүсээр илүүтэй байгааг эрдэмтэд анхааруулав. Зарим аймагт хар ялаа ургамал, мал амьтанд битүү шавж, мөн иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах болжээ. Тухайлбал, Дорнод аймагт хар ялааны нүүдэл бууж, хүний нүд, ам, хамар руу шигдэж, тэнгэрт бужигнасан хөө тортог мэт болж харагдаж байгааг орон нутгийнхан хэлсэн. Аймгийн захиргаанаас хар ялааг устгах зорилгоор химийн бодис цацсан ч үр дүнд хүрээгүй байна. Эрдэмтэн судлаачид ч хар ялааг хор цацаж устгаж барахгүй, удахгүй жамаар дуусна гэж зөвлөв.

Хамгийн гол нь хар ялаанаас үүдэлтэй нэг гамшиг нь малыг “мэдрэлгүй” болгодог аж. Хүн бол хар ялаанаас дайжиж цонхоо торолж, нүүр, амаа битүүлэх зэргээр аргаа олно. Харин хар ялаанд ээрүүлсэн мал амьтан нь хүнээр бол байж суух аргагүй болдог байна. Ингэснээр жаахан сэвэлзүүр салхи гарахад сөрж харайлгана. Доороо бусгаж, хөрвөөх, шилгээх зэргээр байж болох бүхий л “арга хэмжээ”-г авдаг бололтой. Жишээ нь, хар ялаанд ээрүүлсэн тэмээ хаанаас жаахан салхи сэвэлзэнэ. Тэр зүг рүү тэшээд алга болдог байна. Яг энэ нөхцөл байдлаас болж Өмнөговьд дээрх авто осол болсон байх магадлалтай аж. Өөрөөр хэлбэл, замын хажууд хэвж, тайвуухан зогсож байдаг тэмээ хар ялаанаас зугтаж гэнэт өмнө нь гараад ирнэ гэж төсөөлөөгүйгээс болж осол гарсан байж мэднэ.

Нөгөөтэйгүүр, манай залууст амьдралын туршлагаас үүдэлтэй дадал зуршил алга. Зам тээврийн хууль, дүрмэнд жолооч ямар тохиолдолд давуу эрхтэй хөдөлгөөнд оролцох тухай заасан байдаг. Гэтэл уг заалтыг нь мал амьтан хүртэл мөрдөх ёстой гэж ойлгодог юм уу зам дээр мал бэлчиж байхад хурдаа хасалгүй сигналдаж давхисаар байгаад очоод нэгийг нь тоншчих жишээтэй. Гэтэл үхэр замын дунд ороод хэвээд зогчихдог зөрүүд “хог”. Цаанаас нь аварга ачааны автомашин, эсвэл жижиг тэрэг сигналаа яаж ч чарлуулж ирээд падлийгүй. Эсвэл зам гарах гэж яваад гэнэт эргэж “солиорно”. Энэ үед хойгуур нь сүнгэнэчихнэ гэж эндүүрсэн жолооч хагас тонн жинтэй амьтантай халз тулсан тохиолдол тоймгүй. Бог мал бол хар ялаанаас дайжиж сүргээрээ огло хайрайгаад л өмнөх зам дээр гараад ирдэг байна. Адуу бүр аюултай. Ялаанд ээрэгдсэн адуу толгойгоо сажилсаар харайж цовхчоод ороод ирдэг гэнэ. Нөгөөтэйгүүр, адуун сүрэг замаар хөндлөн гарч байх үед сигнал өгч тасалж гарах гэж оролдвол гүүгээ харамласан азарга шил цонхыг чинь хатуу туурайгаараа “тэгшлээд” өгөхөөс буцахгүйг анхаарахад илүүдэхгүй. Залуусын дунд мода болсон эморол гэж үг бий дээ. Хүн бүр янз янзаар ойлгож, тайлбарладаг ч ерөнхийдөө орчноосоо тасарч бодолд автах, эсвэл өөрийгөө эвдэж гэнэт үг, үйлдлээрээ цовхичоод ирэх нь эморлын нэг хэлбэр гэнэ. Үүнтэй адил хар ялаанд ээрүүлсэн мал амьтад тайвуухан идээшлэхийн оронд салхи сөрж харайлгах, эсвэл шилгээх зэргээр аргаа барж байгаа нь нэг ёсны эморол юм. Наргиантай мэт боловч залуусын чихэнд хонх уяхын тулд тэдний үг хэллэгийг ийн ашиглаж байна. Зам тээврийн осол үл анзаарагдах жижиг зүйлсээс ч үүсдэг гэдгийг санах нь зүйтэй.

Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар орон нутгийн замд зорчиж яваад мал дайрсан бол хариуцлагыг нь малчин хүлээх заалттай юм билээ. Гэвч малчин энэ зүйл заалтаар шийтгэл хүлээж, хохирол барагдуулсан тохиолдол бараг байдаггүй аж. Тиймээс засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн зүйл заалт бий хэмээн давхиж байгаад мал амьтан мөргөж авто осол гаргавал өөрөө л хохироод үлдэх нь байна. Түүнчлэн, хөдөөнийхөн малаа хариулгагүй хаядаг зуршилтай. Ялангуяа, бод малыг хариулж, нэхэл дагал болно гэж байхгүй. Дур хүрвэл холоос нэг дуран тавина. Энэ нөхцөл байдлыг тооцсон ч жолооч нар анхаарал болгоомжтой зорчиж, замтай ойрхон, мөн зам дээр байгаа мал амьтанд ойртож ирээд хурдаа хасч, шаардлагатай бол зогсож аюулгүй өнгөрөх шаардлагатай. Сигнал өгвөл явчихна, эсвэл зогсож байгаа юм чинь явахгүй биз, өмнүүр нь гарчихъя гэх зэргээр малын бодлыг уншиж, дүгнэлт гаргаж, үйлдэл болгож хэрхэвч болохгүй.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн зам сайжирсан. Баруун бүсийн ганц хоёр аймгийг эс тооцвол бүх аймаг хатуу хучилттай авто замаар холбогдсон. Зам сайжирснаар дотоодын аялагчид орон нутгаар тэнүүчлэх нь эрс нэмэгдлээ. Мэдээж зам сайхан тул хурдтай давхина. Ялангуяа, шөнө автомашины хөдөлгөөн хамгийн сийрэг, цагдаа байхгүй тул газар сайн хорооно хэмээн хаазаа гишгэдэг. Гэтэл хүмүүсийн ой тоонд төдийлөн буудаггүй нэг эрсдэл болох мал улаан зам дээр нь гарч ирснээр авто осол гарах нөхцөл бүрдэж байна. Замын хажууд хэвтэж байсан мал автомашины дуу, гэрэлд цочин гэнэт зам хөндлөн гараад ирж байгаа юм. Иймээс хар ялаанаас болж “эморсон” малаас болгоомжилж сэрэмжтэй, тогтуун яваарай.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *