Categories
мэдээ цаг-үе

Б.Жигмэддорж: Ажил, амьдралынхаа хэрэгцээнд унадаг энгийн автомашинаар дрифт хийж болдоггүй


Дүнжингарав-ын зүүн урд замд өнгөрсөн сарын 29-ний шөнө залуус уралдаж, дрифт хийж байгаад осолдов

Залуус шөнө оройн цагаар гудамж талбайд авто уралдаан зохион байгуулах, дрифт хийх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, цаашлаад осол гаргаж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарч байгаа билээ. Энэ талаар Монголын мэргэжлийн спорт, автомашины холбооны гүйцэтгэх захирал Б.Жигмэддоржтой ярилцлаа.


-Өсвөр үеийнхэн, залуус шөнө оройн цагаар авто уралдаан зохион байгуулах, дрифт хийх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, мөн осол гаргах эрсдэлийг бий болгож байна. Саяхан дрифт хийж байгаад авто осол гаргаж, гурван залуу амь насаа алдлаа. Ер нь энэ спортын тухайд тодруулахгүй юу?

-Дрифт нь зориулалтын зам талбай дээр тусгай тоноглолтой, аюулгүй байдлаа бүрэн хангасны үндсэн дээр автомашиныг чигээр нь бус хөндлөнгөөр шарвуулж хоорондоо өрсөлдөх спортын шинэ төрөл юм. Дэлхийд сүүлийн 20 шахам жилд маш хурдацтай хөгжиж байгаа. Монголд хөгжөөд 12-13 жил болж байна. Энэ хугацаанд залуус уг спортыг сайн мэдэхгүй байсан болохоор нийгэмд буруу ташаа, сөрөг ойлголт үүсгээд байна. Саяхан “Субару”-тай залуус авто осол гаргасан харамсалтай хэрэг гарлаа. Энэ нь дрифт хийдэг автомашин биш юм. Мөн шулуун зам дээр дрифт хийнэ гэсэн ойлголт байхгүй. Уралдаж, хурд хэтрүүлж яваад ийм харамсалтай хэрэг гарсан байсан. Ойлголтын зөрүүтэй байгаа учир нийт иргэд маань үүнийг дрифт хийдэг залуус осол гаргалаа гэж байна. Гэтэл бодит байдал дээр анхлан суралцагч, автомашин аваад удаагүй, хурд хүчтэй машин анх удаа унаж үзэж байгаа залуус шөнө оройн цагаар хоорондоо уралдаж осол гаргах, мөргөлдөх, шүргэлцэх асуудал олон гарч байна. Манай холбоо “Mongol 63 circus”-ыг 2018 онд ашиглалтад оруулсан. Энэ бол дрифтийн аюулгүй байдлыг бүрэн хангасан зам юм. Яг дрифтээр хичээллэж байгаа 100 гаруй тамирчин бий. Ер нь автомашины хүч нэмэх, аюулгүй байдлыг хангах тоноглолууд тус тусдаа байна. Энэ үүднээс манайх Дэлхийн автомашины холбооноос гаргасан стандартын дагуу тамирчдад шаардлага тавьж, тэдгээрийг хангасан тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулж автомашиныг шарвуулах үзүүлбэрээр уралдуулдаг.

Хотын гудамж, талбайд дрифт хийж байгаа залууст хандаж хэлэхэд энэ зүй бус үйлдлээ больж, зориулалтын талбай дээр нь очиж спортынх нь чиглэлээр хөгжүүлээд явбал нийгэм дэх сөрөг ойлголтыг засаж чадна. Нөгөө талаас өөрсдийн ур чадвараа нэмэгдүүлж тамирчин болох боломжтой.

-Залуус авто уралдааны тухай кино их үзэж, улмаар даган дуурайх явдал түгээмэл байна. Гэтэл зүгээр нэг жолоо мушгих, мэргэжлийн түвшинд дрифт хийх ур чадвар эзэмших хоёр нь өөр ойлголт гэдгийг ойлгохгүй байх шиг?

-Спорт машин дотроо маш олон төрөлтэй. Бидний хөгжүүлээд байгаа дрифт маань спорт машин дотроо арай өөр тоноглолтой. Аюулгүй байдлыг сайн хангана. Хөдөлгүүр, хурдны хайрцагт нэмэлт тоноглолууд хийж, хүчитгэнэ. Кинон дээр гарч байгаа уралдаан, дрифтүүд тусдаа бэлтгэгдсэн, өчнөөн олон жил хичээллэж байгаа тамирчдын үзүүлбэр юм. Энэ спортоор удаан хичээллээд ирэхээр машинаа мэдэрч эхэлнэ. Үүний дараа ийм орчинд, ийм үзүүлбэр үзүүлмээр байна гэсэн тусгай захиалгын дагуу өөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, орчин нөхцөлийг сайн бэлдсэний үндсэн дээр хийж байгаа юм. Гэтэл үүнийг залуус маань бодит амьдрал дээр дрифтлээд байгаа мэтээр ойлгоод байх шиг байна. Жолооны курс төгсөөд машин хөдөлгөөд сурчихдаг. Хөдөлгөөд сурчихлаа гэдэг нь дрифт хийж, уралдаад сурчихлаа гэсэн үг биш. Уралдаж, дрифт хийж сурна гэдэг тухайн автомашиныг өөрийн мэдрэмж дээрээ тулгуурлан бүрэн эзэмшиж байна гэсэн үг. Тэр мэдлэг, дадлыг эзэмшүүлэх сургалтыг манайд хийдэг. Анхлан суралцаж байгаа залуус машинаа гартаа оруулахын тулд зориулалтын зам талбай дээр олон цагийн бэлтгэлийг хийж байж дараа нь багшгүйгээр дрифтэлж эхэлнэ.

-Мөн залуусын хувьд найзууд, найз охиндоо гоё харагдах, мөн чамирхах, гайхуулах зорилгоор шөнө оройн цагаар уралдах явдал түгээмэл байна. Дүнжингарав-ын зүүн урд зам, Хүннү-2222 хороолол зэрэг замуудаар шөнө орой хөдөлгөөн татарсны дараа уралддаг. Энэ нь ихээхэн эрсдэл дагуулж байна?

-Жишээ нь “Субару” шороон зам дээр давхидаг машин. Монголд энэ чиглэлээр хөгжөөд явж байна. Хоёрдугаарт, шулуун замын уралдаан байдаг. Энэ нь асфальтан зам дээр уралддаг. Гэхдээ Монголд уг уралдааны зориулалтын зам талбай байхгүйн улмаас зарим залуус шөнө оройн цагаар хоорондоо уралдаж бие биенээ гэмтээж, осол гаргаж амь насаа хохироож байна. Гуравдугаарт дрифт. Энэ нь жолоочоос маш их ур чадвар, самбаачлах хугацаа шаарддаг. Ер нь авто спорт дотор хамгийн өндөр мэдрэмжийг шаардсан спорт юм. Дөрөвдүгээрт, автомашиныг харагдах байдал талаас нь гоё болгож тоноглодог. Намхан болгох, салон болон хөгжмийн тоноглолууд гэх зэргээр тусдаа байна.

Шөнө оройн цагаар замын хөдөлгөөн багассан хойно кинон дээр гарч байгаа үзүүлбэрүүдийг хийх, эсвэл эдэлж байгаа автомашиныхаа хурд хүчийг сорих үйлдлийг их гаргаж байна. Гэхдээ тэнд мэргэжлийн тамирчид ерөөсөө байдаггүй. Анхлан суралцаж байгаа, эсвэл хүчтэй автомашин унаж хэрэглэж буй хүмүүс хоорондоо уралдаж байна. Үүнийг манайхан болих хэрэгтэй. Хоёрдугаарт, сүүлд гарсан ослоос болж нийтээрээ цочрол авлаа. Том сургамж болж байна. Зориулалтын замгүй газар дрифт хийх нь эрсдэлтэй. Дээрээс нь тоноглолоо хийгээгүй бол бүр эрсдэлтэй. Нэмээд аюулгүй байдлаа хангаагүй бол оролдох ч хэрэггүй гэдгийг анхааруулмаар байна. Энэ спортыг сонирхож байгаа бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, сургалт семинаруудад нь суугаад явах хэрэгтэй.

-Энгийн автомашинаар уралдах, дрифт хийх явдал байдаг. Энэ нь боломжтой юу?

-Энгийн машин дрифт хийх ямар ч боломжгүй. Дрифтийн машин хойноо хөтлөгчтэй, механик хурдны хайрцагтай, турбо хөдөлгүүртэй, дотроо аюулгүй байдлыг хангасан стандартын дагуу карказаа хийсэн, мөн жолооч маань аюулгүй байдлаа хангасан хувцас хэрэглэлтэй, автомашин нь ямар ч тохиолдолд жолоочийг хөдөлгөөнгүй байлгахад зориулсан спорт сандал, дөрвөн цэгийн бүстэй байна. Ийм машиныг дрифтэд зориулсан машин гэнэ. Хотын хөдөлгөөнд оролцож, ажил амьдралдаа хэрэглээд явдаг энгийн автомашинуудаар дрифт хийх ямар ч боломжгүй. Хийгээд ч амжилт олохгүй. Хабрид машин бүр ч болохгүй. Яахав автомашинаа харагдах байдлаар нь гоё тоноглож болно. Яг дрифтээр хичээллэдэг тамирчид маань тусдаа нэг машин тоноглоод бэлдчихсэн байдаг. Энэ машинуудаараа тэмцээн уралдаанд оролцох үедээ л гаргадаг. Түүнээс хотын хөдөлгөөнд унаж оролцдоггүй. Унах ч боломж байхгүй.

-Хөрөнгө мөнгөтэй, баян айлын хүүхдүүд авто уралдаан, дрифтийг сонирхож, зугаацаж байна гэдэг?

-Баян айлын хүүхдүүд мөнгөө үрж тоглож байна гэх нийгмийн сөрөг ойлголт байна. Гэтэл энэ маань дэлхийд хурдацтай хөгжиж буй маш том спорт шүү дээ. Саяхан манай хоёр тамирчин ОХУ-д зохиогдсон дэлхийн хамгийн том тэмцээнд оролцоод ирсэн. Мэдээж техникийн спорт учир санхүүгийн нөөц бололцоо шаардана. Гэхдээ бид ажил хөдөлмөрөө хийгээд, ар гэрээ авч яваад, хоббиндоо мөнгө төгрөгөөсөө илүүчлээд явж байгаа залуучууд байдаг. Энэ спортод үнэнч, дуртай хүмүүс юм. Залуус маань буруу үлгэр дуурайлалд битгий автаасай гэж хүсмээр байна.

-Та бүхэн Тээврийн цагдаагийн албатай хамтарч ажилладаг гэсэн. Шөнө оройн цагаар гудамж талбайд уралдаж, дрифт хийж байгаа залуустай уулзаж, шаардлага тавьдаг уу?

-Бид эргүүлээр ажиллаж үзсэн. Манайхны өөрсдийн тамирчид, эсвэл гадны хүн байгаа эсэхийг тандах, хоёрдугаарт таслан зогсоох байдлаар очиж үзсэн. Үүн дээр мэргэжлийн тамирчид оролцдоггүй гэдгийг хариуцлагатай хэлье. Ёстой л 17,18-тай, анх удаа автомашин унасан залуус сонирхлоороо нийлчихсэн давхиж байдаг. Бид Тээврийн цагдаагийн албанд дуудлага өгч, хууль бус уралдааныг таслан зогсоож өгөхийг хүсдэг. Нөгөө талаас манай холбоонд харьяалагдаж байгаа тамирчид байвал бид энэ хүмүүсийг гишүүнчлэлээсээ хасах, тэмцээн уралдаанд оролцохгүй байх хүртэл арга хэмжээнүүдийг авах болно. Дээрээс нь олон нийтийн сүлжээгээр мэдээлэл хүргэлт маш сайн болчихсон. Энэ сувгуудыг ашиглаад бусдыгаа ийм үйлдэл гаргуулахгүй байхад уриалан дуудах, таслан зогсоохыг хүсдэг.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *