Categories
мэдээ улс-төр

Ард нийтээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэхийг асууна

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-н бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг зургаан сараас хойш хэлэлцлээ. УИХ-аар Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууслаа. УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэж хэлэлцсэн. Хоёрдугаар хэлэлцүүлэг сар орчим явагдлаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн онцлог бол ирц өндөр байх ёстой. Зарчмын зөрүүтэй саналуудыг 57 гишүүн дэмжиж байж дэмжигдэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос 60 зүйлийг оруулсан. Үүнээс 34 зүйл хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох уу, Ард нийтийн санал асуулга авах уу гэдгээр олонхийн бүлэг хуралдсан. Ирц сайн байсан. Бүлгийн гишүүд ард нийтээс санал асуулга авахаар болсон. Өөрөөр хэлбэл, 1945 оноос хойш анх удаа ард нийтээс санал авах гэж байна. Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг ард нийт шийдэх эрхийг нь өгч байна. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ард нийтээс санал асуулга авах хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд хүнд шалгууртай, хүнд асуудал байдаг юм байна. УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн 53 заалтад өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Үүнээс найман заалт огт хөндөгдөөгүй. Бусдыг нь хэлэлцэхээр болсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гол гол асуудлыг танилцуулахад Монгол Улсын тусгаар тогтнолыг бүрэн баталгаажсан өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга авахыг хориглосон заалт оруулахыг олонх дэмжсэн. Мөн байгалийн баялгийн асуудлаар, төрийн нийтийн зориулалттай өмчийн асуудлыг ард нийтээс асуух зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж өгч байгаа. Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого орхигдсон байсан. Тиймээс Монгол Улсдаа тусгаж өгөөд ямар ч улс төрийн хүчин хэрэгжүүлдэг байх асуудлыг Үндсэн хуульд оруулсан. Мөн нутгийн удирдлагатай холбоотой, төвлөрлийг сааруулах асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр яригдсан. Дархан-Эрдэнэтийг хот болгох 21 аймгийг хот болгох асуудлыг шийдэх боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нээж өгч байгаа. Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд давхар дээлтэй байх, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох заалт оруулж ирж байгаа. Мөн УИХ-аар хууль батлахдаа 39 гишүүнээс дээш хүн санал өгч батлах өөрчлөлтийг оруулж өгсөн. Төсвийн хариуцлагатай байдал орж ирсэн. Жалга довоор хуваах, төслийн зарлагыг өргөн мэдүүлснээс өөрчлөх асуудлыг оруулж ирсэн. Шүүх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлтийг оруулж өгч байгаа хэмээн мэдээлээв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх асуудлыг УИХ-аар дэмжээгүй унасан бэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Уг нь 62 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх асуудлыг өргөн барьсан. Мөн Ерөнхий сайдтайгаа зэрэгцсэн том сайд, УИХ-ын гишүүдийн сайд нарын томилгоонд оролцох асуудал цөөн гишүүдийн саналаар унасан.

-Ард нийтээс ямар санал асуух вэ?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Ард нийтээс ганцхан санал асууна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү, үгүй юу гэсэн ганц асуудлаар санал авна. Хугацааны хувьд хэлэлцэж тогтоогүй байна. Зардлын хувьд гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах хэмжээний зардал гарна.

-Ард түмэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй байвал дэмий зардал гарахгүй гэсэн баталгаа байна уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Үндсэн хуулийг хууль батлах, хэлэлцэх эрх нь өнөөгийн парламентад байгаа. Ард нийтээс Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэдгээр нэг санал асуучихад зүгээр. Хэдийгээр МАН 64 суудалтай ч гэсэн Үндсэн хуулийг өөрчлөхөд 57 гишүүн саналаар шийдэгдэнэ гэдэг асар өндөр хариуцлага.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр хийхгүй бол хуулиараа найман жил гарч хүрч болдоггүй. Дээр нь нэг нам үнэмлэхүй олонх болох боломж ойрын хугацаанд гарч ирэхгүй байж мэднэ. Ерөнхийлөгчийн санал болгосон УИХ-ын гишүүний тоог 108 болгохыг зөвшилцах ажлыг хэсэг 99 болгож оруулж ирсэн. Гэвч 57 гишүүний босго давалгүй унасан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 57 гишүүний санал авна гэдэг их өндөр босго юм байна. Тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарсан өөрчлөлт болж байна. Үүнийгээ ард нийтээр дэмжүүлж чадахгүй бол ахиад 8 жил алдана. Мөн ойрын 10, 20 жилд 57-гоос дээш суудалтай нам УИХ-д гарч ирэх үү гэдэг эргэлзээтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *