Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкчууд лав аварга болохгүй бололтой

Сагсан бөмбөгийн ДАШТ таван жил завсарласны эцэст анх удаа 32 багийн бүрэлдэхүүнтэй 19 дэх удаагийнхаа тэмцээнийг Хятад улсын найман хотод зохион байгуулж эхэлснээс хойш хэсэг хугацаа өнгөрлөө. Энэ удаагийн ДАШТ юугаараа онцлог вэ, жаахан баримт сэлт бичье. Өнгөрөгч ДАШТ Испани улсад зохиогдсоноос хойш анх удаагаа ийм удаан хугацаа буюу таван жил завсарлалаа. Бас урьд нь 24 улсын шигшээ баг оролцдог байсныг өргөтгөн 32 болгосон байгаа. Хамгийн “том” мэдээ нь гэвэл Америкаас дрийм тим ирээгүй. Урьд жилүүдэд яадаг байлаа. ДАШТ-д ирж буй багууд зөвхөн мөнгөн медалийг хэн хүртэх вэ гэж л тэмцдэг байлаа шүү дээ. Учир нь НБА-гийн одуудаас бүрдсэн Америкийн шигшээ багт бараг л тэмцээн эхлэхээс өмнө алтан медалийг нь хүзүүдүүлчих шахдаг байв. Ирвинг, Леброн, Кавай, Карри, Харден зэрэг нь ДАШТ-д оролцсонд орвол амралтаа сунгаад ээлжит улирлын тэмцээндээ бэлдэхийг илүү тооцлоо. Хятад улсыг зорьсон баг яавч мөрөөдлийн баг биш. Гэхдээ л НБА-даа гайгүйд тоглодог залуучуудаас бүрдсэн тул аварга болох багуудын эгнээнд багталгүй яахав. Туркийн шигшээ багийн эсрэг тоглож буйг анзаарах нь ээ тэд хэцүү л харагдаж байна лээ. Туркүүд л өөрсдөө алтан боломжоо дараалан алдаж хожигдсон болохоос америкчууд чадлаараа хожсон гэж хэлэхээргүй л тоглолт харагдсан. Гэтэл энэ зөвхөн хэсгийн тоглолт. Цаана нь Серб, Испани, Грек, Литва, Франц гээд гар нийлээд олон жил тоглочихсон багууд нижгээд зогсож л байна. Товчхондоо Америкийн шигшээ баг “яавний” аварга баг биш гэдэг ДАШТ өмнө минь байна.

19 дэх удаагаа зохиогдож байгаа сагсан бөмбөгийн ДАШТ нь есдүгээр сарын 01-нээс есдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд дотроо гурван шатлалтайгаар зохиогдох дүрэмтэй юм билээ. Одоо 32 баг маань дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдсан байгаа, хоорондоо нэг, нэг удаа халз тоглосны дараа шилдэг хоёр баг нь хэсгээсээ шалгарна. Ингэж шалгарсан 16 баг нь дахин дөрөв дөрвөөрөө дөрвөн хэсэгт хуваагдаад бас халз тоглоно. Мөн л хэсгээсээ шилдэг хоёр нь шалгарч оноолтоор хасагдах шатлалтай тоглосоор аваргаа шалгаруулна гэж байгаа. Энэ ДАШТ-ээс дараа жилийн олимпийн тэмцээнд оролцох эрхийг олгох тул тун хариуцлагатай наадах ёстой болчихоод буйг баг болгоны удирдлагууд онцолно билээ.

Америкчууд шилдэгүүдээ авчраагүй юм бол өөр хэнийг харах вэ гэж бодож байна уу. Харж баясаж, дэмжиж ухайлах сагсан бөмбөгчид зөндөө бий. Өнгөрөгч НБА-гийн улирлын MYP Яннис Адетокунбо хэмээх эртний баатруудын амьд хувилбар лугаа биетэй грек залуу багаа яаж асаах нь вэ гэдгийг харж болж байна, хэдийгээр хэсэгтээ бразилчуудад хожигдсон ч гэлээ. Сербүүдийг дэмжээрэй. Тун хүчтэй багтай ирсэн шүү. Хойд Америкийн лигт дээгүүр тоглодог Йокич хэмээх ухаалаг залууд хань болох бөөн одууд байгаа. Испаничууд угийн шилдэгт багтдаг бас Рубио, Газоль, Фернандес гээд бүх шилдэгүүдээ авчирч чадсан. Цаана нь Бразил, Аргентин, Итали гээд сонирхолтой багууд зөндөө байна. За тэгээд ДАШТ дөнгөж л эхэлж байна даа, удахгүй плей оффын багууд шалгараад эхлэхээр зөндөө сонирхолтой үйл явдал өрнөх нь дамжиггүй.

Д.БАТ-ЭРДЭНЭ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *