Categories
мэдээ нийгэм

Н.Энхболд: Уул уурхайтай адил генетик нөөцийн ашиглалтаас монголчууд бид ашиг олохын тулд хууль эрхзүйн орчин байх шаардлагатай байна

ХААИС-ын Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭШ-ий тэргүүлэх ажилтан, ХАА-н академийн гишүүн Н.Энхболдтой ярилцлаа


-Нүүдлийн мал аж ахуйд суурилсан амьдралын хэв маяг , ахуй байдал нөгөө талаасаа байгалийн нөөц баялаг зэрэг онцлог байдлын улмаас Монголчуудыг асар их уламжлалт мэдлэг тээж ирсэн ард түмэн гэх нь бий. Салбарын эрдэмтэн хүний хувьд та юу гэж бодож байна?

-Манай ХАА-н салбарын тухайд авч үзвэл үеэс үед уламжилж ирсэн асар их уламжлалт мэдлэг байна. Зөвхөн цайтай холбоотой 30 гаруй, хөнгөн үйлдвэрийн 16, малын тэжээл бэлтгэх 52 ,бусад мал,амьтны гаралтай 60 гаруй бүтээгдэхүүн хийх арга гэх мэтчилэнгийн маш олон мэдлэг байна. Энэ болгонтой холбоотой бичил биетнүүдийг ялгаад омгоор батлуулаад явж байгаа миний мэдэх 20 гаруй бүтээгдэхүүн бий. Өнгөрсөнөөс өнөөдрийг хүртэл эдгээр уламжлалт мэдлэгийг ШУ-ны мэдлэг болгосоор ирлээ.

Уламжлалт мэдлэг, мөн түүнд суурилсан шинжлэх ухааны мэдлэгийг эргэлтэд оруулсан улс орнууд илүү хөгжөөд байна гэх юм?

-Үнэхээр тийм.Дэлхий даяар хэрэглэж байгаа хавдрын эмчилгээний батлагдсан эмийн 60 орчим хувь нь эмийн ургамлын генетик нөөцөөс,үүнд манай олон эмийн ургамал орж байна. Монголчуудын олон зуун жилийн туршид үеэс үед уламжлуулж ирсэн уламжлалт мэдлэг болон эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнд бий болсон ШУ-ы мэдлэгийг эргэлтэнд оруулж ашиг хүртэх зайлшгүй шаардлагатай байна. Ингэх асар их боломж бий. Уул уурхайтай адил генетик нөөцийн ашиглалтаас Монголчууд бид ашиг олох ёстой. Энэний тулд хууль эрхзүйн орчин байх шаардлагатай байгаа юм.

-Генетик нөөцийн тухай хуультай болох хэрэгцээ шаардлагыг та юу гэж тодорхойлох вэ?

-Монгол Улс Генетик нөөцийн тухай хуультай болох гээд маш олон удаа хэлэлцэж байна. Энэ хууль бол зайлшгүй гарах шаардлагатай хууль. Цаг хугацааны хувьд оройтож байна. Манай улс 1992 онд Шинэ үндсэн хуулиа батлаад,Монгол Улсын Их Хурлаас 1993 онд Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенц ,2012 онд Генетик нөөцийн үр шимийг тэгш хүртэх тухай Нагояагийн протоколыг соёрхон баталсанаар энэ чиглэлээр ОУ-ын өмнө үүрэг хүлээсэн. Үүний дараа л хүлээсэн үүргээ биелүүлж Генетик нөөцийг хамгаалах хуулиа гаргах ёстой байсан.

Монгол орны байгалийн баялаг, амьтан ургамал,ус, хөрс, агаар түүнд байгаа бичил биетний бүхий л генетик нөөцийг хамгаалах үүрэг нь төрд бий. Манай улсад 500 гаруй хууль, 200 гаруй олон улсын конвенц, тэдгээрийг дагасан 2000 гаруй хууль эрхзүйн баримт бичиг байдаг. Гэтэл энэ 500 гаруй хууль дунд генетик нөөцийг хамгаалах санаа нэг ч байхгүй. 2017 онд батлагдсан Малын генетик нөөцийн тухай салбарын хууль л байна. Генетик нөөцийн тухай хууль гарсны дараа салбарын хууль гарах байсан юм. Гэвч салбарын хууль нь түрүүлээд гарчихсан. Тиймээс одоо суурь хууль зайлшгүй шаардлагатай байна.

-Танай хөдөө аж ахуйн салбарын хувьд харин генетик нөөцийн талаархи эрхзүйн орчин нь бүрдсэн юм биш үү?

-Генетик нөөцтэй холбоотой эрхзүйн зохицуулалтын хувьд гэвэл 2017 онд Малын Генетик нөөцийн тухай хууль батлагдан хэрэгжиж байна. Энэ хууль 5 хошуу мал болон зарим тэжээвэр амьтан, түүний 50 гаруй үүлдэр, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэг гээд маш бага хүрээг хамарч байна. Энэнээс бусад мал аж ахуйн генетик нөөц, түүнтэй уламжлалт мэдлэг хамаарахгүй, хуулиар зохицуулагдахгүй байна. Түүнчлэн, 64 ургамлын гентик нөөцийн ашиглалт хамгаалалтыг зохицуулж буй “Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-нд манай улс 2018 онд нэгдэн орсон. Гэтэл манай улсад эдгээр 64 тарималд хамаарахгүй 20 гаруй сорт, мөн гаднаас орж ирээд манайд нутагшаад байгаа 200 гаруй сорт байна. Эдгээрийг гадаадад гарган түүнээс ашиг хүртэхийн тулд Генетик нөөцийн тухай хууль хэрэгтэй байгаа юм.

О.НЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *