Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх саналыг дэмжсэнгүй

УИХ дахь МАН-ын бүлэг “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн саналыг дэмжлээ.

С.Бямбацогт нарын гишүүдийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг дэмжив. Энэ санал гишүүдийн дунд маргаан дагуулж байсан юм. Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд одоогийн Үндсэн хуульд заасан заалтыг хэвээр хадгалах буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж оруулж ирсэн бол Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлд “нийтийн өмч” байхаар тусгасан. Тиймээс гишүүд “төрийн, нийтийн” гэсэн хувилбарыг оруулж ирж дэмжүүллээ.

Д.Эрдэнэбат гишүүний гаргасан “УИХ нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно” гэсэн санал дэмжигдээгүй. Харин гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын ” УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн саналыг гишүүд дэмжсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *