Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 13-нд Улаанбаатар хотын 25 байршилд газар эзэмшүүлж ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулах гэж байна.
Нийслэлийн Засаг даргын “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2019 оны А/854 дүгээр захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа энэ есдүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдах тул дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ есдүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 13-ны өдрийн 09:00 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх талаар мэдээллээ.
Дуудлага худалдааны үнийн саналыг есдүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж 16 цаг 00 минут 00 секунд хүртэл авах нь. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 16 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулах аж.
17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэх юм байна.
Дуудлага худалдаагаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ар шижирийн аманд хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн гэр хороолол дахь орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Рашаант өртөөний зүүн талын газар, Баруун турууны давааны орчим газрыг тус бүр аж ахуйн зориулалтаар, Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гандан уулын урд талын газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар худалдах юм.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт Газрын биржийн цахим төвийг нээсэн. Уг төвөөр дамжуулан газрын дуудлага худалдааг цахимаар болон гар утсаар явуулах боломжтой болсон юм.