Нийгмийн даатгалын Ерөнхий газар даатгалын шинэчлэлийн хүрээнд архивын цаасан бичиг баримтуудаа цахимжуулж эхэлжээ. Одоогийн байдлаар Сонгинохайрхан, Багахангай, Налайх дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсийн архив цахим системд бүрэн шилжсэн байна. Цаашид 21 аймаг 9 дүүргийн баримт бичгийг цахим бүртгэлд бүрэн шилжүүлэх аж.
Ингэснээр даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэхээс гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх нөхцөл бүрдэх юм.
Тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгохын тулд өмнө нь иргэд аймаг, дүүргийн хэлтэс хооронд архивын материалаа өөрсдөө хөөцөлдөн бүрдүүлдэг байсныг шинэчилж, хэлтэс хоорондоо даатгуулагчийн өмнөөс мэдээлэл солилцдог болжээ. Архивын баримт ийнхүү бүрэн цахимжвал энэ ажил улам хялбарших юм.