Categories
мэдээ цаг-үе

Б.Содмягмар: ДАШТ-д хамтлаг, хосын төрөлд оролцох болсон нь манайдаа анхных болж байна


“Master Dance” бүжгийн клубыг үүсгэн байгуулагч, бүжигчин Б.Содмягмартай ярилцлаа.


-“Master Dance” хамтлагийнхан маань тун удахгүй ДАШТ-д явахаар болсон тухай баяртай мэдээ сонслоо. Танай хамтлагийн хувьд анх удаагаа дэлхийн аваргад өрсөлдөх гэж байгаа байх аа?

-Өнгөрсөн 10-ны өдөр болсон стандарт хамтлагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд манай хамтлаг хоёрдугаар байрт шалгарснаар ДАШТ-д оролцох эрхээ авч, бэлтгэлээ улам эрчимжүүлээд явж байна. Ирэх сарын 7-нд Москва хотноо ДАШТ болох учраас бүх зүйл маш тулгуу л байна. Бидний хувьд байгуулагдаад удаагүй, ердөө нэг жил болж байгаа гэхэд дэлхийн аваргад улсаа төлөөлөн оролцох болсондоо маш баяртай байгаа. Өнгөрсөн зургадугаар сард хотын аварга болж, сая улсын аваргын тэмцээнд амжилт үзүүлж явах болсон нь манай хамтлагийн хувьд том боломж, том амжилт. Тиймээс бид юу чаддагаа хичээнгүйлэн харуулах хүсэлтэй байна. “Master Dance” клубын маань дэргэд стандарт болоод латин бүжгийн хамтлаг байгуулагдаад жил болсон ч ДАШТ-д орох болсон нь том амжилт. Монголчууд маань 2010 оноос эхлэн бүжгийн спортоор ДАШТ-д оролцох болж, “Хатантуул”, “Улаансарнай” хамтлагууд оролцож ирсэн байдаг.

-Өөрөө хамтлагаараа стандарт бүжгээр ДАШТ-д оролцохоос гадна латин бүжгийн төрөлд хосын төрлөөр оролцох гэж байгаа гэж дуулсан. Ер нь манайх хосын төрөлд тэр дундаа латин бүжгээр анх удаа орох гэж байгаа байх шүү?

-Латин бүжгийн хосын төрөлд өнгөрсөн жил аварга болж, өнөө жил дэд байрт орсон амжилт маань Г.Энхжин бид хоёрыг ДАШТ-д хосын төрөлд оролцох боломжийг олгож байна. Ер нь хамтлаг, хосын төрөлд зэрэгцэж дэлхийн аваргад өрсөлдөх тохиолдол манайдаа анхных ер нь ч ховорт тооцогдох байх аа. Тэр дундаа стандарт бас латин төрөлд зэрэг орох. Тиймээс миний хамтрагч, бид хоёр ихэд хичээж байгаа. Манай хамтлагийнхан өөрсдийгөө хөгжүүлэх гэж байнга олон улсын мэргэжилтнүүдийн хичээлийг авдаг. Өнгөрсөн зургадугаар сард гэхэд Орос явж дэлхийд ранкаараа гуравт ордог бүжигчний сургалтад хамрагдаж байсан. Энэ бүх олж дуулсан, сурч мэдсэн маань бидэнд хэрэг болно гэдэгт итгэж байна.

-Ингэхэд “Master Dance” клуб маань хэзээ байгуулагдсан бэ?

-“Master Dance” клубээ байгуулаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Байгуулагдаад гурван жил болж байгаа ч хүүхдүүд маань тогтмол өндөр амжилт үзүүлдэг, хүүхэд, өсвөр нас, насанд хүрэгчдийн олон аваргуудыг төрүүлж, нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн клуб болжээ. Анх хоёр жилийн өмнө Малайзад болсон олон улсын тэмцээнд Монголоос анх удаа оролцож байлаа. Тэр үед бусад орны тамирчид Монголоос ирж оролцож байна гэхэд ихэд гайхаж байсан. Хүүхэд нас болон өсвөр насны ангилалд найман хүний бүрэлдэхүүнтэй оролцож 11 төрөлд өрсөлдөөд есөн төрөлд нь байр эзлээд ирсэн. Өнгөрсөн жил Сингапурт болсон дэлхийн газар газраас шилдэг тамирчид ирж ордог “World Super Star” хэмээх олон улсын тэмцээнд хүүхэд нас, өсвөр насны тамирчид маань хоёр гуравдугаар байрт орсон гэх мэтээр олон улсын тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож ирсэн. Харин одоо ДАШТ-д бид насанд хүрэгчдийн стандарт бүжгийн хамтлагаараа оролцох гэж байна.

-Бүгд мэргэжлийн бүжигчин болохгүй ч бүжгийн спортоор хүүхэд багачуудыг хичээлүүлж, урлагийн мэдрэмжтэй болгоно гэдэг том ажил санагддаг. Ер нь танайхаар дамжиж хэр олон хүүхэд бүжгийн спорттой танилцсан бэ?

-Өнгөрсөн хугацаанд манайх 1000 гаруй хүүхэд залуусыг төгсгөснөөс яг тэмцээний ангийн чадварлаг тамирчид гэвэл 500-600 гаруй хүүхэд байна. Одоо манай клуб дээр тэмцээний ангийн 100 гаруй тамирчин тэмцээн уралдаанд тогтмол оролцоод явж байна. Хүүхэд нас, өсвөр наснаас гадна залуу нас, насанд хүрэгчид, ахмад насанд хүмүүс хичээллэж байна.

-Бүжгийн спортоор хэдэн наснаас эхэлж хичээллэж болох вэ?

-Ер нь дөрвөн наснаас элсэлт авдаг. Манайд одоо дөрвөн настай хүүхэд суралцдаг. Бид анхан шат, ахисан шат, тэмцээний анги гэсэн гурван үе шаттай элсэлтээ авдаг. Манайд бүх насны ангилалд тамирчид бэлтгэгдэж байна. Бүр сениор насны ч тамирчидтай. 30-35, 40-өөс дээш, 60-аас дээш насны тамирчид ч хичээллэдэг.

-“Master Dance” клуб маань сүүлийн хоёр ч жил шилдэг клубээр шалгарсан санагдаж байна. Гэтэл үнэндээ байгуулагдаад удаагүй юм байна. Манайд байгаа тэр олон бүжгийн клубуудээс шилдгээр тодорно гэдэг амаргүй биз дээ?

-Бүжгийн спортын холбоонд харьяалалтай маш олон клуб бий. Монголын бүжгийн спортын холбоо 2000 оноос хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Улаанбаатар хотод л гэхэд арваад клуб байна. Хөдөө орон нутаг аймаг болгонд харьяалалтай клубүүд бий. Манай бүжгийн спортын холбооны тэмцээн уралдаан маш өргөн цар хүрээнд болдог. 1000 гаруй тамирчин тэмцээнд тогтмол оролцож, жил ирэх тусам ур чадвар нь нэмэгдэж өрсөлдөөн маш өндөр байдаг. Сардаа 1-2 удаа тэмцээн болдог учраас бүжигчдийн, клубын ур чадвар маш хурдтай өсөн дэвждэг гэж болно. Тэр өрсөлдөөн дундаа бид илүү чадавхижиж, илүү өсч дэвжсээр ирсэн.

-Манайд байгаа спортын олон холбоод дундаас танай бүжгийн спортын холбоо нэлээд дэгтэй, үйл ажиллагаа нь нягт нямбай явагддаг шиг анзаарагддаг…

-Монголын бүжгийн спортын холбоонд клубууд маань харьяалагддаг. Манайхан дүрэм журмаа сайн биелүүлдэг идэвхитэй гишүүдтэй сайн холбоо гэдэг нь үнэн шүү. Багш нар маань холбооныхоо багш дасгалжуулагчийн сургалтад сууж байж багшлах эрхийн лицензээ авна. Мөн клубууд маань спортын холбоондоо татвараа төлөөд үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Монголын бүжгийн спортын холбоо нь дэлхийн бүжгийн спортын холбоонд харьяалагддаг. Дэлхийн бүжгийн спортын холбооны тэмцээн уралдаанд орохын тулд эхлээд Монголын бүжгийн спортын холбооныхоо тэмцээн уралдаанд орж эрхээ авдаг.

-Өөрийг тань “Ододтой хамт бүжиглэе” шоун дээр загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнгийн хос болж байснаар олон хүн таних болсон. Ер нь бүжгийн спортоор хэр удаан хичээллэж байна вэ?

-Би бүжгийн спортоор хорь дахь жилдээ хичээллэж байна. Тэр шоу нэвтрүүлэг яг арван жилийн өмнө болж байжээ. Би тэмцээнд оролцогчдоос хамгийн бага нь буюу 16 настай байсан. Бүжигчний хувьд туршлагатай ч энэ шоу нэвтрүүлэг миний хувьд олон шинэ зүйлийг нээж өгсөн. Камерт аль талаасаа ямар хөдөлгөөн хийвэл илүү сайхан харагддаг гээд. Бүжгийн тэмцээнээс тэс өөр. Тэгэхэд гурван сарын турш үргэлжилсэн тэмцээний бэлтгэл маань өглөөнөөс орой болтол явагддаг байлаа.

-Загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн гайхалтай бүжигчин гэдгээ баталсан. Маш өөрчлөгдсөн. Хамтрагчийн хувьд заах зүйл их байсан биз?

-Би бүжигчний хувьд заах ч хувь хүнийхээ хувьд Пүүжээ эгчээс маш их зүйл сурч авсан. Бараг би илүү шахуулж байсан юм биш үү. Өглөө яг цагтаа ирнэ. Маш шаргуу хөдөлмөрлөдөг тэр хүнээс сурах зүйл их байсан. Тодорхой хугацаанд арван бүжиг сурна гэдэг амаргүй.

-Хорин жил бүжиглэж байна гэлээ. Ийм залуу хүн хэдтэйгээсээ бүжиглэж эхэлсэн гэсэн үг үү?

-Би одоо 26 настай. Зургаан настайдаа анх латин бүжиг, цэнгээнт бүжгээр хичээллэж эхэлсэн. Дарханы “Солонго” хамтлагт П.Фрунз багшдаа анх шавь орж байлаа. Клубээ хамтран байгуулсан Ч.Анхбаяр найзтайгаа тэр үеэс хойш хамт явж байна даа. Дарханыхан бид хоёрыг андахгүй. Анхаа маань стандарт бүжгээр, би латин бүжгээ илүү барьдаг юм. Одоо өөрсдөө бүжигчин бас багшаа хийгээд явж байна. Энэ спортоор хичээллэсэн хугацаанд үзүүлсэн амжилт гэвэл Монгол Улсын найман удаагийн аварга, бүжгийн спортын мастер, Хонгконгт болсон олон улсын тэмцээний дөрвөн төрлийн нэгдүгээр байрт шалгарч байсан.

-“Master Dance” клубийнхээ салбарыг орон нутагт тэр дундаа Дарханд байгуулсны учир юу вэ. Өөрсдөө Дарханых учраас тэр үү?

-Бидний тэнд салбараа нээх болсон шалтгаан түүх их хөөрхөн. Анх гурван жилийн өмнө клубээ хотод нээгээд үйл ажиллагаа явуулж байхад Дарханаас 8-9 насны хүү манай клубт шавь ормоор байна гээд ирсэн. Тэгээд Б.Насанбат маань ажлын өдрүүдэд хичээлдээ суугаад амралтын өдрүүдэд Улаанбаатарт бүжгийн сургалтадаа суудаг байсан. Баасан гаригийн орой галт тэргэнд сууж ирээд, ням гаригт таксидаад буцаж байгаа тэр бяцхан хүү бидний сэтгэлийг хөдөлгөсөн. Эхний ээлжинд ээж, аав нь зөөдөг байсан бол сүүлдээ хүү ганцаараа Улаанбаатар, Дарханы хооронд гурван жил явсан. Тэгж их сэтгэл зүрх гаргасныхаа хариуд өнгөрсөн жил хүүхэд насны ангилалд Монгол Улсын аварга болсон. Олон улсын тэмцээн уралдаанд ч бас түрүүлсэн мундаг тамирчин болсон. Хоёр жилийн өмнө Малайзын олон улсын тэмцээнд дөрвөн төрөлд гэхэд түрүүлсэн хүү дээ. Энэ хүүгийн сэтгэл биднийг орон нутагт салбараа нээхэд хүргэсэн. Тэгээд ч бид өөрсдөө Дарханд анх бас бүжгийн спортод хөл тавьж байсан болохоор уугуул нутагтаа өнгөрсөн гуравдугаар сард салбараа нээсэн. Олон ээж, аавууд бид хоёроор хүүхдүүддээ бүжиг заалгахыг хүсч байгаа сэтгэл, орон нутгийн хүүхдүүдийн сэтгэл биднийг тэнд салбараа нээж, бас байнга өөрсдөө очиж байх урмыг өгдөг. Тэнд салбараа миний олон жилийн хамтран бүжиглэгч Б.Тамир маань хариуцаж, Ч.Анхбаяр бид хоёр амралтын өдрүүдээр ээлжлэн очиж хичээлээ заадаг. Б.Тамираа маань Монгол Улсын аварга мөн олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлж байсан.

-2016 онд танай хамтлаг “Авьяаслаг монголчууд” шоунд орж байсан байх аа. Түүгээрээ бас хүмүүст танигдсан байх. Тэр үеийн түүхээсээ хуваалцахгүй юу.

-Клубээ анх байгуулж, шинэ хүүхдүүдээ элсүүлж аваад нэлээд тулж ажиллаад, Анхаа багш бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт орж байлаа. “Авьяаслаг монголчууд” шоунд орсны учир бүжгийн спортыг олон нийтэд таниулах хүсэлд байлаа. Бид аль болох бүжгийн спортын техникүүдийг харуулах бүжгүүдийг бүжиглэж үзүүлсэн. Тэр тэмцээнд нас насны ангиллаар орсон маань онцлогтой байсан. Хамгийн доод тал нь 7-8 настай хүүхдүүд оролцож байсан. Нийтдээ таван хос арван хүний бүрэлдэхүүнтэй орсон. Бид хагас финальд шалгарч чадсан.

-Бүжгийн партнёр олон хүн байдаггүй байх. Тэгж байн, байн солиод байдаггүй байх шүү…

-Бүжгийн нэг л партнёр байна. Тэгж байн байн солих боломжгүй л дээ. Би Дарханаас хотод ирэхэд миний партнёр Б.Тамир маань тэнд үлдэж, би гурав, дөрвөн жил партнёргүй завсардаж байх жишээтэй. Харин өнгөрсөн хугацаанд клубынхээ өсвөр насны охидуудыг дасгалжуулж бэлдэж байгаад Г.Энхжин гээд шавьтайгаа хамтран бүжиглэх болсон. Манай шавь 16 нас хүрээд залуучуудын ангилал руу орсноор надтай бүжиглэх боломжтой болно. Өөрийнхөө гарын шавиа хамтран бүжиглэгчээ болгоод авчихсан, тэмцээн уралдаанд тогтмол орж байна.

-Залуудаа бүжиглэх хүсэлтэй байсан ч боломж нь олдоогүй хүмүүс нас нь явсан ч бүжиг сурмаар байна гээд ирэх нь байдаг гэж дуулсан. Бусад тийм хүсэлтэй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Бүжгийн спортод насны хязгаар гэж байхгүй. Өндөр настай хүмүүс ч хичээллэх боломжтой байдаг. Манайд л гэхэд 50 гарсан хүмүүс нэг хоёр сарын хугацаанд бүжгийнхээ үндсэн элементийг өөрсдийнхөө хэмжээнд сурч, насныхаа ангиллын тэмцээн уралдаанд орж байгаа. Өөрсдөө ч сэтгэл өндөр байгаа. Тийм болохоор нас явчихлаа, сурахгүй байх гэж өөрийгөө голох хэрэггүй.

-Солгой хоолойтой хүн гэдэг шиг огт бүжгийн эв дүйгүй хүн байдаг уу, насанд хүрэгчид ер нь хэр удаан явж байж зүгширдэг вэ. Хүүхдүүдээс хамаагүй илүү цаг хугацаа шаарддаг уу?

-Бүжгийн спортын маань давуу тал нь бүх зүйл техникийн дагуу байдаг. Бүх гишгэлт бүх алхам, гарны байрлал, толгойны байрлал бүгд техникээр байдаг болохоор анхнаас нь сурахад ямар ч эвсэлгүй хүн байсан ч ялгаагүй сурах боломжтой. Ерөнхийдөө дор хаяж хоёр сар явж байж үндсэн бүх бүжгүүдийнхээ үндсэн хөдөлгөөнийг сурч жигдэрдэг. Хүүхэд ч тэр, насанд хүрсэн хүмүүс ч тэр. Тэгээд гурав дахь сараас эхлээд ахисан шат тэмцээний ангилал руугаа ороод явах боломжтой.

-Нийт хэдэн бүжиг сурах вэ, энэ хугацаанд. Бас танайд гэр бүлийн анги гэж байдаг гэсэн үү?

-Цэнгээнт бүжгийн спортод латин бүжиг, стандарт бүжиг гэсэн хоёр төрөл байдаг. Латин дотроо таван бүжигтэй, стандарт таван бүжигтэй. Энэ бүжгүүдийг бүгдийг нь мэргэжлийн түвшинд сурна гэж ойлгож болно. Мөн гэр бүлийн анги бий. Эхнэр, нөхөр хамтдаа явж болно. Бас хүүхдүүдтэй хамт сурах боломжтой. Гэр бүлээрээ хамтдаа байх цагийг олгож, халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлдэг тун онцгой сургалт гэж тэд маань сэтгэл хангалуун байдаг шүү. Бас байгууллагын сургалт ч бий. Манайх “Хаан банк”-тай гурван жилийн турш салшгүй холбоотой хамтарч ажиллаж байгаа. Зөвхөн “Хаан банк”-ны ажилтнуудаас бүрдсэн бүжгийн хамтлаг бий шүү дээ.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийг Э.Ариунзаяа гэдэг. “Mas­ter Dance” клубыг үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг. Эхнэр маань манай клубын бүх менежмент, тэмцээн уралдаанд орох бүх санааг гаргадаг. Ч.Анхбаяр багш бид хоёр бүжиг тавилт, техник дээрээ ажиллаж, бусад бүх санаа зохион байгуулалт, гадаад харилцаа, арын бүх ажлыг гэргий маань хариуцдаг. Мөн хажуугаар нь “Master Dance” клубынхээ “S Siilen” брэнд гээд бүжгийн хувцасны брэнд гаргаж байгаа. Одоогийн байдлаар бэлтгэлийн хувцас, бэлтгэлийн цамц гаргасан. “Master make up” нүүр будалтын салоноо саяхан нээсэн. Манай клубын бүх тамирчдын тэмцээн уралдааны нүүр будалтыг хийдэг. Бид хоёр хүүхэдтэй. Бага маань гурван настай, том охин маань тавтай. Бид уран бүтээл, ажил гээд явчихаар хүүхэд харах хамгийн том арын ажлыг хадам ээж маань дааж хариуцдаг даа.

-Эхнэр тань бүжиглэдэг үү?

-Үгүй. Гэхдээ бүжигт маш мэдрэмжтэй. Бараг Ч.Анхбаяр бид хоёрт бүжиг тавилт дээр зааж зөвлөдөг шүү. Бид бүжгийн клубээ илүү өргөн цар хүрээнд бүжгээ заачихдаг, хувцсаа хийчихдэг, тэмцээн уралдаанд орохдоо нүүр гоёлоо хийчихдэг цогц том клуб болгон ажиллахаар зорьж, эхнээсээ ч үүндээ хүрээд явж байгаадаа баяртай явдаг.

-ДАШТ-д нь амжилт хүсье. Саяхан мэдээтэй буцаж ирээрэй.

-Баярлалаа та бүхэндээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *