Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин Т.Цэрэнлхүндэвийн охин Ц.Цэцэгээ: Аавын минь бүтээсэн ганц гол дүр нь “Аман хуур” киноны Соном өвгөн


Аман хуур киноны хэсгээс…

Монголчуудын зүрх сэтгэлд “Аман хуур” киноны Соном өвгөний дүрээр мөнхөрсөн жүжигчин Т.Цэрэнлхүндэв гуайн охин Ц.Цэцэгээтэй ярилцлаа.


Ач охин Ц.Цэцэгээ

-“Амар хуур” киноны Соном өвгөнийг монголчууд бид сайн мэднэ. Харин Энэхүү дүрийг бүтээсэн жүжигчин Т.Цэрэнлхүндэв гуайн тухай сайн мэддэггүй. Энэ гайхамшигтай жүжигчин бодит амьдрал дээрээ ямар хүн байсныг дурсахгүй юу?

– Аав маань төрөлхийн авьяастай урлагийн хүн. Анх 15, 16-тайгаасаа эхлэн урлагт хөл тавьсан. Сүхбаатарын нэрэмжит жанжин клуб гэж байхад туслах жүжигчин, туслах найруулагчаар ажиллаж байсан. Ажилчны соёлын ордон, Кабинетийн соёлын орднуудад бас ажилладаг. Аав минь 1961 онд “Гологдсон хүүхэн”, 1963 онд “Аман хуур”, 1963 онд “Нүгэл буян”, 1965 он “Хүний мөр”, 1971 онд “Тэмцэл”, 1971 онд “Тунгалаг тамир-2” киноны гол болон туслах дүрд тоглож байсан.

Нийт есөн кинонд тоглосон байдаг юм. Ихэнх нь туслах дүрүүд. Ганц гол дүр нь “Аман хуур” киноны Соном өвгөний дүр. Аавын минь тоглосон киноны туслах дүрүүдийг хүмүүс маш сайн мэддэг. Туслах дүрийг тэр бүр хүмүүс сайн анзаараад байдаггүй. Харин аавын дүрийг хүмүүс маш сайн мэддэг нь бахархмаар санагддаг юм. Ингэж л хүмүүсийн зүрх сэтгэлд туслах дүрүүдээрээ хоногшиж чадсан хүн дээ.

Бодит байдал дээрээ намхан жижигхэн биетэй, дүрлэгэр том нүдтэй хүн байсан. Хаа явсан газраа хүмүүстэй инээлдэж, хөгжилдөөд явж байдаг сэргэлэн өвгөн байсан сан. Хүмүүс ч гэсэн хаа явсан газар нь киноных нь дүрээр дуудаж, хэлсэн үгийг нь хэлж байдаг. “Гологдсон хүүхэн” кинон дээр “Гэлэн гуай гэх нь битгий хэл гөлөөг гэх ч хүн алга” гэж ярьдаг, “Тэмцэл” кинон дээр Сүхбаатар багадаа айл хөрш байсан саахалтындаа машинтай ирээд явдаг хэсэг дээр жолоочтой нь ярилцаж гардаг шүү дээ. Энэ хэсэг дээр жолоочоос “Энэ нөгөө Чийчаан гэдэг нь мөн үү” гэж асуухад “мөн мөн” гэж хариулахад нь “Ээ хайрхаан, энэ ер нь ямар ухаанаар явдаг байна даа” гэдэг. Харин жолооч нь оньсон хүрдээр хөдөлж байгаа юмаа өвгөн гуай, тос, ус хоёр хийгээд л болоо” гэхэд нь “Өөхөн тос уу, шар тос уу” гэж асуухад нь “Өөхөн тос ч биш, шар тос ч биш, газрын тос оо” гэдэг шүү дээ. Тэгэхэд нь “газрын тос оо, манай энд ч турж үхэх унаа байна даа, манай эндэхийн шорооноос ус ч гарахгүй” гэж хэлдэг. Энэ хооронд жолооч нь цай уух гээд гэр лүү орсон хойно нь “Замбуутив их юм болохоор, тос гардаг шороотой газар байдаг л юм байна” гэж хэлдэг дээ. Энэ үгнүүдээрээ хүмүүстэй хөхрөлдөж тоглож явдаг. Заримдаа энэ үгсээрээ ёгтолж тоглодог хөгжөөнтэй хүн байсан. Аавыг танихгүй хүн ч бараг байхгүй. Ямар нэгэн ажил төрөл бүтээх болохоороо давхиж ороод л “Чи намайг таньж байна уу, би “Аман хуур”-ын Соном өвгөн байна шүү дээ” гээд л ажлаа бүтээчихээд гараад ирдэг байсан. Намайг сургуульд оруулах хэрэгтэй болов оо. Аль болох л шинэ сайхан сургуульд оруулчих гэж үзнэ. Хариуцаж байгаа хүн дээр нь очоод л “Би нөгөө “Аман хуур”-ын Соном байна. Ах нь одоо ингээд л явж байна шүү дээ” гэхэд нь “Өө тийм байна шүү дээ”. Та л мэддэг шүү дээ гэх жишээний киноных нь хэсгээс ярилцаад, хүмүүс найрсагаар хүлээж аваад инээлдэж хөхрөлдөөд л ажил төрлөө бүтээчихээд гараад ирдэг байлаа.

Манай аав урлагийн хүн болохоор их тансаг хүн байсан. Нарийн нандин зүйлс ууж иднэ. Энэ нарийн нандин зүйлийг сэргэлэнтээд “Соном өвгөн нь байна аа” гээд л их дэлгүүр хавиар явж байгаад олоод ирдэг. (инээв)

Ер нь өмсөж зүүх, эдэлж хэрэглэх зүйлс дээрээ нарийн нандин ханддаг хүн байлаа. Тийм болохоороо ч нүүрэндээ тос түрхдэг. Хөгшрөн хөгширтлөө тос түрхэж нүүрээ арчилсан. Урлагийн хүн гэдэг чинь урлагийн л хүн байдаг юм билээ. Надад ч гэсэн тос түрх гээд л авчираад тавьчихдаг. Бас ном их унших дуртай байсан. УИД-ийн хажуу талын номын дэлгүүрээс шинэ гарсан ямар ном байна гээд авч уншдаг. Намайг дагуулаад бүх музей, цирк, урлаг соёлын үзвэр үйлчилгээнд их дагуулж явдаг байсан юм.

Аав өөрөө дуулж бүжиглэдэг байсан гэж ярьдаг л даа. “Учиртай гурван толгой” жүжгийн гурван зарцын дүрд дуулж тоглодог байсан гэдэг. Би аавыг “та нэг дуулж үзүүлээч” гэхэд ерөөсөө дуулдаггүй байсан.

Сүүлд би том хүүгээ төрүүлчихсэн байхдаа аавын дуулж байхыг анх удаа сонсож билээ. Өглөө боссон чинь аав авдарынхаа шороо тоосыг арчиж байхдаа “Ардын намын журамт цэрэг ээ хө, Улаан тугийг мандуулаад” гэчихсэн дуулж байна. (инээв) Ерөөсөө солгойрохгүй, хөөрхөн дуулж байсан. Би аавд “Та чинь сая яав аа, дуу дуулсан уу” гэсэн чинь “Үгүй ээ үгүй” гээд цааш хараад жуумалзаж байсан. Намайг төрөхөд их л баярлаж дээ гэж тэр үед би бодож байсан юм.

Жүжигчин Т.Цэрэнлхүндэв

-Та өөрийнхөө талаар танилцуулаач. Т.Цэрэнлхүндэв гуайн хэд дэх хүүхэд нь вэ?

-Т.Цэрэнлхүндэв гэдэг жүжигчин бол миний өвөө л дөө. Би багаасаа өвөө, эмээгийнхээ гар дээр өссөн. Иймээс өвөөгөө аав, эмээгээ ээж гэж дуудсаар байгаад сурчихсан юм. Өвөөгийнхөө нэрээр овоглож явдаг. Миний аав Цэрэнлхүндэвийн Жигжидсүрэн гэж хүн байсан. Энэ хүн нэг ёсны миний залуу аав. Т.Цэрэнлхүндэвийн төрсөн хүү нь. Би хүүгийнх нь охин Цэцэгээ нь. Бас өргөж авсан нэг охин бий. Энэ эгчийг минь Цэнд-Аюуш гэдэг. Өлгийтэй байхаас нь л өөрийнхөө овгийг өгч асарч авсан гэдэг. Бага байхад минь аав, ээж хоёр намайг өвөө, эмээгийн хүүхэд гээд үлдээгээд хөдөө явсан гэнэ лээ. Миний эмээ (ээж) намайг дөрвөн настай байхад даралтаар бурхан болсон. Тэр үеэс л өвөөтэйгөө (аавтайгаа) хүнтэй суух хүртлээ хамт байсан даа. Аавтайгаа хөтлөлцөөд, эрхэлж өссөн хүн дээ би чинь. Эмээ ээжийг өнгөрсний дараа аав минь автобус баазад ажилд орсон юм. Тэр үед хүмүүс 50 мөнгөөр автобусанд суудаг байлаа. Аав кондуктор хийдэг. Аавыг ажлаа хийж байхад нь би автобусанд дотор дагаад л явж байдаг байлаа. Намайг кондуктор суудаг жижиг буланд суулгачихдаг байсан юм.

Аав кондуктор хийж байхдаа олон ч хүмүүсийг хос болгож байсан даа. Хүмүүс автобусан дотор орж ирэхдээ зарим нь нэг төгрөг өгдөг. Тэр болгонд нь тавин мөнгө хариулж өгнө гэдэг хэцүү. Иймд аав албаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хос болгоод та хоёр дундаа, учраа олоорой гээд явуулчихдаг. Хэн нэгэн хүн нэг төгрөг өгөхөөр та хоёр дундаа гээд бодчих. Гараад бие биенээсээ тавин мөнгөө аваарай гээд хэлчихдэг. Хүмүүс нь тавин мөнгөө олж авах гээд хамт явж байхдаа бие биетэйгээ танилцаад, хайр дурлал үүсгээд явчихдаг байсан гэсэн. Сүүлдээ хүмүүс хүртэл хос болох их дуртай болчихсон. Би энэ хүнтэй хос болно шүү гэж хэлдэг болсон гэнэ лээ. Зарим нь “таны автобусанд л суух гэж ямар удаан хүлээв ээ” гэж хүртэл хэлдэг байсан гэж ярьдаг юм.

-Зориуд хостой болох гэж хүлээж байгаад суудаг байж дээ?

-Хүмүүсийг та хоёр тохирно, тэр хоёр тохирохгүй юм байна шүү гээд л инээлгээд явдаг байсан. Тэр үед автобус пиг дүүрэн явдаг байж. Автобус зогсоход шахцалдаан гэж аймаар. Одоо бодоход тийм шахцалдаан дунд яаж билетээ тараагаад явдаг байсан юм бол доо гэж боддог юм. Тэгээд аав билетээ тараагаад алга болчихдог. Дуу нь гарахгүй болохоор нь би уйлдаг, дуу нь гарангуут нь баярлаад чимээгүй болчихдог байсан сан.

-Автобусны кондуктораас гадна билет таслагч хийж байсан гэсэн. Олон ажлыг зэрэгцүүлж хийдэг байжээ?

-Тийм ээ Намайг 17, 18-тай байхад аав 70 настай байсан. Тэтгэврийнхээ хажуугаар манаач, жижүүрийн ажил хийдэг. Намайг бага байхад хооллоно, хувцаслана. Тэр үед кинонд тохирох дүрүүдийг харж байгаад энэ дүрд Т.Цэрэнлхүндэв тохирно гээд аавыг дууддаг. Аав, ажлынхаа хажуугаар хоёр, гурван хоног очоод зургаа авахуулчихаад л хүрээд ирдэг байсан.

-Кинонд тоглох үедээ таныг дагуулж явдаг байсан уу?

-Аав бид хоёр хоёулахнаа амьдардаг байсан учраас намайг харах хүн байхгүй. Тэгээд “Тунгалаг тамир” кинонд тоглож байхдаа намайг нэг удаа дагуулж явсан юм. Ганц кадр авах гэж олон удаа давтдаг юм байна лээ. Тэгж хоёр хонохдоо бушуухан л харих юмсан гэж боддог байлаа. Зарим жүжигчид бас хүүхдүүдээ дагуулаад ирчихсэн байдаг байсан. Тэр хүүхдүүдтэй тоглоно гэж байхгүй. Аавтайгаа хамт өссөн болохоор их зожиг байсан юм.(Инээв)

Би аавынхаа намтар түүхийг бичээд тавьчих юмсан гэж боддог юм. Хүмүүс танаас очиж аавын тань талаар асууна шүү гэдэг. Би хаана ч явсан аавынхаа тухай ярих дуртай. Өөрийгөө Соном өвгөний охин гэж хэлэх дуртай. Сургуульд сурч байхад намайг танихгүй хүүхэд гэж үгүй байсан. Манайх тэр үед 500 айл байдаг, одоогоор “Өргөө” кино театрын хойд талд байсан. Хүмүүс тэр газрыг “Нарангийн энгэр” Нарангийнхан гэж нэрлэдэг. Зүүн наран, баруун нарангийнхан намайг андахгүй. Өө, энэ нөгөө Соном өвгөний охин шүү дээ гээд л. Тэндээ л “од” явдаг байлаа шүү дээ. Аавтайгаа хамт би гэдэг хүн давхар дурсагдаад явж байдаг юм.

-Т.Цэрэнлхүндэв гуай ямархуу зан араншинтай хүн байсан бол?

-Аав их тусархаг хүн. Маш сайхан сэтгэлтэй. Ийм хүн үнэхээр ховор шүү. Би нэг өдөр хичээлээ тараад ирэхэд гэрт нэг хүн аваад ирчихэж. Урдаас пүгхийтэл гал дүрэлзүүлээд түлчихсэн. Авч ирсэн хүнийхээ хувцасыг нь угаагаад, хооллож, цайлаад байж байлаа. Угаасан хувцаснаас нь дусаал гоожоод гэрээр нэг усан далай болох шахуу юм болгочихсон. Аав маань юм угаачихаад сайн базаж чаддаггүй хүн байхгүй юу. (инээв) Маргааш нөгөөдрөөс авч ирсэн хүний хувцас нь хатаад өмсөөд явсан. Тэр үед нь би ямар хүн болох талаар асууж чадаагүй. Явсных нь дараа ааваас “Та ямар учиртай хүн авч ирээд угааж, ундлаад хооллоод байгаа юм бэ” гэж асуухад “Нэг ядарсан өвгөн гудамжинд гуйлга гуйгаад сууж байхад нь авч ирсэн юм” гэж хэлж билээ. Тэр үед гудамжинд гуйлга гуйж суудаг хүн ховор, бараг байдаггүй байсан цаг. Аав минь ийм л тусархуу, сайхан сэтгэлтэй хүн дээ. Хүүхдийг хүүхэд гэж голохгүй, хүүхэд байсан ч яриад хөгжөөгөөд инээлгээд, шоглоод явдаг. Яахав, шоглож егөөдөж ярих үедээ заримдаа хүмүүсийн дургүйг нь хүргэж байсан л байх. Санаандгүй шоглосон үг нь хүмүүсийн эмзэг цэг нь байж таардаг, эвгүй үг нь байж таардаг ч юмуу. Тийм үе байсныг үгүйсгэх аргагүй. Аавыг автобусан дотор орж ирсэн хүмүүс “Аман хуур”-ын Соном өвгөн байна гээд таньдаг. Аав ч орж ирсэн хүмүүс яриа өрнүүлээд хөгжөөгөөд явчихдаг байсан.

Аав Улаанбаатарын унаган хүүхэд байсан. Хуучин Амгаланбаатар хотод Махандов гэдэг газар төрсөн байдаг юм. Айлын ганц хүү. Аавын аав Түвдэн гэж хүн байсан.

Хүмүүсийн тэр бүр сайн мэдээд байдаггүй нэг зүйлийг аав ярьж байсан л даа. Богд хааны өргөмөл хүү байсан тухайгаа ярьж байсан. Тэр үед Богд Жавзандамба хутагт ядуу зүдүү, хэцүү амьдралтай айлын хүүхдүүдийг өргөж авч өөрийн ордондоо өсгөж бойжуулдаг байсан гэнэ лээ. Богд хаан манай аавыг өргөж аваад тахилч ламынхаа асрамжинд өгсөн гэнэ лээ. Богд хаан ганц аавыг ч биш өөр олон хүүхдийг өргөж аваад өөрийн хүрээллийн лам нарын асрамжинд хүлээлгээд өгчихдөг байж. Аав ярихдаа “Би ер нь эрхлэхээс өөр юм мэддэггүй байсан. Тэр үед ном сурна гэж ер мэдэхгүй, эрхлээд явж байдаг. Харин осолдохгүй тэр усан тахилыг л хийж сурсан” гэж ярьдаг байсан.(инээв) Тэгээд 1932 оны хэлмэгдүүлэлтийн сургаар лам ах нь аавыг “цаг хэцүү болж байна” гээд буцаагаад аваачиж өгсөн юм гэнэ лээ. Хөөрхий тэрний дараа цаазлуулсан юм гэсэн.Тэгээд ээж, аавынхаа гар дээр эргэж ирсэн гэж ярьдаг юм.

-Аав тань 16 настай байхдаа урлагт хөл тавьсан гэсэн үү?

-Аав өөрийгөө 1917 онд төрсөн гэж ярьдаг. Анх 14 юмуу, 15 настай байхдаа Rанжин клубт насаа нэмж орсон тухайгаа ярьдаг юм. Яагаад гэхээр тэр үед Жанжин клубт 16, 17 настай хүүхэд авдаг байсан юм шиг байгаа юм. Аав минь их жижигхэн хүн шүү дээ. Жанжин клубд одоогийнхоор бол цэргийн хүмүүс байсан юм шиг ээ. Цэргийн хувцас өмсгөөд, дээлэн дээр нь сэлэм зүүлгэдэг. Тэр сэлэм нь аавд уртдаад, явахад нь газар чирэгдээд зам татуулаад явдаг байсан гэж ярьдаг. (инээв)

Жаахан байсан болохоороо сэлэм нь уртдаад мөр гаргахад нь харж, тоглож яваад шонгийн мод мөргөсөн тухайгаа их ярьдаг.(инээв) Аав минь марзан юм ярих их дуртай. Жанжин клубт тавигдсан нэг жүжгэн дээр Дамбийжаагийн Тоодгор гээд анхны дүрээ бүтээсэн байдаг. Энэ дүр нь эсрэг талын дүр байсан юм уу даа. Тэр жүжигт тоглосноос хойш хүмүүс зүгээр явуулдаггүй Дамбийжаагийн Тоодгор явж байна гээд чулуугаар нүүлгээд байдаг байсан гэсэн. Тэр үед чулуугаар нүүлгүүлж байсан нэлээн хэдэн хүн байдаг гэсэн шүү. Аав дандаа театруудаар явж найруулагч хийж байсан гэсэн. Ээж ярихдаа “Аав маань их хатуу найруулагч байсан гэдэг”. Нэг өдөр жүжигчнээ дуудахад тэр жүжигчин нь хүүхэд нь халуураад гэх шалтгаантайгаар ирэхгүй байгаад байж. Аав заавал ир гээд дуудсан гэнэ. Тэр үед нь шууд машин явуулаад очиж авч байсан гэж ярьсан.

Б.ОЮУНЖАРГАЛ

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *