Categories
мэдээ нийгэм

Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалуудад техникийн үнэлгээ хийлээ

Монгол Улс 2018 онд “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр номинацийг бэлтгэн, өргөн барьсан. Энэ дагуу Дэлхийн өвийн хороонд зөвлөх үүрэг бүхий Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Тошио Хаяаши өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, техникийн үнэлгээг хийгээд буцлаа.

Техникийн үнэлгээ хийх ажлын хүрээнд шинжээч Тошио Хаяаши Дэлхийн өвийн үндэсний хорооны дарга бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзаж санал солилцлоо.

Мөн Архангай аймгийн Ихтамир сумын Цацын эргийн дурсгалт газар, Өндөр-Улаан сумын нутагт орших Их жаргалантын дурсгалт газар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн дурсгалт газарт ажиллав. Дээрх аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Нийгмийн бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, дурсгал бүхий сумдын багийн Засаг дарга нар болон ойр орчимд нь оршин суугаа ард иргэдтэй уулзаж, дурсгалын хадгалалт, хамгаалалтын талаар санал солилцож, мэдээлэл цуглууллаа.

Шинжээч Тошио Хаяаши техникийн үнэлгээний тайлангаа Дэлхийн өвийн хороонд хүргүүлэх бөгөөд 2020 онд болох Дэлхийн өвийн хорооны ээлжит хурлаар “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвд бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *