Categories
мэдээ нийгэм

ТЦА-аас автомашин хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг эрчимжүүлжээ

Автомашин хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас /ТЦА/ зохион явуулж буй “Улсын дугаар 2019” арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт автомашины худалдаа, наймаа эрхэлдэг газруудад болон гудамж замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллаж эхэлжээ.

Тухайлбал, машины арал, бүхээгний дугаар зөрсөн, сольсон, тээврийн хэрэгслийн өнгө зөрсөн, хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчлийг болон эрэн сурвалжлагдаж буй тээврийн хэрэгслийг илрүүлэх чиглэлээр гудамж замд хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Улмаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын /тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй гэх мэт/ зөрчлийг илрүүлэн газар дээр нь зөрчлийг арилгуулан, Зөрчлийн тухай хуулийн 14.7.11, 14.7.12, 14.7.13-д заасны дагуу арга хэмжээ тооцох юм. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын ашиглалтад хяналт тавин, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг ТЦА-аас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *