Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зарим газруудыг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн зааг өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ингэснээр Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг, Байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Хөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын заагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа мөн байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг оршин Хан уул орчмын газрыг Хангайн нурууны орчмын өргөтгөлөөр тус тус улсын тусгай хамгаалалтад авлаа. Ингэснээр 6 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан улсын тусгай хамгаалалтад авч байгаа газрын хэмжээ 1.2 сая га гаруй, нийт газар нутгийн 0.83 хувиар нэмэгдэж байна.

Мөн Хөвсгөл нуурын орчмыг эко аялал жуучлалын бүс болгон зарлалаа. Ингэснээр Хөвсгөл нуурын эрэг орчим цаашид газар олгогдохгүй. Тухайн бүс нутгий хөгжүүлэх үүднээс тогтоол батлагдсан.

Түүнчлэн байгал орчинд хууль бус үйл ажиллагаа явуулсан 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа хэмээв. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *