Categories
гадаад мэдээ

Хонконгт өрнөж буй нөхцөл байдлын эргэн тойронд

Хонконгт гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэн, Засгийн газрын тэргүүн Керри Ламыг огцрохыг шаардсан жагсаал гурав дахь сардаа үргэлжилж байна. Гэмт хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан байгаа ч жагсагчид бүрмөсөн зогсоохыг шаардсаар байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тэд Хонконгийн Бээжингээс хараат бус, бие даасан байдлыг хадгалах хүсэлтэй байгаа аж. Хятадын эрх баригчид тэмцэгчдэд “галаар наадахгүй байх” төв засгийн газрын тэвчээрийг барахгүй байхыг анхааруулсаар байгаа юм. Одоогийн байдлаар Лантау аралд оршдог дэлхийн хамгийн өндөр ачаалалтай нисэх буудлуудын нэгт тэмцэгчид дөрөв дэх өдрөө суулт зарлаад байна. Өнгөрсөн даваа гаригийн үдээс хойш олон мянган тэмцэгчид нисэх буудалд нэмэгдэж ирснээр зорчигчдыг үдэн гаргах танхим дүүрсэн аж. Улмаар бүх нислэгийг цуцлахад хүргэжээ. Дэлхийн худалдаа, эдийн засгийн гол төвүүдийн нэг болох олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа саатсанаар бүс нутагт төдийгүй олон улсад сөрөг үр дагавартай хэмээн шинжээчид үзэж байна. Тус нисэх буудал дэлхийн 200 гаруй чиглэлд хоногт зорчигч болон ачаа тээврийн 1100 нислэг үйлддэг аж. Үүнтэй зэрэгцэн 20 гаруй орны зүгээс ард иргэддээ тус газар луу зорчихгүй байхыг сэрэмжлүүлээд байна. Мөн Хонконгт аялж байгаа иргэддээ олон хүн цугларсан газарт очихгүй байхыг зөвлөжээ.

Өнгөрсөн ням гаригт Хонконгт болсон жагсаалын үеэр тэмцэгчид болон цагдаа нар хоорондоо мөргөлджээ. Энэ үеэр 40 орчим хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн юм. Хууль сахиулагчид жагсаалыг хүчээр тараах үүднээс жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, бороохой ашигласан байна. Энэ нь сүүлийн арван жилийн хугацаанд тохиогоогүй хамгийн ноцтой хямралд хүргэж байгаа жагсаал аж. Учир нь жагсаалд оролцогчид худалдааны томоохон хорооллын замуудыг хааж, автобус, метро, галт тэрэг зэрэг нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориод буй юм. Өнгөрсөн онд Хонконгт гадаадын 65 сая жуулчин зорчсон гэх судалгаа бий. Жуулчдын дийлэнх нь Азийн орнуудын иргэд аж. Өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ удаад жуулчдын урсгал 8.5 хувиар буурчээ. Ялангуяа өнгөрсөн долдугаар сард буурсан үзүүлэлттэй гарсныг шинжээчид онцолсон байна.

Дашрамд хэлэхэд, дээрх жагсаалтай дүйцэхүйц хэмжээний өөр нэг жагсаал 2014 оны намар болж байв. Тухайн үед оюутнууд сонгуулийн тогтолцоог ардчилсан болгохыг шаардан, 79 өдрийн турш эсэргүүцлээ илэрхийлсэн агаад дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Шүхэрт хөдөлгөөн” гэж нэрлэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *