Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Лувсанжамцын Банзрагч: Их урлагийн бурхадтай хамт бүтээсэн “Сэрэлт” киноны Пүрэвжавынхаа дүрд хайртай


Гэрэл зургийг Б.Намсрай

Хорьдугаар зууны манлай жүжигчид болох Цагааны Цэгмид, Түдэвийн Цэвээнжав болон ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү нартай “Сэрэлт” кинонд лам хүү Пүрэвжавын дүрийг бүтээсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Лувсанжамцын Банзрагчтай уулзаж ярилцлаа. Тэрээр Монголын радиод 40 жил ажилласан манай нэртэй найруулагчдын нэг билээ.


-Мэдээж яриагаа “Сэрэлт” киноны Пүрэвжавын дүрээс эхэлье. Монголын домогт жүжигчидтэй хамт залуу идэр насаа дэлгэцэнд мөнхлөх хувь танд хэрхэн тохиосон бол?

-Миний бие 19 настай байсан. 1956 оны намар юм. Киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан манай нэртэй жүжигчин Гэндэн гуай тэргүүтэй хэд хэдэн хүн Пүрэвжавын дүрд тоглох хүүхдийг шалгаруулсан юм. Энд тэндэхийн олон шилдэг сургуулиудаас шигшигдэж ирсэн арваад оюутнаас үзэж байгаад нэгийг нь авах байлаа. Ташкентад хөгжмийн боловсрол эзэмшсэн оюутан хүртэл шалгуулж байсан. Шалгаруулах явц хэрхэн явагдсаныг хүмүүс их сонирхоод байдаг. Одоогийн Чөлөөт ахмадын холбоо байрлаж байгаа байшинд кино үйлдвэр түр байрлаж байв. Уг байшингийн нэг давхрын баруун булангийн нэг өрөөнд биднээр сургуулилт хийлгэн зураг авч байсан юм. XX зууны алдарт кино найруулагч Дэжидийн Жигжид гуай тухайн кинонд зураглаачаар ажиллаж байв. Лам дээл өмсгөж, үсийг минь хусаад юм юм л болсон доо. Ингээд тэрхүү арван оюутнаас би тэнцсэн юм. Тухайн үеийн Театр хөгжмийн сургуулийн хоёрдугаар ангийн оюутан намайг тэнцэхэд уг киноны зохиолч төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ламзавын Ванган багш их тус хүргэсэн дээ. Багш үгээ зөөж удаан ярьдаг хүн байлаа. Найруулагч Гэндэнд хандан “Пүрэвжавын дүрд энэ Банзрагч л тохирох юм байна даа” гэж зөвлөсөн юм.

-Киноны зургийг хэр удаан хугацаанд авсан?

-Бүтэн жилийн хугацаанд зургаа авч дууссан. Кино маань 1957 оны арваннэгдүгээр сарын 7-нд дэлгэцэнд гарч байлаа. Анх “Оч” гэсэн нэртэй байсан юм. Тэгээд дараа нь “Сэрэлт” болсон. Шилдэг сайн бүтээл цаг хугацаа улиран одох тусам улам үнэ цэнэтэй болдог. Энэхүү төгс ойлголтод “Сэрэлт” кино зайлшгүй хамаарагдах нь мэдээж. Монголын тав дахь уран сайхны кино шүү дээ. Алтан үеийн бүх л алдартнуудтай тэр сайхан кинонд хамт тоглосондоо машид баярлаж явдаг аа. Тэд нараас их ч олон зүйл сурсан даа. Мэдээж бэрхшээл, зүдгүүр байлгүй яахав. Гэхдээ тэр мундаг жүжигчид чинь бүхнийг аваад л явчихаж байгаа юм. Тэдний дүрдээ орно гэдэг гайхалтай. Бас аймаар ч гэж хэлж болохоор. Ямар сайндаа орос эмчийн дүр бүтээсэн С.Доржпалам миний аавд тоглодог Даш өвгөн буюу Цагааны Цэгмид гуайг өөрийнх нь амийг егүүтгэхээр том хутгатай давхиад ороход сүнсээ гартал айсан гэдэг. Сургуулилт хийж байхдаа тэр шүү дээ. Би лам малгай, дээлээ өмсөн орхимжоо зүүгээд монгол гутлаа углаад тоглоно. Уйлах, инээх бүх л зүйлийг сургуулилтад хийдэг байв.


-“Сэрэлт” киноны зургийг их олон газар авсан гэдэг?

-Тийм ээ. Их олон газар янз бүрийн зураг авсан. Тухайлбал, Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн нутагт цасан шуурганд морин чаргатай явж, морь маань хясаан дээрээс хийсч унаж байгаа зургийг, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд орос эмч ирж байгаа болон эмнэлгийн гадаа хүүхдүүдтэй бөмбөг өшиглөөд явж байдаг зургийг авсан юм.

Тухайлбал, морин чаргатай явж, хясаан дээрээс морь хийсдэг зургийг хавар авсан юм. Жаргалантад өндөр уулын хажууд хоёр царцаа ногоон онгоц зогсоочихоод сэнсээр нь цасан шуурга шууруулсан. Хөлрөөд уядчихсан хаврын цас өглөөний жаварт нүүр лүү алгадахдаа духны арьсыг мулзлаад л өнгөрдөг байв. Чарганд цагаан морь хөллөчихсөн орос эмчтэй гэрээдээ явж байгаа хэсэг. Хөлөрсөн нойтон цасаар будуулаад Доржпаламын хувцас нороод хөлдчихсөн, мань хүн даараад уйлж хүртэл байлаа даа. Мөн гэр шатдаг хэсэг байна. Толгойтын Баруун салаанд зургийг нь авсан юм. Оройн нар жаргаж байхад яг тэрхүү улаан туяаг ашиглахын зэрэгцээ тухайн гэрийн тал талд нь хүчтэй гэрэл асаан тусгаж байгаад тухайн зургийг авсан. Гэрийг мэдээж үнэнчээр шатаасан, бүр шинэ гэр шатаасан юм шүү. Ямар сайндаа зураг авалтад оролцож байсан манай нэг хүн энэ гэрийг ингээд шатаахын оронд би өөрийнхөө хуучин гэрийг авчирч бариад шатаалгая гэж байхав дээ.

-Ах ламын дүрийг бүтээсэн З.Цэндээхүү гуайн тухай дурсахгүй юу. Анх хамт тоглож байхад айж сүрдмээр харагддаг байсан болов уу?

-Ардын жүжигчин Цэндээхүү гуай анх харсан хүнд ер нь эвгүй дүр төрхтэй хүн. Ялангуяа хоёр нүд нь ногооноор эргэлдээд, харцнаас нь сүрдмээр. Манай Төв аймгийн Алтанбулаг сумын хүн юм билээ. Лут жүжигчин байсан даа. Мөн шаггүй найруулагч байсан гэдэг. Баян-Өлгий аймагт багагүй хэдэн жилийг авч казах түмэнтэй ажилласан байгаа юм. Гаднаас нь харахад тийм сүрдмээр, айж бэргэмээр ч яг тулаад харилцахаар тэс өөр хүн. Дэндүү зөөлөн нэгэн. Хүнтэй маш эелдэг дотно харилцана. Надад “За миний хүү одоо энийг ингэж хийнэ шүү, тэрийг тэгж гаргана шүү” гээд үргэлж зааж зөвлөдөг байсан. Цэндээхүү гуай амьдрал дээр хүртэл их сонин хүн байсан. Ерөөсөө хүнтэй гэр бүл болж байгаагүй юм билээ. Амьдралынхаа турш ганцаараа явж байгаад л насыг элээсэн хүн дээ. Намайг кинонд хамт тоглож байхад “Гэр орон чинь хөдөө байдаг юм байна. Хот хүрээнд айл амьтнаар хэсч явснаас манайд очоод надтай хамт амьдрахгүй юм уу. Ер нь миний хүү ахдаа цаашид хань болоод хамтдаа байвал яасан юм” гэж хэлж байлаа. Бид хоёр тийм л дотно болсон доо.

-Та тэгээд зөвшөөрөөгүй хэрэг үү?

-Яаж зөвшөөрөх билээ. Хөдөө байгаа аав, ээжээ ихэд санаж байсан амьтан чинь айлд очоод байж чадахгүй шүү дээ.

-Уйлж дүр бүтээх амаргүй байх. “Сүрэн эгчийгээ санаад байна” гээд уйлдаг…?

-Бэрхшээлтэй байсан. Зохиол уншиж байхад сэтгэл хөдөлмөөр, баярлаж гомдож, гутармаар юм байдаг шүү дээ. Түүнтэй ижил амьдралд өөрт тохиолдсон зүйлсээ бодно. Нэг үгээр хэлбэл, юу бодвол уйлж болох уу гэдэг зүйл толгойд ордог. Тухайн үед том эгч маань өнгөрчихсөн, хайртай эгчийгээ алдчихаад хэцүү л байлаа. Тэгээд эгчийгээ л бодож уйлна даа.

“Сургуулилт хийх бүртээ уйлж байв уу, эсвэл нэг удаа үнэнээсээ уйлаад зураг авахуулчихсан уу” гээд бас хүмүүс шалгаах нь бий. Нэг л уйлсан юм. Д.Жигжид гуай хашир туршлагатай зураглаач учир сургуулилт хийж байхад хажуугаар яваад зургаа авчихдаг байсан. Цэндээхүү гуай “За миний хүү чанга хашгираарай” гээд гөрмөл уяагаар ороолгоход нэг удаа их айхавтар хорсоод үнэнээсээ уйлсан юм. Тэгтэл тэр зургийг маань аваад хадгалчихсан байгаа юм. Хашир хүмүүс гэдэг өөр юм билээ.

-С.Зоригийн ээж Доржпалам гуай орос эмчийн дүрийг чадварлаг бүтээсэн. Түүний тухайд болоод өөр хүмүүсийн тухайд дурсвал ямар вэ?

-Алдартай сайхан жүжигчидээ бүгдийг нь л толгой дараалан хэлж, магтмаар байна. Доржпаламыг Анагаах ухааны дээд сургуулийн нэгдүгээр ангид суралцаж байхад нь орос хүний дүртэй хүн хэмээн эрж хайсаар байгаад олж тоглуулсан. Орос эмчийн дүрийг сайн ч бүтээсэн. Мэдээж бэрхшээл зовлон байсан л байж таарна. Гэхдээ тэр бүгдээ зураг авалтын үед хэлээгүй л юм шүү. Харин Цагааны Цэгмид гуайг хутгатай ирэхэд их айсан гэдэг юм. Мөн Бумаа авгайд тоглодог Цэвээнжав гуай байна. Монголын хамгийн сайхан эмэгтэй жүжигчин гэвэл тэр хүнийг би шууд нэрлэнэ. Амьдрал дээр ч тэр, кинон дээр ч тэр дэндүү энгийн нэгэн байлаа. Хэн ч анзаарамгүй энгийн чимхлүүр ажлыг Цэвээнжав гуай шиг нарийн гаргадаг жүжигчин ховор байсан. Сүрэн эгчид тоглодог Янжинжавыгаа хэлмээр байна. Надаас нэг эгч байлаа. Янжинжав 20-той, Доржпалам 21-тэй байсан юм. Сүрэнгийн найз залуу болж тоглодог Гүр агаагийн тухай ч хэлмээр байна. Өнөөдөр түүн шиг эр хүн дэндүү ховор байна.

-Та тийм ч олон кинонд дүр бүтээгээгүй санагдана?

-“Сэрэлт” киноноос өөр кинонд бараг тоглоогүй ээ. “Сэтгэлийн дуудлагаар” гээд Чойжилын Чимидийн зохиолоор хийсэн киноны Ишхүүд намайг тоглуулах гэсэн боловч би Польш руу радио жүжгийн уралдаанд оролцохоор яваад чадаагүй юм.

-Ярианаас тань анзаараад байх нь ээ, та Төв аймгийн хүн шиг байна?

-Тийм ээ. Төв аймгийн Мөнгөнморьт сумынх. Бурхан Халдун уулаас 80-аад километрийн зайд орших Улаан шугуй гэдэг газар эхээс мэндэлсэн юм. Одоо ах нь 83 нас хүрч байна.

-Кинондоо тоглохдоо та оюутан байсан. Дипломын ажлаа мэдээж онц хамгаалсан байлгүй дээ?

-Дипломоо “Сэрэлт” киногоор хамгаалж онц дүнтэй төгссөн. Театр хөгжмийн сургуульд жүжигчин найруулагчаар, дараа нь МУИС-д сэтгүүлчийн мэргэжлийг эчнээгээр эзэмшсэн. Театрт хоёр жил ажиллаад Соёлын яамны томилолтоор Төв аймагт уран сайхны удирдагчаар нэг жил зургаан сарын хугацаатай очиж байлаа. Драмын театрт “Хувьсгалын нэрээр”, “Улаан бүч”, “Бардам туулай” гээд хэд хэдэн жүжигт ихэвчлэн хүүхэд залуучуудын дүр бүтээсэн. Чойжамцын Ойдов гуайн зохиол “Аль нь хэцүү вэ” жүжигт даага болоод гавьяат Энхтуяаг толгой дээрээ мордуулчихаад тоглож л байлаа. Надтай хамт Ардын жүжигчин Аюурзанын Очирбат байлаа, “Гарьд магнай”, “Тод магнай”-гийн найруулагч Хишигт байсан, дараа нь хойшоо сургуульд явчихсан юм. Түрүүнд нэр хэлдэг гавьяат Батлувсангийн Энхтуяа байна, “Хөдөөгийн Баясгалан” кинонд Батзаяагийн ээжийн дүрд тоглосноор нь хүмүүс мэднэ. Мөн найруулагч Маамхүү байна, найруулагч бөгөөд жүжигчин өнөө “Өгөр толгой Гүрсэд” буюу алдарт Навааны Дугарсанжаа байна. Бид чинь нэг дор ажиллаж байлаа. Ингээд л 1961 оноос Монголын радиотой амь амьдралаа холбосон доо. 1996 онд тэтгэвэртээ гартлаа радиогийн төлөө, үндсэндээ Монголын ард түмний төлөө зүтгэсэн. Надад Монголын зохиолчдын зохиол бүтээлээр хийгээгүй жүжиг, найрууллууд гэж бараг байхгүй дээ. Бүтээл бүхэн маань Монголын радиогийн уран бүтээлийн санд хадгалагдаж байгаа. Радиод байх хугацаандаа би 200 гаруй жүжиг найруулж бүтээсэн. “Алтан зээр” гэж өөрийнхөө зохиолоор хийсэн жүжиг байна. Магсарын Чойжил манай радио телевизийн дарга байсан хүн. Бид хоёр чинь “Бэрс” сургуульд хамт багшилж байсан. Нэг хэсэг дарга цэрэг ч байж үзсэн, сүүлдээ найз нөхөд болж хориод жил хамт багшилсан. Олон бүтээл дээр гар нийлж ажилласан түүхтэй. Жамцын Бадраа тэртээ тавиад оны дундуур радиод найруулагч гэсэн орон тоон дээр орж байлаа. Бадраа бол аргагүй том сэхээтэн. Хөгжмийн урлагийн талаар мөн ч мэдлэгтэй. Сугирын Цэдэв уран зохиолын редакцийн редактор, Бадраа хүүхдийн редакцийн редактор, хоёр лут хүн байсан. Тэр үеэс л би радиотой холбогдсон гэж бодохоор эртний хүн болж таарах гээд байгаа юм.

-Сэтгүүл зүйн чиглэлээр та ном бүтээл туурвисан нь бий?

-Мэргэжлийнхээ талаас “Микрофон ба хүн” гэсэн ном гаргасан. Энэ нь хөтлөгч, нэвтрүүлэгч, найруулагчтай холбоотой. Мөн ОХУ-ын Ленинград болон Польшид мэргэжил дээшлүүлж байх хугацаандаа “Урт жилүүд” гэсэн туужаар радиогийн цуврал зохиомж хийсэн. Сэтгүүлчийнхээ талаас хэд хэдэн өгүүлэл найруулал бичсэн.“Сүүжийн дэнжийн сүүн тасгийн хүүхнүүд”, “Киномеханикч” зэргийгээ нэрлэхээр байна. Энэ далимд хэлэхэд дууны шүлгүүд ч бий шүү. Мөнгөнморьт сумын алдарт бөх, Монгол Улсын хүчит арслан Лувсанмөрийн Чимэдийн тухай “Зууны манлай арслан” гэх утга бүхий дууны шүлэг бичсэн. Монгол Улсын Авто техникийн хэлтсийн 40 жилийн ойд зориулаад “Зам тайван байг” төрийн шагналт Доржийн Гармаа зохиолыг нь бичиж би найруулж телевизэд өгч байлаа. Монгол телевиз байгуулагдаад удаагүй л байсан үе. Гавьяат жүжигчин Дамдинбазар гээд олон лут жүжигчдийг, мөн энгийн сайхан хурандаа нарыг тухайн бүтээлдээ тоглуулж байлаа. Намайг чинь хүмүүс “Сэрэлт”-ийн Пүрэвжав, мөн радиогийн найруулагч гэдгээр нь мэднэ. Ямар сайндаа Ө.Тогоо гэж нэртэй сэтгүүлч “Ардын эрх” сонинд ерээд оны эхээр “Радиогийн бурхан найруулагч, “Сэрэлт”-ийн Пүрэвжав” гэсэн нэртэй миний тухай хөрөг бичиж байхав. Үнэхээр Монголын дэлгэцийн урлагийн бурхадтай хамт бүтээсэн Пүрэвжавынхаа дүрд би хайртай. Энэ дүрээрээ мөнхөрч үлдэж байна. Кинонд тоглоод 15 мянган төгрөг авсан юм. Их мөнгө шүү дээ. Энэ их мөнгө төгрөг, алдар хүндийн зэрэгцээ Соёлын яамны Хүндэт жуух, Засгийн газрын жуух бичиг авсан. Аав ээж хоёр маань Засгийн газрын хүндэт жуух бичгийг тун хүндэтгэлтэйгээр хүлээн авч, шагналын мөнгөнөөсөө өгөхөд “Төрийн минь буян” хэмээн магнайдаа хүргэж байсныг эргэн санахад сайхан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *