Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Даваасамбуу: Малчдын малаа таргалуулж байгаад хилээр гаргах сонирхлыг хязгаарлаж болохгүй

-МАЛЫН ЭКСПОРТЫГ ЧӨЛӨӨЛӨХӨД ТЭР ЖИЛ 180 САЯ ДОЛЛАРЫН АШИГ ОЛЖ БАЙСАН-

Монголбанкны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга, Сангийн сайд, Элчин сайд асан Д.Даваасамбуутай мал аж ахуйн салбарын экспортын асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлд хэд, хэдэн төрлийн судалгаа хийж байгааг дууллаа. Ямар зорилготой судалгаанаас ямар үр дүн гарч байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Бид Монгол Улсынхаа төгрөгийн тогтвортой байдлыг дунд ба урт хугацаанд хангахад нөлөө бүхий голлох салбар зарим бүтээгдэхүүн дээр өнгөрсөн жилээс судалгаа хийж эхэлсэн. Энэ бол нэгдүгээрт, мал аж ахуйн бүтээгдэхүүн. Юуны өмнө хамгийн таваарлаг бүтээгдэхүүн болох ноолуур, мах, арьс шир, ноос. Дээрээс нь байгалийн баялаг. Монголд хамгийн их нөөцтэй гэгдэж байгаа нүүрс, зэс. Тэгээд эдгээрийг олон улсын зах зээлд хүргэхэд манай гадаад худалдааны хөрөнгө оруулалтын орчин маань ямар байна вэ гэсэн 10 орчим судалгаа хийсэн. Энэ судалгаагаа гүнзгийрүүлж төр түмэн олонд, судлаачдад хэрэгтэй зүйлийг нийгэмд өгөх, мөн бас хэлэлцүүлэг явуулахаар ажиллаж байна.

-Мал аж ахуйн салбарыг чиглэсэн судалгаа анхаарал татлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын гол сэдэв энэ асуудал байлаа шүү дээ. Мөн энэ цаг үед малыг амьдаар нь экспортлох асуудал хөндөгдөөд байгаа. Засгийн газраас хэд, хэдэн удаагийн тогтоол гарчихаад байна. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Манайд мал аж ахуйн боловсруулах аж үйлдвэр дөнгөж 10-хан хувьтай байгаа. Ийм салбар дээр хязгаарлалт тавьж болдоггүй юм. Өрсөлдөөний зарчим нэг номерт байдаг. Хоёрдугаарт, малчин хүнээ бодох ёстой. Хилийн ойрхон сумдын малчид малаа таргалуулж байгаад зарах маш их сонирхолтой. Түүнийг нь хязгаарлаж ерөөсөө болохгүй. Хоёр, гурван жилийн өмнө баахан агт хилээр гаргасан даа. Тэр үед мал цөөрчихлөө гэлцэж байсан. Гэтэл яг үнэндээ гурван жил агт гадагшаа гарч байхад малчин бүр адуугаа олон удаа хээлтүүлэгт оруулж, мал нь өсчихсөн харагдаж байсан гэж хүмүүс хэлдэг. Би хэлж байгаа юм биш. Малчид өөрсдөө хэлж байсан. Жишээ нь, Ховдын Булган сумын малчин 1600 км явж ирж Улаанбаатарт малаа авчирч зарахаас илүү цааш нь хилээр гаргах нь ашигтай. Үнэхээр тийм. Тийм болохоор зах зээлд оролцож байгаа хүнийхээ араншингаар явдаг юм. Тэд чинь надаас, бид нараас илүү мэдэж байгаа.

-Социализмын үед яг ийм шийдвэр гарч байсан гэдэг. Үр ашиг нь хэр байв?

-1990-1992 онд манай улс мал аж ауйн түүхий эдээ хязгаарлаж, Монголд аж үйлдвэрийн хувьсгал хийнэ гээд зүтгэв ээ, бид нар. Би тэр үед Сангийн дэд сайд байсан. Үнэхээр дийлдээгүй. Манай хийсэн бүтээгдэхүүнийг ерөөсөө аваагүй. Бид чинь тэр үед мал аж ахуйн бүх түүхий эдийг боловсруулдаг байлаа. Нэгдүгээрт, технологийн хоцрогдолд орчихсон. Хоёрт, загвараараа хоцрогдчихсон. Тэгээд бүр балраад Хятадад ялагдсан юм шүү. Үүний дараа 1993 онд мал аж ахуйн үйлдвэрлэлд бүгдийг нь чөлөөтэй болгож, хөлөөрөө гаргах нь гаргаж, мах болгох нь болгох чөлөөтэй болгож шийдвэрлэлээ. Гэтэл тэр жил турсага хүртэл юу ч үгүй урагшаа ачигдаж, 180 сая ам.долларын ашиг олсон байдаг юм. Цаашид манайх бүгдийг боловсруулаад олон улсын зах зээл дээр гаргадаг болчихсон цагт бол арай өөр бодлого байх ёстой.

Одоо бол манай хоёр хөрш, ялангуяа БНХАУ-ын худалдан авах чадвар маш их сайжирсан байгаа энэ үед бид аж үйлдвэрйин хувьсгал хийгээд энэ хэдэн бүтээгдэхүүнээ зарах боломж гараад байна.

-Малыг хөлөөр нь гаргавал монгол малын генетик алдагдана гэх зэргээр эсэргүүцэх хэсэг бий. Үнэхээр тийм эрсдэл байдаг уу?

-Мэдэхгүй юм. Их сургуулийн багш Түмэн гэж хүн байсан юм. Тэр хүний 100 жилийн ой болж би үг хэлэхээр бэлдэж байхдаа өөрийнх нь бичсэн номыг уншихад 1911, 1921 онд Хятад руу малыг амьдаар нь гаргаж байсан. Гадагшаа гаргаж байхад малын өвчин гараад хашлаа гэсэн утгатай мэдээлэл бичигдсэн байсан. Үнэхээр монгол малын ген алдагдана гэж байгаа бол тэр үед алдчихсан юм биш биз дээ. Мөн социализмын үед Бургалдайн баазаар хойшоо адуу гаргадаг байсан. Манайх адуу хариулдаг, агт өгнө. Үйлдвэр угсаагаа алдсан бол аль эрт алдсан биз. Гэхдээ манай малаас хавь илүү үр шимтэй малаар дэлхий дүүрчихсэн.

Малыг бас хэрцгийгээр гаргаж байна гэсэн санаа харагддаг. Хэрцгий гэдэг бол бид нар харин 200, 300 малыг дөрвөн давхар ачаад орж ирж байна, нийслэлд. Тэр дотор хэчнээн мал боож үхэж байгааг мэдэх үү. Би Англид Элчин сайд байсан хүн. Тэнд малыг нядлах маш том хууль байдаг. Би чинь малчин гаралтайгаараа хөдөө давхиад очно. Ганц хонь гаргаад өгчих гэхээр “Болохгүй. Би энэ малыг мах комбинатад өгнө. Тэгээд би махаа худалдаж авдаг” гэж тэндхийн хүмүүс хэлдэг. Яаж байгаа юм гэхэд нэгд, баталгаатай гэсэн ариун цэврийн сертификат өгдөг. Мөн үүнээс болж хулгай байхгүй болсон. Мах комбинат нь ойрхон. Тэр махны агуулах руу ортол баахан гуя байна. Хаанахынх вэ гэтэл “Францын захиалгатай” гэнэ. Бас хэдэн шувтгар гуя байсан. Асуухаар “Испанийн захиалгатай” гэж байлаа. Яг л манайд 20 жилийн дараа ийм болох ёстой. Мах комбинатууд нь малчидтайгаа ойрхон байрлах ёстой. Лондонд шөнө 04:00 цагт махны зах дээр мах орж ирдэг. Бүх газруудаас нядалгааны мах шөнөдөө вагон машинаар орж ирнэ. 04:00-08:00 цаг хүртэл цоо шинэ мах худалдаанд гарчихдаг. Ийм л байх ёстой. Би нүдээрээ үзсэн зүйлээ л ярьж байна.

-Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогыг та бүхэн юу гэж харж байгаа вэ?

-Мал аж ахуйн хувьд бид 60 гаруй сая малтай. Мал өөрөө байнга үржиж байдаг. Байгалийн баялаг шиг биш. Тийм учраас монгол түмнийг үеийн үед, ирээдүйд та бидний амьдралыг залгуулах зүйл. Өнөөдөр 170 мянган малчин байна. Малчид олон хүүхэдтэй, нэг малчин дөрвөн хүүхэдтэй гэж бодоход 700 мянган хүн ам болж байгаа юм. Малчдыг харж амьдардаг хот суурин газрынхан бий. Тэгэхээр хүн амын тал хувийн амьдралыг залгуулдаг мал аж ахуйн хувьд тавааржуулж, дэлхийн зах зээл дээр үнэд хүргэх явдал бол стратеги зорилт. Энэ стратеги зорилт бол бидний хэдэн бор төгрөгийн цаад баталгаа. Ийм учраас бид үүнийг яаж үнэд хүргэх вэ. Монголчууд гуравхан сая. Жилд 10 мянган тонн ноолуур авдаг. Гэтэл түүнээс үсрээд 1000 тонныг дотооддоо хэрэглэнэ. Бусад 9000 тонныг олон улсыг зах зээлд хүргэхээс өөр аргагүй. Монголын хэрэглээ угаас импортон дээр тогтдог. Тийм учраас ноолуур ч дээр адилхан, ер нь бүхий л бүтээгдэхүүн дээр бид яаж гадны хүнээс мөнгө салгаж авах вэ. Энэ бол төрийн, түмэн олны бодлого байдаг. Хятад, Солонгос, Япон, Германд бүгд ийм. Тиймээс эд нар гадаад валютын нөөц ихтэй, дэлхийн гол гол баян гүрнүүд болсон. Монгол дутахгүй баялагтай болохоор эднийгээ чулуу болгоё гэсэн үг. Тухайлбал, махны хувьд жилд Монголд нядалгааны жингээр 400 мянган тонн мах үйлдвэржих боломж байна. Эндээс 200 гаруй мянган тонныг дотооддоо өөрсдөө хэрэглэдэг. Бусдыг яаж ийгээд ил далд ямар ч хамаагүй аргаар гадаадад зарна гэсэн үг. Тиймээс энэ хамгийн чухал зүйл. Гэхдээ нэг зарчмыг хэзээ ч алдаж болохгүй. Орж байгаа мөнгө нь эхний ээлжинд малчин, үйлдвэрлэгчдэдээ илүү байх ёстой. Ямар нэгэн хязгаарлалт хийгээд ирэхээр л болдоггүй. Жишээ нь арьс. Үхрийн арьс 20.000 байж гэж бодъё. Энэ жил гаргахгүй гэвэл 20.000 төгрөгийн арьс 10.000 болчихно. Нэг сая ширхэг арьсны дөнгөж 30 хүрэхгүй хувийг манайх дотооддоо хэрэглэж магадгүй. Үлдсэн 70 хувийг гадаадынхан 10.000 төгрөгөөр авчихна. Өөрөөр хэлбэл, малчинд очиж байгаа ашиг л багасч байгаа хэрэг.

-Тэгвэл мал аж ахуйн салбарт ч өрсөлдөөн байх ёстой гэсэн үг үү?

-Мал аж ахуйн бүтээгдэхүүн байнга сэргээгддэг учраас өрсөлдөөн нэг номер. Төрийн бодлого өрсөлдөөнийг хэзээ ч хязгаарлаж болохгүй. Үүгээрээ малчинд очиж байгаа мөнгө илүү байх ёстой. Яагаад гэвэл нэг сая хүнийг тэжээж, 600 мянга орчим хүний ажлын байр бий болгож байгаа. Хоёрдугаарт, манайхан ярьдаг. Үйлдвэрүүд яагаад байгаа юм бэ гэж. Гэхдээ үүнийг хангахын тулд бид юу хийж болох вэ гэдгийг судалж байгаа. Энгийнээр нь ноолуурыг хэлж өгье л дөө. 10.000 тонн ноолуур энэ жил дунждаар 100.000 байсан гэж бодъё. 1.2 их наяд төгрөг болно. 170.000 малчинд хуваахад нэг малчны энэ жил охиноо сургуульд сургах мөнгө, гурилынхаа мөнгө гээд 15 сая төгрөг олно доо. Үүн дээр хязгаарлалт тогтоочихоор чадахаа байчихна. Энэ жил ноолуур сайн байснаас эдийн засаг өсч байна. Дээрээс нь малчид маань нүд нь сэргэг явж байна. Хаан банкны машин ирэхэд зугтаж уулын орой дээр гарах шаардлагагүй болсон.

Яагаад гэвэл энэ нөхөд ноолуур, махныхаа мөнгөөр зээлээ төлнө. Ингэхээр эдийн засгийн цус нь амархан эргэнэ. Тийм болохоор өрсөлдөөний орчныг сайжруулах ёстой гэдэг зүйлийг хэлээд байна. Махан дээр тогтож ярья. Жилд 400 мянган тонн мах боловсруулдаг гэж дээр хэлсэн. Түүний 100 гаруй мянган тонныг дотооддоо өдөр тутамдаа хэрэглэнэ. Их хэмжээгээр нөөцөлж авдаг үе нь 9-11 дүгээр сар. Энэ үед 300 мянган тонн махыг бэлдье гэж бодъё. Малчнаас бол кг тутмыг нь 6000 төгрөгөөр авчих болов уу гэж бодож байна.

Тэгэхэд л 1.8 их наяд төгрөг хэрэгтэй. Мал аж ахуй бол экологийн цэвэр бүтээгдэхүүн. Мал аж ахуйн түүхий эдийг Монголд боловсруулахын тулд дор хаяж гурван их наяд төгрөг хэрэгтэй байна. Гурван их наяд төгрөгийг өнөөдрийн банкны 16 хувийн хүүтэйгээр жил орчим ашиглуулах эрсдэл хийдэг хөрөнгө оруулагч алга. Тиймээс том хөрөнгө оруулагчид, гадаадынханд хандаж энэ асуудлаа шийдэх ёстой. Энэ бол үндсэн асуудал. Хэрэв үүнийг бэлдвэл хоёр дахь том асуудал үүснэ.

-За ингээд бэлдээд авчихлаа гэж бодъё. Зах зээл хангалттай байж чадах уу?

-Аль ч юмыг зах зээл дээр зарж чадаж байна уу, үгүй юу гэдгээр шийддэг. Түүхий эд бол хэзээ ч зарагдана. Гэхдээ ямар бүтээгдэхүүнийг гарцаагүй борлуулж болохоор байна вэ гэдэг чухал. Энэ тал дээр бид бас судалсан. Махан дээр бол махны хэрэглээ хаана байна вэ. Хүн амын 50 хувь нь сууж байгаа Улаанбаатарт байна. Мах комбинатууд нь ч энд байна. Харин малыг малчны хотноос туугаад ирдэг хүн байхгүй болсон. Маш их эрсдэлтэй. Зардал өндөртэй Улаанбаатар хотын арьс ширний үйлдвэрүүд тэр чигээр өмхий үнэртэй. Тиймээс эклологийн цэвэр малыг тайван аргаар нядалгаанд оруулах ёстой гэсэн шийдэлд хүрээд байгаа. Мах нь хүртэл амттай. Малыг нядалгаа хийдэг газрыг малчдад ойртуулж, авто замтай, цахилгаантай газруудад байршуулахаас өөр аргагүй гэсэн стратеги том зорилт гарч ирсэн.

-Мах комбинатуудыг орон нутагт байгуулна гэсэн үг үү?

-Эхний ээлжинд зөвхөн үйлдвэрлэлийн аргаар гаргасан махыг экспортод гаргая. Өнөө шөнө би малаа хөдөө суманд нядаллаа. Сайхан загсааж хагас хөлдөөгөөд Улаанбаатарт маргааш өглөө нь том зах дээр авч ирнэ. Ингэхэд хөдөөд нэг жижигхэн нядалгааны цехийн дундаж тооцоо 80 орчим хүн ажлын байртай болно. 150 км-ийн радиустай 100 мах комбинат орон нутагт байгуулъя. Тэгвэл 8000 хүн ажлын байртай болчихно. Үүнийг дагаад арьс ширний анхан шатны үйлдвэр гараад ирнэ. Бас бүх дайвар бүтээгдэхүүн цэвэрлээд явуулна. Цаашид “Номин” гэх мэт том сүлжээ дэлгүүрүүдээс захиалга ирж эхэлнэ, дэлхийн жишгийн дагуу. Ангилан гаргах ажил 10 жилийн дараа эхэлчихнэ. Дээрээс нь мал эмнэлгийн асуудал ч шийдэгдэх юм. Монголын номер нэг асуудал болох хөдөлмөрийн бүтээмжтэй ажлын байр бий болно. Дээр нь шилжилт хөдөлгөөн цэгцэрнэ. Арьс ширний анхан шатны тордолт хийнэ. Тэгээд боловсруулах үйлдвэрүүдтэй Дархан, Эрдэнэт хот руу зөөнө. Энэ том асуудлыг зөвхөн судалгаа хийгээд хаяхгүй. Хэдхэн хоногийн өмнө би Эрдэнэт яваад ирлээ. Эрдэнэтээс маш том олзтой. Мал аж ахуйн бүтээгдэхүүн, арьс ширэн дээр маш чухал асуудал цэвэрлэх байгууламж байдаг. Тэнд 24000 м.куб, 25000 м.куб ус цэвэрлэх байгууламж байна. Нэг нь ашиглалтгүй байна. Яг ийм 30.000 м.куб ус цэвэрлэх бас нэг байгууламж Дарханд байна. Эдгээрийг ажил хэрэг болгохоор цаашид бүх салбарынхтай хэлэлцэж, ярилцаж өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *