Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалыг үр дүнтэй боллоо хэмээн судлаачид ам сайтай байна. АНУ Монгол Улсын хувьд стратегийн түншлэлийн харилцаатай тав дахь улс болсон нь үүнийг илтгэж буй биз. АНУ-ын хувьд 17 улстай стратегийн түншлэлтэй. Тэдгээрт өндөр хөгжилтэй улсууд л багтдаг гэдгийг онцолъё. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн талаар энэ айлчлалаар хөндсөн. Уг хууль батлагдахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг хоёр талын төрийн тэргүүн нарын зүгээс илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвд “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр сэтгүүлч, эрдэмтэн судлаачидтай уулзалт, ярилцлага хийсэн. Таван минутын уулзалт 40 минут болон сунгагдсан гэх зэргээр арвин үйл явдалтай, үр дүнтэй айлчлал боллоо гэдгийг ч судлаачид хэлж байна.
Дипломат харилцаа гэдэг ангид, тусдаа, ойлгоход бэрх зүйл огт биш. Дипломат харилцаа гэдэг тухайн улс орон өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, мөн нөгөө улсынхаа эрх ашгийг харгалзан үзэж, харилцан ашигтай байхыг хэлж буй. Энэ бүхэн хүн хоорондын харилцаан дээр л тогтоно. Тухайн лидерийн ур ухаан үүнд тун чухал. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч цөөн хүн амтай, буурай орных гэсэн өнцгөөс бус амбицтайгаар өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьж чадсаныг хэн хүнгүй ярьж байгаа юм. Үүнээс энэ удаагийн айлчлалын далайц хэр өргөн хүрээний, ач холбогдол, унац нь ямар вэ гэдгийг харж болохоор байна.
Бүх зүйл хоёр талтай. Энэ чухал айлчлалыг сайн, үр дүнтэй болчих вий, Х.Баттулга дэлхий нийтэд сайхан харагдчих вий гэхээс айдас хүйдэстэйхэн суусан хэсэг бүлэг нөхөд ч байв. Зарим нь тэсгэл алдан АНУ-ын ерөнхийлөгч Трампыг мэншион хийж жиргэнэ лээ. Нэг жиргээч бүсгүй “Тэрээр хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш Монголд агуу ардчиллыг бий болгоход хүргэсэн тулгуур багануудыг нэг нэгээр нь сүйрүүлэх болсон. Монгол Улсад гуравдагч хөршийн туслалцаагүйгээр ардчилал дахин хэзээ ч сэргэхгүй. Эрхэм хүндэт Д.Трамп, бидэнд таны тусламж хэрэгтэй байна. Таны дэмжлэг үгүй бол бид бүс нутагтаа ардчиллыг амжилтгүй хэрэгжүүлсэн улсын нэг болох нь. Бид эргээд Оросын, бүр муугаар бодвол Хятадын нөлөөнд автах нь гэж эмээж байна” гэжээ. Нэг нөхөр мөн л Трампыг мэншион хийж байгаад Ерөнхийлөгчийн эсрэг тусгайлан бэлдсэн постероо хавсарган “Fuck” хэмээн жиргэсэн харагдсан. Тун хариуцлагатай, өргөн хүрээтэй энэ айлчлалд хувийн гомдол, эрх ашгаар хандах нь хэр зохистой юм бол доо.
Ер нь ч тэгээд сошиал ертөнцөд нэг пост бичсэнээр тусгаар улсын аюулгүй байдал, ардчиллын үнэ цэнийг аварна гэдэг ч юу л бол. Харин “Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар” гэгчээр улс орноо муухайгаар харагдуулчих шиг боллоо. Х.Баттулга сайн, муу хүн эсэх, түүнд хэн нэгэн дургүй байх нь энэ тохиолдолд огтоос хамаагүй юм. Ерөнхийлөгч хувь хүнийхээ зүгээс бусдад яаж ч ойлгогдож болно. Гэхдээ тэр бол 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улсын төрийн тэргүүн. Ерөнхийлөгчөө дэлхий нийтэд муу, муухайгаар харуулж байгаа явдал нь бид өөрсөд рүүгээ нулимж буй хэрэг. Дэлхий дахинд энэ хүний тухай сөрөг зүйл яриагүй байхад бид харийнханд муугаар харуулна гэдэг өөрийгөө л, Монгол Улсаа л доромжилж байна гэсэн үг. “Олгой хагаравч тогоон дотроо” гэсэн философитой улс биш сэн билүү, бид.
Монгол Улс дэлхийн 190 гаруй улстай дипломат харилцаатай. Энэ бат бөх гүүрийг бий болгохын төлөө олон мянган эх оронч амиа өгч, олон аавын хүү, ээжийн охид ухаанаа сийлсэн. Энэ гүүрийг нураах, эмтлэх, сэвтүүлэх, үгүйсгэх эрх нь зөвхөн тэдэнд л бий. Хэн дуртай нь шүлсээ үсчүүлэх төдийхнөөр үгүйсгэгдэж боломгүй зүйл бол тусгаар тогтнол, Монгол гэх нэр юм. Энэ бүхнийг онцолж буйн учир нь дэлхийн тавцанд Монголын төрийг Ерөнхийлөгчөөр л дүгнэнэ, цэгнэнэ. Энэ гурван сая хүнийг Төрийн тэргүүн л төлөөлнө. Тэртэй тэргүй Монголын нийт ард түмэн энэ хүнийг Ерөнхийлөгч болгоно оо гээд сонгочихсон. Түүнд өөрсдийгөө, төрт улсаа төлөөлөх эрхийг өгчихсөн. Үгүй ээ тэгээд хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-ын ерөнхийлөгч манай төрийн тэргүүний дал мөрийг алгадан найрсгаар угтан авсныг бид ч, дэлхий ч харлаа шүү дээ. Тийм байхад бид нэмэр болохгүйгээс нэрмээс болж яанам бэ.
“Дэлхий дээр ардчилсан, ардчилаагүй улс, тусгаар тогтносон, хэн нэгэн улсын хараат улс гэж байдаг болохоос том, жижиг улс гэж байхгүй. Том, жижиг Ерөнхийлөгч ч гэж байдаггүй” хэмээн Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Өдрийн сонин”-ы тоймч Г.Дашрэнцэн агсан одоогоос зургаан жилийн өмнө бичиж байсныг нэхэн сануулах нь зүйтэй болов уу.