Говь-Алтай аймагт жил бүр уламжлал болгон зохиогддог “Алтайн бахархал” наадам наймдугаар сарын 10-наас 11-нд арав дахь жилдээ болно.
2010 оноос эхлэн уламжлал болгон зохиогддог наадам энэ жил “Алтайн хурд-2019” шигшмэл морьдын уралдаан нэрийн дор болох аж.
Баяр наадам Говь-Алтай аймгийн морь барианы газар болох Мандалтын дөрөлжид болох бөгөөд хүчит 128 бөхийн барилдаан, зургаан насны хурдан морьдын уралдахаас гадна харваачид цэц мэргэнээ сорино.
Энэ удаагийн наадамд зөвхөн Говь-Алтай аймгийн уяачдын уясан зургаан насны морьд уралдах аж. Мөн азарга, их насны морьдыг урилга, мандатаар уралдуулж, азарга, их нас, соёолон насны түрүүлсэн морийг автомашинаар байлахаар болжээ.