Categories
мэдээ цаг-үе

Ж.Батчулуун: Телевизийн антенийг идэр ес эхэлсэн байхад барьж байлаа

2005 онд хуучнаар Радио телевизийн сүлжээний газар одоогийн Үндэсний радио телевизийн сүлжээний улсын төсөвт үйлдвэрийн газрын техникч, инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад настан Ж.Батчулуунтай ярилцлаа. Тэрбээр Улаанбаатар хотын хамгийн өндөр байгууламж гэгдэх Монголын үндэсний радио телевизийн антенийг барихад гар бие оролцож явсан гурван монгол иргэний нэг нь юм.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1946 онд төрсөн. 1953 онд хотод орж ирээд сургуульд суусан. Хожуу сурсан л даа. 16 дугаар сургуульд дөрөвдүгээр ангиа төгссөн. Ахлах ангиа Тавдугаар сургуульд дүүргэсэн. Тэр үед би Ардын жүжигчин Г.Мягмарнаран, МУГЖ Ш.Дэлгэржаргал нартай нэг ангид сурдаг. Үй зайгүй найзууд явлаа. Сургуулиа төгсөөд Тээвэр холбооны яаманд саналаараа очсон. 1965 онд Телевизийн курс хичээллүүлж эхэлсэнд би сурлагаараа тэнцээд орсон юм.

-Ямар чиглэлээр сурсан бэ?

-Теникийн чиглэлээр. Телевиз гэдэг нэг талаараа уран бүтээл. Нөгөө талаараа үзэл суртлын хамгийн том зэвсэг. Тухайн үед Тээвэр холбооны яаманд би жолооч болъё л гэсэн бодолтой очсон. 1965 оны долдугаар сарын 15-нд Төмөр замын Текникум дээр хуваарь ирж 17 хүүхдийн нэр дурдсанд миний нэр орсон байсан. Нийт 40 хүн мэргэжил дээшлүүлэх курст явсан юм. Хурдасгасан хугацаатай. Зургаан сар онолоо үзээд нэг жил дадлага хийх нөхцөлтэй. Улаабаатарт хоёр сар хичээллээд Ленинград руу 17 хүүхэд, Москвад 23 хүүхэд явсан.

-Та Ленинградаас шууд ирээд Үндэсний телевизэд инженерээр орсон юм уу?

-Зургаан сар хичээллэхдээ антень, нэвтрүүлэх станц, хүлээн авах станц, хэмжилт, цахилгаан техник гэх мэт арав гаруй хичээл орсон. Эндээс явахдаа хүн болгонд мэргэжил заагаад явуулсан. Очоод шууд л дээд сургуулийн багш нар орчуулга байхгүй орос хэлээр хичээлээ зааж эхэлсэн. Би радио гэж юу байдгийг мэдэхгүй. Сонсож л өссөн. Телевиз гэж юу байдгийг мэдэхгүй. Би телевизийн нэвтрүүлэгч антений техникч гэсэн мэргэжлээр суралцахаар болсон. Тэгэхэд явсан хүмүүсээс дээд сургууль төгссөн гурван хүн, 3-10 жил ажилласан 17 хүн, арван жил төгссөн 19 хүүхэд явсан юм. Түүнээс хоёр хүн нь буцсан. Тэгээд зургаан сарын курсээ дуусгаад нэг жилийн дадлагатаа гарч байтал 1966 оны арванхоёрдугаар сарын 22-нд гэнэтхэн намайг дуудлаа. Цэнджав гэдэг хүн “Чиний мэргэжлийн ажил эхэлсэн. Чи тэнд очиж ажилла” гээд би буцаж ирсэн юм. Шинэ жил болохын арай өмнөхөн Монголдоо ирээд амарч байгаад Холбооны яаманд очсон. Чулуун гэдэг хүнтэй уулз гээд уулзтал “Чамайг антен дээр ажиллуулах болсон. Хоёр орос хүнтэй цуг ажиллана. Очоод уулз” гээд 1967 оны нэгдүгээр сарын 10-нд ажилдаа орсон юм.

-Таныг очиход антений ажил эхэлсэн байсан уу?

-Тэр хоёр орос бүх материалаа өдөр өдрөөр нь дугаарлаад тавьчихсан байсан. Антен 16 метр босчихсон, суурь нь зургаан метр гүн суусан байлаа. Өргөх цамхгийг агаарт тогтоочихсон байсан юм. Антений талаар мэргэжсэн М.Дорж, Н.Тогоонтөмөр гэж хүн хоёр байсан. Н.Тогоотөмөр нь антений инженер, М.Дорж нь явуулын станцын антений техникч байсан юм.

-Үндэсний телевизийн антенийг босгоход хичнээн хүн гар бие оролцсон юм бэ?

-12 орос, үлдсэн нь монгол ажилчид оролцсон.

-Хэр хугацаанд барьсан юм бэ?

-Би нэгдүгээр сарын 10-нд ирсэн шүү дээ. Тавдугаар сарын 15 гэхэд дуусаад нэвтрүүлэхэд бэлэн болсон. Үнэндээ Үндэсний телевизийг есдүгээр сарын 27-нд байгуулагдсан гэж ярьдаг. Түүнээс өмнө наадам дамжуулсан шүү дээ. Антенийг дүн өвлийн хүйтэнд идэр ес эхэлсэн байхад барьсан. Хаврын хавсарга салхитай үед л антенийг босгосон юм.

-Яагаад зуны дулаан улиралд бариагүй юм бэ?

-Зун бороо их орно. Аянга цахилгаан ихтэй. Зун аюултай учир өвөл барьдаг. Ер нь өвөл барих ёстой юм л даа.

-Одоо антенийг бариад 50 гаруй жил болчихлоо. Энэ хугацаанд эвдрэл гэмтэл учирч байгаа байх даа?

-Элэгдэл хогодолд орно л доо. Гэхдээ засвар будгийн ажил сайн хийх хэрэгтэй. 5-6 жилийн өмнө антениа сольсон. Цамхаг бол 186 метр өндөр. Дээр нь 13 метр антен бий. Манай орон их уулархаг. Манай станцын радиус 90 км-т л цацах үүрэгтэй. Дээр үед Төв аймаг, зуслангийн айлуудад телевиз үзэхэд дүрс муу байдаг байсан шүү дээ. Одоо бол ямар ч саадгүй болчихсон.

-Яаж тэгэж саадгүй гарах болов?

-Дахин дамжуулах станцыг байгуулсан. Дамжуулах байгууламж гэж ярьдаг шүү дээ. Энэ бол дамжуулах байгууламж биш.

-Телевизийн антень барина гэдэг бусад барилга байгууламж барихаас юугаараа ялгаатай вэ?

-Манайх бол Үндэсний телевизээс тусдаа байгууллага. Радио телевизийн сүлжээний газар одоогийн Үндэсний радио телевизийн сүлжээний улсын төсөвт үйлдвэрийн газар болсон. Телевизийн бүх техникийг хариуцдаг газар. 1934 онд радио анх ашиглалтад орсон. Үүнээс үндэслэж манай 85 жилийн ой болж байгаа. Телевизийн антень барина гэдэг бусад барилгаас хамаагүй өөр. Өвөл барих ёстой. Өндөрт аюултай орчинд ажиллана. Тохируулга холболт бүгд өөр.

-Өөр та хаана ажиллаж байв?

-Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай, Баян-Өлгий, Өмнөговь аймагт манай байгууллагын радио телевизийн станц ажилладаг. Тэдгээр байгууллагуудынхаа бүх засвар, тохижилтыг хийнэ. Тохижилтыг тэндхийн ажилчид өөрсдөө хийнэ. Засвар хийхэд хүн хүч дутмаг байвал эндээс хүн очиж хийнэ. Бидэнд хийхэд хамгийн хүндрэлтэй ажил нь телевизийн дуу дүрсний тохируулга. Үүнийг нэгдсэн сүлжээгээр сар бүр хийдэг. Би Монголын бүх антень дээр ажилласан. Хонхорын радио станцид бүгдэд нь ажилласан.

-Аналог системээс тоон системд шилжсэн гээд байгаа. Энэ системийн ялгаа юу байдаг юм бол?

-Би түүнийг сайн мэдэхгүй байна. Намайг тэтгэвэрт гарснаас хойш шилжсэн систем.

-Таны үеийн аналог систем яаж ажилладаг байсан бэ?

-Хүн болгон антен тавина, телевиз засна гэж ярьдаг байлаа. тэр чинь хүн болгон хийгээд байдаг ажил биш. Хүлээн авагч гэдэг хүн болгон оролдоод байдаг эд биш. Телевизорыг цаанаас нь тохируулга хийчихсэн байдаг. Тэр тохируулга алдагдвал эргээд тохируулна цацна гэж байхгүй. Анх авснаараа гамтай хэрэглэх ёстой. Ганц нэг ламп шатахад түүнийг сольж засч болно л доо.

-Антен эвдрэл бага авахад будгийн ажил хамгийн чухал юм аа даа?

-Будаг антенийг зэврэлтээс хамгаалдаг. Зэвэрчих юм бол элэгдэл хурдан явагдана.

-Манай орны анхны станц хэзээ байгуулагдаж байсан юм бол?

-Улаанхуаранд хоёр өндөр гэж байдаг даа. Тэнд анх хятадууд радио станц байгуулж байсан юм билээ. Одоо тэр хавьд нь айлууд буучихсан. 98, 99 метрийн өндөр. 100 метрийг нь буулгаад аваад явчихсан байна лээ. Түүнийг 1919 онд барьсан гэдэг. Манж, Хятадын дарлалын үед Монголд болж байсан үйл явдлыг урагш дамжуулах үүрэгтэй байж. Миний бодлоор одоо тэр сайхан түүхэн дурсгалтай зүйлийг будаад ашиглачихвал хэрэгтэй л санагддаг.

-Телевизийн бүх техник хэрэгслээ засна гэхээр камер, дуу бичлэг гээд бүх төрлийн техникүүдээ засах уу?

-Би бол жижиг хэрэглэлүүдийг засдаггүй. Тусдаа хүмүүс ажилладаг. Дондогравдан гэж хүн бий. Тэр хүн камер хэрэглэл засдаг байсаар гавьяат холбоочин болсон. Манай курсээс гурван гавьяат төрсөн. Одсүрэн, Гантөмөр, Баяраа гэсэн хүмүүс.

-Өвөл өндөрт ажиллана гэдэг маш их тэвчээр шаардсан ажил байх даа?

-1983 оноос хойш би эрүүл мэндээ анхааръя гэж боддог болсон. Яагаад гэвэл Хандгайтад Берлиний нэг станц байсан. Тэр антенийг буулгахаар болоод би очсон юм. Тэр үед Улаанбаатар хотоос телевизийн антен, гурав, дөрөвдүгээр станцын яндан энэ гурав л харагдаж байгаа юм. Нүүгэлтсэн цагаан утаа. Тэгээд л энэ утаан дунд ажиллахад дэмий юм байна гэж бодоод Холбооны яаманд өргөдлөө өгөөд Хонхорын станц руу очсон. Амгалангаас цааш утаа байхгүй. Цэвэр агаартай байдаг байлаа. Хонхорын радио станц өвлийн дүн хүйтэнд шөнөдөө 40-50 градус хүртэл хүйтэрнэ. Тэгээд долгион нь тасардаг. Түүнийг янзлахаар гарахад хөвөнтэй өмдөн дотуур хоёр давхар ноосон өмд өмссөн байхад л юу ч өмсөөгүй юм шиг сийгдэг. Тийм л хүнд нөхцөлд ажилладаг байлаа.

-Дэлхийн хамгийн өндөр телевизийн антень хэдэн метр вэ, хаанахын антен юм бол оо?

-Францынх гэж ярьдаг. Яг хэдэн метрийг би сайн мэдэхгүй байна. 700 гаруй гэж ярьдаг. Миний мэдэхээр Москвагийн телевизийн антен 533 метр. Ленинградын антен дээр би өөрөө ажиллаж байсан. Тэр бол 316 метр.

-Мэдээж өндөр дээр ажиллаж байгаа учир аюулгүй ажиллагааны дүрмийг сахидаг байсан байх?

-Тийм. Манайд аюулгүй ажиллагааны нарийн дүрэмтэй. Түүнийг ягштал биелүүлдэг. Жишээ нь, би хэдэн метрийн өндөрт ажилах уу, хаана юу хийх үү, ямар завсарлаагаатай байх гэдгээ нэгд нэгэнгүй рапорт дээр бичнэ. Тэгээд гарын үсгээ зураад ажилдаа гардаг. Би 39 жил ажиллахдаа аюулгүй ажиллагааны дүрмээ л ягштал биелүүлж ирсэн дээ.

-Таны мэргэжлийг хүүхдүүдээс тань өвлөж авсан хүн бий юү?

-Бага хүү миний мэргэжлийг өвлөсөн. Одоо телевизийн нэвтрүүлэх станцид антений инженер хийдэг. Хүнд хэцүү байна гэж ер нь хэлдэггүй. Хүн дурласан зүйлээ хүнд хэцүү гэж ярьдаггүй шүү дээ. Хүүгээ би бага байхад нь Хонхорын станцид хэд хэдэн удаа дагуулж очсон л доо. Түүнийг хараад л дурласан юм шиг байгаа юм. Одоо мэргэжлээрээ арваад жил ажиллаж байна.

-Хүү тань таны мэргэжлийг өвлөнө гэхэд юу бодогдож байв. Сургаж захидаг зүйл бий юү?

-Өөрөө дурлаад сонгосон болохоор дуртай л байсан. Би хүүдээ ганц л зүйл захидаг юм. Дээр байхдаа хүнтэй битгий маргалдаарай. Ууртай уцаартай, түргэн ааштай хүмүүс байна. Цохиод унагааж магадгүй. Хүнтэй маргалдвал хурдхан шиг буулт хийгээрэй л гэдэг. Миний баримталдаг ганц зарчим бол энэ. Орос багш нар ч тэгж сургадаг байсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *