Categories
мэдээ цаг-үе

Охид жингээ барьж байна гэж тэжээлийн дутагдалд орсноор үргүйдэл үүсч байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанарын албаны дарга, тэргүүлэх зэргийн эмч, магистр Д.Одончимэгтэй ярилцлаа. Сүүлийн үед залуус гадаад үзэмжиндээ анхаарч, турах гэж улайрч байгаагаас болж эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад үргүй болох, өөрөөрөө төрж чадахгүй байх, төрүүлсэн хүүхэд нь өвчин эмгэгтэй гарах зэрэг олон эрсдэл дагуулж байгаа аж.


-Нийгмийн хөгжлийг дагаад залуус гадаад үзэмжиндээ анхаарах хандлага эрс нэмэгдэх боллоо. Булчинлаг, гоолиг сайхан байхын тулд элдэв төрлийн бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх зэргээс болж эрүүл мэндээрээ хохирох явдал гарч байна гэж сонслоо…?

-Бие хүний өөрийнхөө үнэлэмжтэй холбоотой асуудал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Үүний нэг тодорхой жишээ сошиалаар харагддаг шүү дээ. Тэгж ч дэглэм барьж байна. Ингэж ч турна гэх зэргээр бичсэн байдаг. Гэтэл энэ нь яг эрүүл амьдралын хэв маяг байж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Сайн судлахгүйгээр жингээ хэт барих гэж тураах элдэв бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнээс болж охид эрдэс, уургийн дутагдалд орж, асуудал хүндрэх тохиолдол гарч байна. Тухайлбал, над дээр биеийн жингээ барихын тулд хоолноос татгалзаад, сүүлдээ энэ нь сэтгэлзүйн эмгэг болтол хүндэрсэн хүмүүс ирж зөвлөгөө авдаг. Дөнгөж 20 нас гараад л сарын тэмдэг нь зогсчихсон. Үргүйдэл үүссэн гэсэн онош тавигдаад ороод ирж байна. Биеийн жингээ барихын тулд бодисын солилцоонд өөрчлөлт орох хүртэл арга хэмжээ авчихсан хүмүүс байгаа юм.

Түүнчлэн, царай зүсээ сайхан болгохын тулд янз бүрийн хүнсний нэмэлтүүд хэрэглэдэг. Тэрийгээ анагаах ухааны үүднээс судалж, танихгүй байна. Дандаа л бусдыг даган дуурайж, эсвэл сошиал, хэвлэл мэдээллээс авсан мэдээллээр яваад орчихсон байдаг. Тэд хортой үр дагавар нь юу болохыг тооцож чаддаггүй. Наад зах нь нөхөн үржихүйн насанд хүрч байгаа охид, хөвгүүдэд үргүйдэл үүсч байна. Нөхөн үржихүйн гол шинж болсон биений юм ирэхгүй байна. Эрэгтэй хүн дээр эр бэлгийн эсийн ялгарал үгүй болох, эсвэл идэвхгүй эр бэлгийн эс ялгарах асуудал байна. Ялангуяа, фитнесст явж байгаа залуус уургийн бэлдмэл их хэрэглэдэг. Уураг 3-4 жил уусан, одоо хүүхэдтэй болохгүй байна гэж орж ирдэг. Сэтгэлзүйн тусламж авахаар орж ирж байгаа залуусын дагалдах шинжилгээнүүд ийм асуудлуудтай байна.

-Танай дээр эдгээр хүмүүс сэтгэлзүйн зөвлөгөө авах зорилгоор ирж байна уу. Эсвэл эмэн эмчилгээний түвшинд яригдаж байна уу?

-Би таргалчих вий гэсэн айдастай болчихож байгаа юм. Айдастай, түгшилттэй хүн энэ бүхнийг даван туулахын тулд ямар нэг арга хэрэглэдэг. Жишээлбэл, жингээ хасах ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэнэ. Ингэснээр таргалахгүй байх гэж үздэг. Гэтэл энэ эм нь үндсэн тусламж болж чадахгүй байна. Энэ тохиолдолд айдсын эсрэг, сэтгэл түгшилт, гутралын эсрэг эмэн эмчилгээ хавсран хийх тохиолдол байна. Зарим хүний хувьд бүр хэвтэн эмчлүүлэх заалт үүссэн байдаг. Одоогоос хоёр жилийн өмнө манай хүүхдийн тасагт 18 настай охин хэвтсэн. Тэр биеийн жингийнхээ 30 хувийг алдчихсан. Орж ирэхдээ бидний нүдэнд их л туранхай харагдаж байгаа юм. Гэтэл судсаар нь дусал хийж, эрдэс нөхөх гэхэд бүх зүйлээс татгалзаж байна. Тиймээс хүчээр эмчилгээнд оруулахаас өөр аргагүй байх жишээтэй.

-Дусал хийлгэхээс татгалзаж байгаа шалтгаан нь юу вэ?

-Таргалчихна гэсэн айдас. Энэ тохиолдолд тухайн хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөөд нөхцөл байдлыг өөрчлөхөд хэцүү. Сэтгэцэд нөлөөт эмийн эмчилгээг хавсаргах шаардлага гардаг. Нөгөөтэйгүүр, тураах эм удаан хэрэглэснээр тодорхой хэмжээгээр бодисын солилцоонд нөлөөлж сэтгэл гутралд ордог зүйл байдаг. Жишээлбэл, махлаг эмэгтэй хүн байж болно. Энэ хэвийн зүйл. Гэтэл үүнийгээ хэвийн биш гэж үзээд өөрийгөө бөөлжүүлээд, туулгаад байвал сэтгэцийн тулгамдсан асуудал үүсч байна гэсэн үг. Ер нь энэ бүхний цаана тоглолт хийдэг хүмүүс байна. Ийм юм тэдэн хүнийг эдгээсэн, үүнийг хэрэглээд эрүүл болно гэх зэргээр баталгаа нотолгоогүй зүйлийг сурталчилдаг.

-Хоолоо сойсоор байгаад хэт турсан эмэгтэйгээс эрүүл хүүхэд төрөх магадлал бага уу?

-Туранхай, тэжээлийн доройтолтой эмэгтэйгээс цус багадалт, рахит, тэжээлийн доройтолтой хүүхэд л гарна. Хүүхэд нь төрөөд өвчин орооно. Эх, эцэг ахиад хямарна. Иймэрхүү зүйл байгаад байна.

-Энэ байдлыг нийгмийн хөгжлийг дагаад гарч ирж байгаа нэг сөрөг хандлага гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Ер нь манайд дээрх хүмүүс хэзээ ч өөрөө ирдэггүй. Ар гэрийнхээ шахалтаар ирж байгаа юм. Энэ хүүхэд хоолоо сойгоод болохгүй байна гэх зэргээр ар гэр нь авчирдаг. Үүнтэй холбоотойгоор сэтгэцийн эрүүл мэндийн боловсролын асуудал хөндөгдөж байна.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *