Categories
мэдээ цаг-үе

Д.Ганмягмар: Ихэр охидыг төрөхөд Чинжигийн маань багш Н.Жанцанноров, Б.Шарав ах хоёр нөхөр минь юм шиг өөриймсөг хандаж байсан

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг. Охин нь аавынхаа зураг дээр цэцэг зурсан ажээ.

Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг 1955 онд Булган аймгийн Могод суманд төржээ. Тэрээр 1975 онд Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн ангийг, 1986 онд Уралын хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг тус, тус төгссөн. Анхны багш нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров бөгөөд анхны уран бүтээл нь “Учран золгохын ерөөл” дуу байв. Урын сандаа 300 гаруй нийтийн болон найрал дуутай бөгөөд цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл туурвижээ. 1990 онд “Илдэн уулын цуурай” оратори нь Азийн шилдэг бүтээлийн жагсаалтад бичигдэж, ЮНЕСКО-гийн алтан санд бүртгэгдсэн байна. 1994 онд “Дууны хорвоо” бүтээл нь шилдэг бүтээлээр шалгарч “Морин хуур” уралдааны тэргүүн шагналыг хүртсэн. “Илдэн уулын цуурай”, “Тэмүүжин” дуурь, “Үүлэн цэнхэр хангай”, “Ус мөрөн олон чиг”, “Намрын дурсамж”, “Зүүдний говь”, “Учран золгохын ерөөл” бүтээлүүдээрээ 1996 онд Төрийн соёрхол хүртжээ.

Д.Урианхай, Д.Ганмягмар нар.

Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн гэргий, сэтгүүлч Даваасүрэнгийн Ганмягмартай уулзаж хөөрөлдлөө.


-Та ямар ажил хийж байна даа?

-Сүүлийн үед нас явж, намба суугаад ч гэх юм уу үнэний мөр, үйлийн үрийн учир шалтгааныг ойлгохоор бясалгалыг судалж нэлээд үзлээ. Бясалгал руу орох шалтгаан маань эрүүл мэндтэй холбоотой байсан. Олон эмнэлгээр явсан ч үр дүн муутай байлаа. Зарим эмнэлгийнх нь төлбөр өндөр байна. Өөрийн хийж чадах юм өөрийгөө л таних учраас олон хүн, амьтан ах дүүд төвөг удахгүйгээр эмчилчих санаатай бясалгалд шимтсэн. Хүн эрүүл амьдрах учиртай. Эх хүн чинь үр хүүхдийнхээ төлөө л зүтгэж явдаг. Тиймээс рейки бясалгалын тухай сонсоод багштай нь уулзаж эмчлэгдэхгүй гэж байсан өвчнөөсөө салсандаа баяртай явдаг. Нурууны үе шохойжчихсон байсан. Хусах хэрэгтэй, Монголд хийдэггүй эмчилгээ, Бээжин рүү яв гэсэн оноштой байсан. Маш их өвддөг байлаа. Хүүхдүүд маань ч жаахан байж. Рейкигийн багш маань Турсун гээд мундаг хүн байдаг. Академич Цэрэнсодном гуайн бэр шүү дээ. Өнгөрөгч хавар “Манай бэр” реалити шоунд оролцож байсан даа. Хүний бие махбод чинь энергийн цогцолбор байдаг. Таван махбод, таван хий, арга билгээс бие махбод бүрдэж байдаг байгалийн бүтээгдэхүүн юм байна шүү дээ. Өөрийн биеийн урсгалын энергийг жигд байлгаад байхад хүн эрүүл саруул яваад байх боломжтой юм байна. Багшаараа эмчлүүлснээр нурууны шохойжилт байхгүй болж, рентгэн зураг авахуулахад эмч намайг “Эв эрүүл байж” гэж бараг аашилсан.

-Бясалгалаар нурууны шохойжилт алга болчихож байна гэсэн үг үү?

-Бясалгал, энергийн дамжуулалт их эерэг үр дүнд хүрдэг. Энэ рейкигээр анагаагдахгүй өвчин гэж байдаггүй гэж ярьдаг. Хорт хавдартай хүн хүртэл эдгэрсэн. Нэгдүгээр эмнэлгийн нэг сувилагч өөрийгөө үүгээр эмчилсэн байдаг. Хараагүй хүүхдийг хүртэл хараа оруулсан тухай уран сайхны кино ч байдаг. Хүн өөрөө хичээгээд орчин, байгаль дэлхийгээ таниад ирэхийн цагт зөв хүн байх, эрүүл байх гэдэг дэргэд байдаг юм байна. 2000-аад оны эхээр “Агнистын гэгээ” цуврал гарч эхэлж байлаа. Нэг зуны амралтаар эхний дөрвөн ботийг авч уншаад “Мял Богдын гэгээрсэн түүх” үнэхээр гайхалтай санагдаж байсан. Цааш нь гайхан биширч явсаар “Жавзандамба хутагт төв”-ийн “Лавайн эгшиг” радиог сонсдог болсон. Нямсамбуу гавьжийн сониорхолтой ярилцлага, хичээлүүд их явна. Ингэж Нямсамбуу багшийн Буддын “Сонсъё, ойлгоё, хэрэгжүүлье” сэдэвт хичээлд сууж байлаа. Учир шалтгааныг ухах гэсэн зам мөр явсаар одоо “Жавзандамба хутагт төв”-ийн “Зохист аялгуу-89.7” радиод ажиллаж байна.

Д.Ганмягмар хүү, охидын хамт

-Таны хань, төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн жаран насны ой хэдэн жилийн өмнө болж байсан. Аавыгаа тэнгэрийн оронд одоход зөрж ирсэн ихэр охид нь одоо өчнөөн том болцгоосон байлгүй?

-Талийгаачаасаа хойш зовлон, жаргалтай амьдралын харгуйг туулж л явна. Хүний хань гэдэг нэгэн биеийн хоёр тал. Хүний амьдрал дээр ч арга билиг тэнцвэртэй байх учиртай. Эхнэр, нөхөр хоёр ч гэр бүлээ авч явах, үр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх үүрэгтэй. Гэвч, харамсалтай нь бид хоёр олон жил хамтдаа сайхан амьдарч чадаагүй. Талийгаач маань хоёр охиноо төрөхөөс нь арваадхан хоногийн өмнө өнгөрч, үхэл амьдрал хоёр солигдож байсан. Тэр айхтар хүнд үеийг бодвол цаг хугацаа олон жилийг ардаа үдэж. Талийгаачийг өнгөрөхөд надад үнэхээр хүнд хэцүү байсан. Дөнгөж төрчихсөн, нялх хоёр хүүхэдтэй. Бие тулгар эмнэлгээс гарч ирж, талийгаачийнхаа ажил явдлыг хийчихээд буцаад эмнэлэгт хэвтэж төрж байсан. Талийгаач маань намайг Нэгдүгээр төрөх эмнэлэгт өөрөө дагуулж очиж Үйлст эмчийн хяналтад оруулж байсан. Сайхан алтан гартай эмч, сувилагч нарын буянаар энх тунх төрж байлаа. Миний хоёр охиныг төрдөг өдөр ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай хөдөлмөрийн баатар цол авч байлаа.

-Чинжигийн найз нөхөд нь ирж байв уу?

-Хүнд үед хүний хамгийн ойр дотны нөхөд нь л байдаг юм байна лээ. Б.Шарав ах маань тэгэхэд дэргэд байлаа. Ханийн минь багш Жанцанноров гуай гүйж ирж байлаа. Академич Ж.Болдбаатар ахын гэргий яруу найрагч Оюунчимэг эгч ирж байсан. (Нулимс нь цийлгэнэж, хоолой нь зангираад ирэв. сур) Жанцанноров гуай, Шарав ах хоёр бараг л нөхрийг минь орлож байгаа юм шиг орж ирээд эмч нартай уулзаж их өөриймсөг хандаж байсан. Баярлаад баршгүй дээ.

-Тэр тэнгэрлиг туурвигчийн бүтээлүүдийг олон түмэнд хүргэх гэж хичээнгүйлэн зүтгэж байгаад тань Монголын ард түмэн баярлаж явдаг даа?

-Түүнийгээ тэнгэрт одсоноос хойш олон олон жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд талийгаачийнхаа уран бүтээлүүдийг дуугаргаж байх юмсан, бүтээлийг нь мөнхөд эгшиглүүлж байх юмсан гэсэн зорилгоор тоглолтуудыг тасралтгүй хийсэн. Тухайн үед дуулагдаагүй байсан дуунуудыг дуулуулчих гээд цэгцэлж ирлээ. Он өнгөрөх тусам ачаалал их л болоод байдаг юм байна. Ноднин жил талийгаачийн маань үеэл дүү нар нь Д.Содномдоржийн шүлэг “Учран золгохын ерөөл” дууных нь хөшөөг Булган аймгийн төвд Соёлын ордны төгсөгчдөд зориулсан цэцэрлэгт босгосон. “Дууны хорвоо” улсын уралдааныг гурав дахь удаагаа явууллаа. Болж өгвөл, таван жилийн давтамжтай тасалчихалгүй хийх юмсан гэсэн бодол байгаа. Дууны бүтээлүүдийг нь эмхлээд хэвлүүлсэн учраас 2015 оноос хойш хөгжмийн бүтээлүүдийг нь хэвлүүлэх ажилд орсон. “Илдэн уулсын цуурай” оротари, “Нэгдүгээр симфони”, “Ятгын концерт” зэрэг бүтээлүүдийг шивчихсэн байгаа. Оюутан ахуйдаа бичсэн прелюди зэрэг хөгжмийн зохиолуудыг шивүүлэхээр шилжүүлчихээд байгаа.


Ээж, охид. Булган хот. 2018 он.

-Хөгжмийн бүтээлүүд нь тэгвэл удахгүй олон түмний хүртээл болох нь ээ?

-Одоогийн байдлаар хяналтын шатанд явж байна. Амьхандаа л ойрын үед хийчих юмсан гэж хичээх юм даа.

-Ихэр хоёр охин тань Монгол Улсын консерваторид сураад байна уу?

-Монгол Улсын консерваторийн сонгодог хөгжмийн ангиудад сурсан. Ч.Номинцэцэг маань утсан хөгжим (эрдүү хийл)-ийн анги төгсөөд үргэлжлүүлэн суралцаж байна. Ч.Сувданцэцэг маань төгөлдөр хуурын анги төгсөөд СУИС-ийн концертмейстрийн ангид суралцаж байгаа.

-Чинжигийн унаган багын анд, их хөгжмийн зохиолч Б.Шарав агсан төрөөсөө хөдөлмөрийн баатар хэмээх хүндэт цол хүртээд удалгүй бурхан зүг одлоо. Шагнал авах үед нь очиж баяр хүргэв үү?

-Шагнал авсан өдөр нь очоогүй. Наадмын өмнө 10-ны өдөр хоёр охинтойгоо эмнэлэгт очиж эргэсэн. Энэ л бидний сүүлчийн уулзалт байж. Ийм хурдан явчихна гэж яаж төсөөлөх билээ дээ. Жаахан сууж байгаад “Хурдан тэнхрээд гоё болоод гараад ирээрэй” гээд гарсан. Шарав ахыг гэргий Ганаа нь сахиж байлаа. Тэгтэл наадмын дараахан Шарав ах минь бурхны орныг зорилоо доо. Шарав ах минь талийгаачаас хойш уран бүтээл, ойн үйл ажиллагаа гээд бүх л юманд зөвлөж, бидэнд хамгийн ойр байсан даа. Түүнийг өвдсөнөөс хойш харамсалтай нь тийм ч олон удаа уулзаж чадаагүй. Хүнийг өвдчихсөн байхад ойрхон ойрхон очоод байдаг ч ямар байдаг юм. Эмнэлэгт очиход бид гурвыг үнсээд, бие нь өвдөөд үнэхээр их шаналгаатай байгаа нь анзаарагдсан. Бурхан болсныг нь дуулаад “Шарав ах маань явчихлаа. Тэнгэрийн оронд Чинжигтэйгээ, Билэгжаргалтайгаа уулзаж байгаа байх даа. Ийм сайхан аялгуунуудаараа хүн олноо баясгаж, зөвхөн Монголдоо гэлгүй хүн төрөлхтнийг соён гэгээрүүлсэн улс Бурханы оронд л төрөх нь дамжиггүй” гэж бодсон. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг болохоор энэ миний л өөрийгөө тайвшруулах гэсэн арга биз дээ. Миний хоёр охин ч “Ээж ээ, тэд одоо уулзаж байгаа байх даа” гээд байгаа юм. Хүүхдүүдэд маань энэ хагацал их сонин байсан. Яагаад гэвэл тэд минь аавынхаа гарыг атгаж үзсэн биш. Шарав ахтай ойр байсан болохоор хүнд туссан шүү. (Нулимсаа залгин залгин зангирч байв. сур) Надаас илүү айхтар үг хэлж байсан. “Ээж ээ, ойрхон ойрхон эргэж очих минь яалаа даа” гэж байгаа юм.

-Нялх амьтдын сэтгэл ч цаанаа л нэг эмтрээд байгаа л даа?

-Харин тэгэх минь яалаа л гэж хэлэхээс өөр үггүй болох юм. Хүүхдүүд минь ийм байдалтай л байлаа даа.

-Ярианы сэдвээ жаахан өөрчилье дөө, хоёулаа. 25 дугаар суваг телевизэд ажиллаж байхдаа “Хорьдугаар зууны шилдэг дуунууд” нэвтрүүлэг хийдэг байл уу?

-Би урлаг соёлын нэвтрүүлгүүд ихэвчлэн хийдэг байсан даа. “Дуу төрсөн түүх”, “Мартахгүй” зэрэг нэвтрүүлгүүд байна. Миний хамгийн анх хийсэн нэвтрүүлэг гэвэл “Кино эхлэхийн өмнө” уран бүтээлчдийн уулзалт байна. Манай телевиз байгуулагдсаныхаа нэг жилийн ойг угтаад уран бүтээлийн уралдаан зарласан юм. Тэр уралдаанд зориулж инженер Жаргалсайхан эгч бид хоёр “Цогт тайж” уран сайхны киноны уран бүтээлчидтэй уулзаж, тухайн үедээ хөл хөдөлгөөн болж Дуурийн театраас “Учиртай гурван толгой” дуурийн ар талын хөшгийг авчирч, сэнс үлээлгэн тайзаа бэлдэж ярилцаж байсан. Тэр үед тайзаа гэрлээр л зоддог байлаа шүү дээ. Тэр нэвтрүүлэг уралдаанд түрүүлсэн. Намраас нь Авирмэд ах, Алтай ах эд нар “Энэ нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлж хийе” гэж шийдсэнээр “Кино эхлэхийн өмнө” нэвтрүүлэг маш олон жил явсан. Анхандаа би хөтөлж байлаа. Авирмэд ах хөтөлж байсан. Дараа нь “Нэгийг харьцах нэг”-ийн Оюунаа эгч, хааяа нэг “Мандухай цэцэн хатан” кинонд Алтжингийн дүрийг бүтээсэн жүжигчин Отгонтогос хөтөлж байсан даа. 25 дугаар сувагт ажиллаж байхдаа уран бүтээлчидтэй их ойр байлаа. Яруу найрагч, зохиолчдыг урьдаг “Өврийн дэвтэр” нэвтрүүлэг бэлтгэдэг байлаа. “Мартахгүй” гэж дурсамж нэвтрүүлэг хийнэ. Монголын урчуудын эвлэлийн ойд зориулж “Урлан” гэдэг хөрөг нэвтрүүлэгтээ Монголын гайхамшигт зураачдаа, Монголын дүрслэх урлагийн бүтээлүүдийг түмэн олонд танилцуулж, танин мэдэхүйн хүрээг нь тэлж байсандаа баяртай байдаг. Уран зураг бол харах яруу найраг гэдэг үнэн үг шүү. “Хорьдугаар зууны дуунууд” нэвтрүүлгийн тухайд манай хамт олны уран бүтээлчдийн санаачлан хийсэн нэвтрүүлэг. Р.Энхбазар ах ч хийж байсан. Манай Бүрэнжаргал ч хийж байсан. Энэ бол миний санаачилсан нэвтрүүлэг биш. 2017 онд “Хорьдугаар зууны дуунууд”-аа дахин хийхдээ хамтарч ажиллаач гэж З.Алтай ах урьсан юм. Зуун дамнан эгшиглэж байгаа дуунуудын түүхийг хүмүүст ахин таниулах зорилготой нэвтрүүлэг дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *