Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Би чинь Р.Чойномын алганы амтыг үзэж явсан хүүхэд шүү дээ


“Чингис хаан” хамтлаг

“Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин, гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайхантай ярилцлаа.


-Сайхан наадав уу та. Сая наадмын өдрүүдэд таны амьдрал, уран бүтээлийн Чингисийн Жагаа хөрөг нэвтрүүлгийг 25 дугаар суваг телевиз хийж цацсан нь олны хүртээл боллоо. Сайхан нэвтрүүлэг болсон байна билээ. Өөрийнхөө гэхээсээ өрөөлийн тухай, нөхдийнхөө тухай, Монголын рок хөгжмийн түүхээс хүүрнэсэн тань энэ хүн ингэж ярихаас өөр хэн ингэж түүх өгүүлж чадах билээ гэж бодогдсон шүү?

-Сайхан наадлаа, миний дүү. Нэлээн юм болж байж нэг ийм нэвтрүүлэг хийгдсэн дээ. Санаснаар болдоггүй хорвоо гэдэг шиг дутуу дулимаг зүйл байх шиг байна билээ. Монголын орчин цагийн хөгжмийн урлаг, түүнд залуу халуун насаа зориулсан ахмад дуучид, анхны хөгжимчдийн талаар ярих зүйл дуусашгүй л дээ. Бид хамтдаа түүх бүтээлцэж явснаа хожим ухаарч тэрийг асууж байхгүй яав аа, үүнийг лавлаж үлдэхгүй яав аа гэж харамсах нь олонтаа юм даа. Олон арван найз нөхөд минь тэнгэрт оджээ. Тэр бүрийг ганц цагт яаж өгүүлж барахав. Ер нь бол одоо бичигдэж байгаа “Монголын Рок нууц товчоо” гурван боть номоороо ХХ зууны монголчуудын соёл урлаг, тайзны амьдрал, хөгжим тойрсон өдрүүдээр цуврал түүхэн нэвтрүүлгүүд хийе гэж бодож сууна.

-Таны ээж гавьяат багш Г.Бадам, Хурхын голын хөндийгөөр үр хүүхэд, ач гучаа тойруулан олон жил зусаж ирсэн хүн. Энэ хөндийгөөс энэ жилийн наадмын түрүү бөх тодорлоо?

Тун баяртай байна. Нэгэн голын уснаас ундаалж өссөн улсын арслан Э.Оюунболд дүү маань төрийн наадамд түрүүлж аварга болсонд тун их баяртай байна. Шинэ аварга төрсөнд монгол түмэн тэр чигээрээ магнай тэнийлээ дээ. Өнгөрсөн зун Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд болсон аймгийн хурц арслан Г.Өсөхбаярын цолны найрны үеэр уулзаж “Жингээ хасах хэрэгтэй байна даа дүү минь” гэхэд тэрээр “Тийм ээ ах аа. Энэ жил их зүйл төлөвлөж байгаа, дүү нь. Жингээ хасна, хойшоо Орос руу явж тусгай бэлтгэл хийх санаатай. Зарим нэг бэртэл гэмтлээ ч сайтар шинжлүүлж, эмчлүүлээд авъя гэж бодож байна” гэсэн юм. Хэлж ярьж байсныгаа дүү маань хэрэгжүүлж чадсан. Ам ажил зөрөөгүйн учир аварга болж чадлаа хэмээн бодож сууна. Дахиад төрийнхөө наадамд хэд хэдэн удаа түрүү авах нас түүнд бий дээ.

-Та сая “Яг түүн шиг шоу”-ны шүүгчээр ажилласан. Энэ шоуны талаар ярихгүй юу?

2011 онд UBS телевизийн “Universe Best songs” уралдаанд шүүгчээр ажилласнаас хойш энэ удаа Боловсрол телевизийн “Яг түүн шиг” шоуны сүүлийн улирлын шүүгчээр уригдан ажиллалаа. Хэцүү ажил байдаг юм байна. Манай залуу уран бүтээлчид яасан ч их авьяастай болсон юм. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ гэдгийг ёстой үзүүлж өглөө дөө. Тэднээрээ бахархаж байлаа. Хүнд хэцүү давааг давж, санасандаа хүрэх гэж дор бүрнээ хичээн чармайж байгааг нь ойрхноос харж суухдаа шар үс босох шиг болж, бие загзайж байснаа нуугаад яахав. Хэдэн оноогоо хэнд өгнө гэдэг асуудал байсан. Та бүхэн харж, ойлгосон л биз дээ. Энэ бүхэн маань ард түмнээ баясгах гэсэн энтертайнмэнт шоу цэнгүүн шүү дээ гэж үе үе бодогдох боловч эцсийн эцэст авьяас чадвар, хөлс хүчийг үнэлэх үнэлэмж яах ч аргагүй нэхэгдэж байлаа. Боловсрол телевизийн хамт олон энэ мэт энтертайнмэнт шоу цэнгүүн хийхдээ гаршсан улс байна лээ. Монголчуудыг хоёр сар гаруйн хугацаанд найм хувааж чадсан, найрамдуулж дараа нь цэнгүүлж чадсан авьяаслаг найман дүүдээ танай сониноор дамжуулан уран бүтээлийн амжилт хүсэн ерөөж байна!


Д.Жаргалсайхан аав, ээжтэйгээ

-Таны аав нэрт уран барималч Чимидийн Дашзэвэг гэж хүн байсан. Аавынхаа талаар ярихгүй юу?

Ааваараа би бахархдаг. Халх голд цусаа урсган эх орноо хамгаалж явсан өвөөгөөрөө бас бахархдаг.

Халх голын дайны 80 жилийн ойн энэ үед би өвөөгөө дурсахгүй бол хэзээ дурсах билээ. Миний өвөө Авидын Наваан овогтой, Балжин Өндөрхааны долоодугаар дивизийн Бага даргын сургуулийг 1934 оны есдүгээр сард салааны туслах, жинхэнэ бага дарга цолтойгоор төгсгөөд 1939 оны Халх голын дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн наймдугаар морьт дивизийн 23 дугаар морьт хорооны хоёрдугаар сумангийн бие бүрэлдэхүүнд багтан Японы түрэмгийлэгчдийн эсрэг байлдаанд оролцсон юм. Зүүн эргийн элсэн манханд наймдугаар сарын 19-нд болсон ширүүн тулаанд хүндээр шархдах үедээ хорооны сургагч орос хурандаагийн орчуулагчаар ажиллаж байжээ. Тиймээс Зөвлөлтийн цэргийн хээрийн эмнэлэгт хүргэгдсэн ба үзлэг хийсэн эмч “Сумыг нь авах гэж оролдвол энэ хүн цус алдаж үхнэ. Эм тариа яаралтай хийж шархыг нь аниулах хэрэгтэй. Аз болж цус бага алдаж. Бие нь илааршиж чадвал ганц хоёр жил амьдарна” гэж хэлсэн гэдэг. Дайны дараа өвөө маань Хан Хэнтий аймгийн төв Өндөрхааны “Мөрөн” хоршоонд нягтлангаар ажиллаж байгаад цээжинд нь удсан япон сумны уршгаас болж 1944 онд идэр залуухан 35 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Эх орны эр цэрэг явсан өвөөгөөрөө уран барималч Дашзэвэгийн үр удам бид үүрд бахархаж явах болно.

Уран бүтээлийн минь гол санааг чиглүүлж өгсөн хүн бол миний аав. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 1930 онд төрсөн аав маань Улаанбаатар хотын Урлагийн сургуулийн уран баримлын ангийн анхны төгсөгчдийн нэг. Түүний эх загварыг нь гаргаж, газар дээр нь өөрийн биеэр, шавь нарынхаа хамт бүтээн босгосон эрэлхэг баатар охид, хөвгүүдийн хөшөө дурсгалууд монгол орны өнцөг булан бүрт сүндэрлэж байгаад бахархахгүй байхын аргагүй биз ээ. Би энд 1961-1991 оны хооронд барьж босгосон зарим томоохон бүтээлүүдийг нь дурдъя.

Аавынх нь барьсан хөшөө

Монголын анхны хүрэл цутгамал бүтээл болох их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг 1961 онд Л.Махвалын эх загвараар босгох ажилд аав маань баримлын тасгийн бүх уран бүтээлчийнхээ хамт гар бие оролцсон байдаг.

Н.Жамбаагийн эх загвараар Ховд аймгийн Манхан сумын төвд 1962 онд боссон БНМАУ-ын баатар Цэндийн Олзвойн хөшөө, Л.Дашдэлэгийн эх загвараар Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэрийн үүдэнд 1963 онд баригдсан Ардын хувьсгалын партизан Дамдины Содномдаржаагийн хөшөө, мөн Л.Дашдэлэгийн эх загвараар 1964 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд бүтээгдсэн их говийн хатан зоригт бүсгүй, БНМАУ-ын баатар Түвдэнгийн Борын хөшөөг тус тус газар дээр нь сүндэрлүүлж босгосон хүн шүү, аав минь. Хотын халуун паартай урланд сууж хөшөө баримлын эх загвар зохиох нэг ондоо. Тэрхүү эх загварын дагуу хөдөө орон нутагт явж, халуунд халж, хүйтэнд нь хөрөн байж, хөрс шороон дээр нь амьдруулж босгоно гэдэг асар хүнд хөдөлмөр байлгүй яахав. Их л хөдөлмөрлөсөн хүн дээ.

Дараа нь 1965 онд Ховд аймгийн Алтай сумын төвд Байтаг Богдын гурван баатар гэгддэг БНМАУ-ын баатар Лхүнэрэвийн Даваадорж, Баянбалын Тэгшээ, Самданжамцын Лхагвадорж нарт зориулсан нэгдсэн гэрэлт хөшөөг өөрийн эх загвараар, 1966 онд Ховд аймгийн төвд босгосон Үндэсний тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, зүүн гар улсын сүүлчийн хаан Амарсанаагийн морьт хөшөөг өөрийн эх загвараар, Ардын хөдөлгөөний нэрт удирдагч Ард Аюушийн хөшөөг Жамбаагийн эх загвараар бүтээн сүндэрлүүлсэн юм. Эдгээр хөшөөг тойрон хөгшид нарлан, хүүхдүүд тоглож, залуус болзож байдаг гэсэн. Хөшөө тийш одох ардын зам балрахгүй гэдэг чинь их үнэн үг шүү.

За тэгээд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1967 онд БНМАУ-ын баатар Хоролын Дамбын хөшөөг өөрийн эх загвараар, 1968 онд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод БНМАУ-ын баатар Лхүнэрэвийн Даваадоржийн хөшөөг мөн өөрийн эх загвараар, 1969 онд Ховд аймгийн Чандмань сумын төвд БНМАУ-ын баатар Баянбалын Тэгшээгийн хөшөөг өөрийн эх загвараар тус тус сүндэрлүүлэн босгож байлаа. Эх орныхоо төлөө амь насаа хайрлаагүй эрэлхэг хөвгүүдийнхөө суу алдрыг мөнхжүүлэх үйлсэд аав маань хувь нэмрээ оруулсан нь бахдалтай санагддаг.

1970 онд Булган аймгийн төвд БНМАУ-ын баатар Самданжамцын Лхагвадоржийн морьт хөшөөг уран барималч Довчиндаваатай хамтарсан эх загвараар, 1972 онд Ховд аймгийн төвд эрэлхэг чекист, цогт эх оронч Цогтын Гомбын дурсгалын гэрэлт хөшөөг өөрийн эх загвараар, 1973 онд Увс аймгийн төвд БНМАУ-ын баатар Бэгзийн Гивааны хөшөөг өөрийн эх загварын дагуу, 1976 онд Улаанбаатар хотын Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнө Лениний идэр нас “Володя” хөшөөг уран барималч Д.Санжаагийн эх загварын дагуу, хамгийн сүүлд гэхэд 1991 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт домогт босоо аварга Самдангийн хөшөөг барьсан даа. Хөлс хүч, авьяас хөдөлмөрөөрөө нэрээ мөнхөлсөн аавын минь уран бүтээлийн Гэр музей төрсөн нутагт нь бий. 1999 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнагдаж биднийг баярлуулж билээ.


Д.Жаргалсайханы гэр бүлийн хамт

-Яруу найрагч Р.Чойном гуай таны аавтай их ойр байсан гэдэг?

Миний аав Хэнтий аймгийнх гэдэг утгаараа нутаг нэг гэж яруу найрагч Чойномтой андууд явсан нь үнэн. Ялангуяа 1960-аад оны дунд үеэр Урчуудын эвлэлийн хорооны хотын салбарт туслах зураачаар ажиллаж байхад нь аав маань ил, далдаар их тусалж байсан гэдэг. Тэдний гэр одоогийн Бөхийн өргөөний хойд уулзвар дээр байгаад саяхан нураагдсан Дугуй булант хэмээх алдарт байшинд амьдарч байсныг би санаж байна. Аавын минь шаахай-72 мотоциклийн ард сууж яваад тэр байрны гадаа буудаг байсан юм. Чойном туслах зураачаар ажиллаж байхдаа баяр ёслолын үеэр байшин барилга дээр чимэг болон өлгөгддөг байсан Ленин, Сүхбаатар болон МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд, сайд нарын зургийг даавуун дээр томоор зурж суудагсан. Тэр үед ямар өнөөдрийн хулдаасан хэвлэл гэж гайхамшигтай сайхан юм байсан биш. Нэг удаа Майн баяр ойртож байх үеэр аавыгаа дагаад ажил дээр нь очвол Чойном тэргүүтэй хэдэн зураач гадаа газар дээр дэлгэсэн том том даавуун дээр өнөө хүмүүсийн зургуудыг зурж таарсан юм. Нас бага байж дээ. Эхлээд дундуур нь сүлжээд л их соёлтой амьтан юм юм сонирхож хэрэгт дурлаж явснаа нэг мэдэхэд зурж байсан зурган дээгүүр нь гүйгээ биз. Нэг биш нэлээд хэд гүйсэн байх. Ингээд загнуулна. Сүүлдээ даварсан хүү гэх хэргээр таван салаа боов авсан даа. Авах авахдаа аавынхаа найз Чойномоос хүртсэн юмдаг. Арзайтал уйлж аргадуулаад, бүр болоогүй ээ түүнд хөтлүүлэн тэрүүхэн дор нь байсан “Нүхэн” дэлгүүрээр орж улаан ус, мөхөөлдсөөр дайлуулж байснаа мартдаггүй юм. Хожим 70-аад оны дундуур хуучнаар “Бамбарууш” кафе орж яваад түүнийг хэдэн хүний хамт босоо ширээний ард пиво уугаад зогсож байхыг нь хардаг юм. Гундуухан харагдсан даа, ах минь. “Барималч Дашзэвэгийн хүү Жагай байна” гэж хэллээ. Тэрээр “Өө…” хэмээн ихэр татан хоолойгоо хоржигнуулан аяар дуугараад над руу гараа сунгахад нь би духаа өгч үнсүүллээ. Сөрвөгөр сахал нь хатгаж, нус нулимс уу аль эсвэл пивоны хөөс байсан уу дух маань нэг л нойтон оргиод явчихсан санагдана. “Бамбарууш” кафенаас худалдаж авсан тэргүүн, торт зэргээс өгөөд “Нарийн боов ид, ах аа” хэмээхэд тэр халааснаасаа байдгаараа үрчийсэн нэг төгрөг гаргаж өгөөд “Печень идээд цадаагүй, бичиг үсэг сураад гавиагүй хүн дээ ах нь” гэж хэлж билээ. Энэ нь түүний зохиосон шүлгийн нэг мөр болохыг хожим би олж уншсан юм. Хэнтий аймгийн Дархан сумын төвд байгуулагдсан Чойномын музейд 1992 онд би зочилсон. Сумын хөдөлмөрчдөд тоглосон хоёр удаагийн концертын орлогоо бүгдийг нь музейд хандивласан. Тэр үед Чойном гэдэг агуу найрагч ямархан сайн зураач байсныг нь музейд тавигдсан түүний зурсан зургуудаас олж харж билээ.

Сайхан аавынхаа буянаар энэ мэт Монголын сор болсон олон арван уран бүтээлчтэй ойр дотно явсан бага залуу нас минь дурсамж дүүрэн өнгөрч дээ.

-Сүүлийн үед сошиал ертөнцөөр таны байгуулах гэж байгаа Монголын Рок музейн үзмэрүүдийн тухай мэдээллүүд их гарах болжээ. Энэ бүхнээс бид Монголын поп урлаг, рок хөгжмийн үүсэл хөгжилд хувь нэмрээ оруулсан ахмадуудын талаар мэдэж авч байгаа. Та монголын рок музейн талаараа манай уншигчдад бага ч болов мэдээлэл өгөөч.

-Манай музейн үзмэрт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол хөгжимчин, гавьяат жүжигчин, цахилгаан гитарын бүх үеийн “гол баатар” Д.Галсанбатын Герман улсад үйлдвэрлэгдсэн “Musima Eterna de Luxe” загварын гитар, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, олны дунд “Цэнхэр залаа”-г зохиогч гэж алдаршсан нэрт гитарч С.Баатарсүхийн ARIA PRO VANGUARD япон гитар, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын морин хуур, нэрт дуучин Б.Баярын багаас тоглож өссөн гармони хөгжим, “Инээмсэглэл” хамтлагийн гитарч, хөгжмийн зохиолч Д.Цогдэлгэрийн хэрэглэж байсан загасны уурга, супер саксафонч, хөгжмийн зохиолч, “Баянмонгол” чуулгын хөгжимчин Л.Батаагийн үлээж байсан Чехословакд үйлдвэрлэгдсэн альт саксафон, Монголын анхны мэргэжлийн ятгачдын нэг, “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч Б.Наранбаатарын ятга хөгжим, хөгжмийн найруулагч Н.Халиуны тоглож байсан БНАГУ-д үйлдвэрлэсэн “Вермона” орган хөгжим, “Харанга” хамтлагийн гитарч, хөгжмийн зохиолч Я.Одсүрэнгийн Gibson Les Paul загварын гитар зэрэг 200 шахам үзмэр нэгэнтээ цугларчээ. Цаашид ч энэхүү сан хөмрөг маань баяжсаар байх нь ойлгомжтой. Монголын Рок музей үндэсний төсөл маань төрийн дэмжлэг болон бусад ивээн тэтгэгчдийн гар харалгүй хэрэгжсээр 10-аад жилийн нүүр үзжээ. Хамгийн хайртай хөгжмийн зэмсэг, эд өлгийн зүйлсээ үзмэр болгон бидэнд хадгалуулсан хүмүүсийн итгэл дээр манай энэхүү үндэсний төсөл маань тогтож ирснийг онцлон тэмдэглэмээр байна. Монгол рокын түүх гэдэг бол Монголын залуучуудын түүх, Монголын хөгжмийн түүх, Монголын түүхийн нэгээхэн хэсэг гэж бид ойлгодог. Бид энэ төслийг хэрэгжүүлэхдээ Америк, Европын орнууд дахь рок музейг очиж сонирхон, судалгаа хийсний үндсэн дээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

-Долдугаар сарын 11-нд буюу наадмын үдэш та хамтлагаараа Эрдэнэт хотын хөдөлмөрчдийн өмнө гарч “Эрдэнэтчүүддээ баярлалаа” шоу-цэнгүүнд оролцсон байна билээ. Энэ жил “Чингис хаан” хамтлагийн 30 жилийн ой тохиож байгаа. Тоглолт их хийгдэж байна уу?

-30 жилийн ойн өдрүүдээ манай хамтлагийнхан үзэгч, сонсогчдынхоо хамт тоглолтын тайзан дээр тэмдэглэж байна гэхэд болно. Эрдэнэтийн наадмын шоу тоглолт сайхан боллоо. Дараагийн долоо хоногт бид Өмнөговь аймгийн Гурван тэс сумыг зорих гэж байна. Зуны саруудад Өмнөд Монголын нутагт монгол наадам ихээр зохион байгуулагддаг. Эдгээрт тоглох урилга мөн ирсээр байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд “Чингисийн Жагаа” уран бүтээлийн бие даасан тоглолтуудаа Эрдэнэт, Дархан, Чойр зэрэг газруудад хийлээ. Бас нэгэн сонирхолтой ажилд оролцсон маань Оросын холбооны Халимаг улс руу “Hero” энтертайнмэнтийн уран бүтээлч дүү нарын хамт таван сард одож, нэрт жангарч Цагаанзамын “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн продюсероор ажилласан явдал байлаа. Энэ хүний уран бүтээлээр төлөөлүүлэн Халимагийн ард түмний хэдэн зууны турш туулсан зовлон, жаргалыг тодорхой хэмжээнд үзүүлэх тус нэвтрүүлэг удахгүй нийтийн хүртээл болно.

Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотноо зургаадугаар сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын Соёлын өдрүүдэд оролцоод ирлээ. Дараа нь Хөх хот руу нисч Монгол-Хятадын шинэ үеийн найрамдалт харилцаа үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулсан “Одон” телевизийн “Тохой холбосон 70 жил” түүхэн цуврал нэвтрүүлгийн зочноор уригдаж, ярилцлага өглөө. Өмнөд Монголчууд маань манай хоёр орны харилцааны түүхэнд 1989 онд анх удаа Хөх хот, Ордос, Бугат зэрэг газруудаар хийсэн Монголын эстрад урлагийн жүжигчид бидний тоглолтыг ихэд үнэлэн дурсдаг юм билээ. Өнөөдрийн Өмнөд Монголын рок хөгжим, урлаг уран сайханд 30 жилийн тэртээх бидний тоглолт том нөлөө үзүүлсэн гэж онцлон тэмдэглэж байв. Тэр дундаа “Зургаа дөчин тав” дууны үлгэр эхэлсний 30 жил гэсэн уриан дор хийгдэх Өмнөд Монголын рок хөгжимчдийн нэгдсэн баярын цугларалтын үеэр манай “Чингис хаан” хамтлагийг урина гэдгээ илэрхийлж байсан.

Эрдэнэтийн Баяр наадмын шоу тоглолт Амарын талбай дээр сайхан болж өнгөрлөө. Хамтлаг маань гурван цаг гаруй хугацаанд тоглолтоо сонирхууллаа. Энэ үеэр манай хамтлагийн гоцлол гитарч Ц.Алтангэрэл (Атка) маань Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсанд бид маш их баяртай байгаа.Хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ойн баярын өдрүүд иймэрхүү маягаар хөлс хүч гаргасан тоглолт, уулзалт, аялал, шагнал урамшууллаар үргэлжилж байна даа.

-Аялал гэснээс таныг удахгүй АНУ руу аялан тоглолтоор явах гэж байгаа гэж сонссон. Энэ талаар та дэлгэрүүлж ярина уу?

Вашингтон орчмын монголчуудын холбооныхонтой хамтарч Америкт ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулсан ёс заншил, уламжлалт соёл, дуу хөгжмийн түүхийг үзүүлэх цуврал арга хэмжээ, аялан тоглолтыг хийхээр төлөвлөж байна. Ганц, хоёр цагийн концертоор үйлчилсэн болоод хэдэн төгрөгийг нь аваад явахдаа гол биш, юмыг уг үндсээр нь хэлж ойлгуулж, таниулах, мэдүүлэхэд бидний энэ цуврал арга хэмжээний гол утга учир оршино. Ялангуяа хүүхэд залуу үеийнхэнд зориулсан Монголын түүх, соёл, уламжлалыг таниулах тоглолтууд болон уран бүтээлийн уулзалт ярилцлагууд тун сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Эхний ээлжинд бидний энэхүү арга хэмжээ Вашингтон орчмын монголчуудад зориулагдан хийгдэх юм. Үүнд “Монголын нүүдэлчний соёл иргэншил” уулзалт үдэшлэг, Монголын тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан хийх “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” тоглолт, Вашингтон орчмын монголчуудын шинэ жилийн Баярын цэнгүүн, Монголын уламжлалт үндэсний баяр болох “Цагаан сар”, монгол түмний их баяр “Наадам”, “Монголын эстрад урлагийн үүсэл хөгжил” илтгэл зэрэг бүтэн нэг жилийн хугацаанд үргэлжлэх арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байгаа. Энэ бүхэндээ Америкт ажиллаж, амьдарч буй ахмад болон залуу үеийн төлөөллийг урьж оролцуулах гэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *