Categories
мэдээ цаг-үе

А.Баяраа: Аав маань ах дүү зургуулаа дайны хүнд жилүүдийн цэрэг явсан

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙД

Ахмад дайчин Б.Аюурзана дүү, Төрийн шагналт, гавьяат агрономич Б.Лааганы хамт

Халх голын байлдааны түүхт 80 жилийн энэ өдрүүд сүр дуулиантай эхэлж байна. Түүхт ойг угтан 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин, өдгөө 105 нас сүүдэр зооглож буй Шарнууд овогт Биньеэгийн Аюурзанын тухай онцолж байна. Түүний хүү А.Баяраа аавынхаа тухай ингэж хүүрнэсэн юм.


-Аавын тань Халх голын дайнд оролцсон түүхээс ярилцлагаа эхлэх үү?

-Аав маань 1937 онд эх орны дуудлагаар Архайдын Гомпил, Гонжоон Баатар, Равданы Жамбал, Навааны Жумдаан, Раднаагийн Дамдин, Анжаан Ланжаа, Цагаадайн Нугаржаа, Хавтгайн Бадрах, Пүрэвийн Бадарч нарын нутгийн залуустайгаа эр цэргийн албанд мордож, аймгийн төвд цэргийн карентинд хамрагдан, Ховд аймгаар дамжин Улаанбаатар хотод ирсэн байдаг. Тэгээд Улаан хуаранд байрлаж байсан Хуягт танкийн бригадын хоёрдугаар батальоны нэгдүгээр суманд байлдагч, салааны туслах, сумангийн жагсаалын даргаар тус тус ажиллаж байгаад батальонд дэвшин ажилласан гэдэг. Аав маань 1939 онд өөрийнхөө алба хааж байсан хуягт бригадын бүрэлдэхүүнд явж, Халх голын дайнд оролцсон түүхтэй. Энэ үед хуягт бригад нь Баянтүмэн, Тамсагбулагаар дамжин, Буйр нуурын орчимд орших, нэр нь үл мэдэгдэх нэгэн толгойд очиж байрласан байгаа юм. Хуягт бригад нь дотроо хэд, хэдэн батальонтой. Аав маань тухайн үед хоёрдугаар батальоны жагсаалын дарга, дунд хуягтын экипажийн ахлагчаар томилогдсон гэнэ лээ. Батальоны жагсаалын даргын хувьд батальоныхаа цэргүүдийн галт зэвсэг, хувцас, хоол ундны хангамжийг хариуцан, тэдгээрийг тараах ажлыг гүйцэтгэдэг байж.

-Яг өөрийн биеэр зэвсэгт мөргөлдөөнд оролцсон үеийг тодруулахгүй юу. Ер нь тухайд үед ямар нөхцөл байдал байсан гэж дурсдаг вэ?

-Аавын нэгдэж явсан бригад хориглолтонд орж, давшилтын бэлтгэл хийж байх үед Японы онгоцууд үе, үе агаарын дайралт хийж зарим үед нь багагүй хохирол учруулж байсныг дурсдаг. Тэр үед Японы нэг удаагийн агаарын дайралтыг эсэргүүцэн Зөвлөлтийн онгоцууд хөөрч агаарын ширүүн тулаан аавын алба хааж байсан хуягт бригад байршиж байсан Буйр нуурын орчимд болоход Японы хоёр нисгэгч шүхрээр буусан гэдэг. Тэднийг эрлийн хэсгийнхэн олзолж дээд командлалд шилжүүлэн өгсөн юм билээ. Харин жинхэнэ тулаанд хуягт бригад орсны маргааш нь ихээхэн хохирол үзсэн япончууд манай хилээс цэргээ алс татаж тулгаралтаас зайлсхийх болсон. Удалгүй Монгол-Зөвлөлтийн цэргийн давшилт эхэлж япончуудыг манай эх орны нутаг дэвсгэрээс хөөн зайлуулсан. Ялагдал хүлээсэн Японы цэргийн анги, нэгтгэлүүд улсын хилээс алс ухарсан тул 1941 онд аавын анги Дорноговь аймгийн төв Сайншанд хотод шилжин байрласан байдаг. Тэр үед бага дарга нарыг шалгалтанд хамруулан, тэнцсэн хүмүүсийг Улаанбаатар хот руу явуулан нэг жил хагасын хугацаатай түр курст суралцуулдаг байж. Аав ч тус курст хамрагдан амжилттай суралцаж, дэслэгч цолоор шагнагдан ангидаа буцаж ирээд хоёрдугаар батальоны нэгдүгээр суманд салаан даргаар ажиллаж эхэлсэн. Ингээд 1944 онд Улаанбаатар хотод шилжин ирж, авто тээврийн тусгай батальонд техникийн даргаар дэвшин ажилласан байдаг.

-Ингээд чөлөөлөх дайны үе залгасан биз?

-Тийм. 1945 оны чөлөөлөх дайнд аав маань ар талд ажиллах үүрэг авч, чөлөөлөх дайны жилүүдийн туршид Америк улсаас тусламж болгон ирүүлсэн “Chevro­let” маркийн 30 машины цуваа хариуцсан байгаа юм. Хилийн тэнд байрлаж байгаа бригад хороо, дивизийн ар талд ажиллаж, цэргийн хоол хүнс, хувцас хунар, зэвсэг сум зэргийг тээвэрлэн фронтын цэргүүдэд хүргэх, олзлогдсон буу зэвсэг, эд материалыг тээвэрлэн хилийн чанадад ойрхон байгаа хороо дивизийн складуудад буулгах зэргээр Хятадын цагаан хэрэм, Жанчхүүгийн даваа, Хянганы нуруу дамжин тээвэр хийж байжээ. Сандаг Чүлтэм гэсэн хоёр салаан дарга тус бүр 15 машинтай цувааг хариуцаж, аав тэдний хоёр салааг нэгтгэн захирч байсан. Ийнхүү авто батальоноос 30 жолооч, хоёр салаан дарга, манай аав гээд 33 хүн Улаанбаатараас гарч чөлөөлөх дайнд оролцоцгоосон байгаа юм. Тэр дайны цагийн тээврийн ажил энх цагийнх шиг байгаагүйг аав маань онцолдог. Үе үе аюулт байдалтай тулгардаг байсан гэж байгаа. Жишээ нь, нэг удаа цуваа нь бөмбөгдөлтөд өртөж хоёр машин бүх ачаа бараатайгаа дэлбэрч, жолооч нар нь амь үрэгдсэн гэнэ лээ.

-Тэр үед цэрэг татлага эрчтэй явагдаж байсан гэдэг. Аавын тань ахан дүүс цэрэгт татагдаж байсан уу?

-Дайны жилүүдийн үеийн цэрэг татлага маш их өргөн далайцтай явагдаж, айл болгоноос хэн нэг нь цэрэгт явж байсан. Тэр бүү хэл нэг хот айлаас зургаан хүн нэгэн зэрэг цэрэгт мордож байсан гэдэг. Тухайлбал, аавын дүү Биньеэгийн Лааган, авга ахынх нь дүү Түүвэйн Дүүдээ, Түүвэйн Түдэв, Түүвэйн Дамдинжав, авга ах Найданы Цагаанхүү нар цэрэгт мордож аавыг оролцуулан зургаан хүн дайны хүнд хүчир жилүүдийн цэрэг явжээ. Тэд бүгд дайны дараа энгэртээ ялалтын одон медалиуд гялалзуулсан залуус төрж өссөн нутаг Баян Хүрэн Өгөөмөр, угаагдаж, ундаалсан Баян нуур усандаа очиж ажил хөдөлмөр эрхлэн дор бүрнээ амжилт бүтээл гарган өнөр өтгөн болж сайн сайхан амьдарцгаасан шүү дээ.

-Биньегийн Лааган гэж хожим төрийн шагнал хүртсэн, гавьяат агрономич мөн үү?

-Тэгэлгүй яахав. Аавын маань төрсөн дүү. Хожмоо “Чацарганын Лааган” гэж алдаршсан төрийн шагналт, гавьяат агрономич хүн шүү дээ. Лааган ахаас гадна Т.Дүүдээ Монгол Улсын баатар, Т.Түдэв, Д.Дамдинжав, Н.Цагаанхүү нар Орос, Монголын “Бид ялав” медальтнууд шүү. Дайны дараа Баруун хязгаарт хил хязгаарын байдал тайван бус байсан болохоор баруун зүгт байрлаж байсан хилийн анги нэгтгэлүүдийн хүч чадлыг зузаатгах арга хэмжээ авагдаж, тэнд оршиж байсан хилийн цэргийн ангиудад зэр зэвсэг, ачаа бараа хүргэх зорилоготой тээврийн ажилд аавын тэргүүлсэн авто батальон дайчлагддаг байсан гэдэг.

-Аав тань цэргийн албанаас хэдийгээр буцаж ирсэн бэ. Ирээд нутаг усандаа ямар ажил хөдөлмөр эрхэлж байв?

-Аав маань цэргийн албанаас ахлах дэслэгч цолтойгоор ар гэрийн гачигдлаар 1948 оны өвөл халагдан орон нутагтаа эргэн ирсэн юм. Тэр цагаас хойш энх цагийн хөдөлмөрт шилжиж өөрийн төрөлх сум Зүүнговьдоо ирээд III багийн даргаар томилогдон ажилласан.

Энэ ажлыг нэг жил орчим хийгээд 1950 оны эцсээр Увс аймгийн төвд дуудагдан авто баазын даргаар ажиллах болсноос хойш 1978 он хүртэлх авто тээврийн болон худалдааны байгууллагуудад тасралтгүй нэр төртэй ажилласан хүн. Ингэж улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахад болон энх цагийн хөдөлмөрт гар бие оролцож явсан аавыг минь төр засаг, ажиллаж байсан салбарын зүгээс өндрөөр үнэлж Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор нэг удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг удаа, Цэргийн гавьяаны одонгоор хоёр удаа, Халх голын хүндэт медаль, Монгол Зөвлөлтийн “Бид ялав” медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад ойн медалиудаар удаа дараа шагнаж, Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэг хүртэж, улмаар Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойгоор ОХУ-ын болон БНХАУ-ын ялалтын ойн медалиудаар цөөн хэдэн хүн шагнасны тоонд орж шагнуулсан байдаг юм.

-Аав тань аль нутгийн хүн бэ?

-Аав маань 1915 онд Засагт хан аймгийн Баянмандал уулын хошууны Баян-Эрдэнэ сум буюу одоогийн Увс аймгийн Зүүнговь сумын нутаг дэвсгэрт Өгөөмөрийн цагаан үзүүр гэдэг газар , аав Биньеэ ээж Жургаа нарын хоёр дахь хүү болон мэндэлсэн юм билээ. Өвөө, эмээ маань ажилч хичээнгүй хөдөлмөрч, тухайн үедээ чинээлэг амьдралтайд тооцогддог.

Мал ихтэй, зохих ёсны хөрөнгөтэй айл байсан гэдэг. Аав маань дурсахдаа хүүхэд ахуйдаа тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адилаар аав ээждээ тус дэм болж, ус, түлш түлээ дөхүүлэх, мал маллах зэрэг ажилд нь тусалж байсан.

Өвөө Биньеэ 1933 онд нас барснаас өрх толгойлон ээжтэйгээ хамт амьдарч эхэлсэн байгаа юм. 1935 онд Түвшрэхийн Багуушинтай гэр бүл болж, найман хүүхэд төрүүлэн өсгөсөн. Үр хүүхдүүд нь зохих хэмжээний боловсрол эзэмшин, сайхан айл гэр бүл болцгоож улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан нэр хүндтэй хүмүүс болж, ач, зээ, гуч, жич, зэрэг таван үеийн үр хүүхдүүдийн тоо 100 хол давсан өнөр өтгөн бүлийг бүрдүүлээд байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *