Categories
мэдээ цаг-үе

Нар шиг хоёр халиун азарга яагаад эндчихэв

Энэ жилийн наадмын азарганы уралдаан сайхан боллоо. Эх орны өнцөг булан бүрээс тодорсон шандастай хүлгүүд Хүй мандалын дэнжид оч маналзаж, гал ноцтол ширүүн тэмцэлдэж моринд сэтгэлтэй монгол түмнийг дэндүү баясгалаа. Нар, хур тэгширсэн дэлгэр сайхан зун тохиосон нь наадмын өнгийг илүү тодруулж өгөх шиг болов.

Баярын уур амьсгал гүйцэд татаагүй энэ цаг дор наадмын чимэг болсон идэрхэн хоёр азарга маань тэнгэрийн оронд хурдлахаар одсон тухай муухай мэдээ дуулдлаа. Зуунд ховорхон заяах эгэлгүй хурдан хүлгүүдээ алдсан нь адуугаа сүлдэндээ залж дээдэлдэг монгол түмний голыг нь зорж, зүрхийг нь шимшрүүлэх шиг л болж байна.

Улс, бүс, аймгийн чанартай уралдаануудаас нийт есөн түрүү, 11 айраг хүртсэн, наадамчдыг өндөлзүүлж төрийн наадмын алтан шар зурайг хоёр ч удаа өнгөлж алхсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Түдэндоржийн Болдбаатарын “Магнай халиун” азарга буурь сэлгэж бурхны оронд хурдлахаар оджээ.

Хурдны өлгий нутгаас тодорч байсан Сүхбаатарын залуухан уяач халиуны сойлгынх нь арга эвийг олчихсон, уралдсандаа л түрүүлээд байв даа. Магнай даа тоосгүй хурдан гэж “Магнай халиун”-ыг л нэрлээд байсан юм, бид бүгдээрээ.

Увдис нь нэгэнт тодорчихсон ажнайг арай л хайр гамгүй эдэлчихэв үү дээ. Том жижиг наадмуудад өвөл зунгүй, өглөө оройгүй л уралдуулаад байсан юм аа, халиуныг. Төмөр аятай л хайр гамгүй давхиулна. Өнөөх нь ч түрүүлж л байх юм. Юманд хэмжээ хязгаар гэж бий л дээ. Хурдан нь мэдэгдчихсэн адууны төлийг аваад амраагаад байж болмоор л санагдах. Юманд гамгүй, малд хэтэрхий хайргүй, сувдаг, ханаж цаддаггүй шинэ цагийн монголчуудын буруу хандлагын хохирол нь энэ болов уу. Энэ жил адуу ядрахаар хахир хатуу байгаагүй. Өвөл нь өнтэй, хавар нь ханатай, зун нь хуртай дэлгэр байсан.

Заавал жалга дов хэсч давхиулах хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Төрийн наадамдаа бараалхаж монгол түмнээ цэнгүүлчихээд буцаагаад байж болоогүй л юм болов уу даа.

Энэ зуунд тодорсон эгэлгүй хурдан хүлэг Эрдэнэбатын Эрдэнэчулууны шарга азарга төрийн наадамд ирж түмнээ баясгачихаад л буцдаг байлаа шүү дээ. Энд тэндхийн жижиг сажиг уралдаануудад очиж эрлийз хурлийз, шинэ цагийн андуутай шандас үзэхгүй. Ийм л учраас ажнай шарга 10 орчим жил ард олноо баясгаж, төрийн наадамд зургаан удаа өнгөлсөн байдаг. Одоо хэр нь үр төлөө үлдээгээд адуун сүрэгтээ амгалан тайван идээшиж л явна. Сүүлийн наадамд л гэхэд шарга азаргыг гарааны зурхай дээр ёслуулчихаад л татаж байсан шүү, Эрдэнэчулуун уяач. Эрдэнэт хүлэгтээ ийм хайртай. Их уяачийн эрдэм юм даа.

Их хүлэгч Данзаннямын Даваахүү гуайд “Наран хонгор” гэж хүүгийнх нь нэр дээр давхидаг наадмын чимэг хурдан ажнай бий. Олон ч наадамд монголчуудаа баясгаж байна даа. Д.Даваахүү манлай ч төрийн наадмаас өөр довонд давхидаггүй. 2010 оны эхээр л төрийн наадмын цээжинд уралдаж байсан хүлэг шүү дээ, “Наран хонгор” азарга. Сая л гэхэд төл нь хурдан хязаалангийн уралдаанд өнгөнд ирж байсан. Адуун сүргийн манлай азарганы хишиг ийм их.

Сумын алдартын уяанаас мордсон “Бидэрт халиун” азарга төрийн наадамд өнгөлж Монгол даяар нэг шуугиулсан цаг саяхан. “Бидэрт халиун”-ыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү чамгүй мөнгө амлаж уяачийнх нь хөдөлмөрийг үнэлээд нэр дээрээ давхиулахаар болсон. Гишүүний нэр дээр ирсэн халиун ч наадамд түрүүлсэн давхар уяагаараа Булганы төвийн бүсийн даншигт очиж давхиад гүйцэгдээгүй. Монгол адууны хурдыг гайхуулж байсан “Бидэрт халиун” дээд тэнгэрийн зүг хурдлав. Өнөө цагт хамгийн өндөр үнэд хүрч арилжаалагдсан хүлэг өөр ертөнцөд хурдлахаар болсонд монгол түмэн итгэж ядаж л сууна. Наранхүү гишүүн хамгийн сайн гэх тодотголтой хоёр эмчийг авч очсон ч тусийг эс олжээ. “Бидэрт халиун”-д задлан шинжилгээ хийхэд хар хорын эм уулгасан байж болох шинж илэрсэн гэх явган яриа олны салхинаас дуулдаж л байна.

Энэ хоёр хурдан буян цэл залуугаараа эндлээ. Хүнтэй зүйрлэж яривал цэл залуухан 20 гаруйхан насандаа өөд одлоо гэсэн үг.

Уясан морио машин шиг зүтгүүлдэг залуу уяачдад том сургамж өгсөн болов уу. Адгуус ч гэсэн амьтай. Төмөр шиг зүтгүүлээд байж болохгүй. Хэлхээтэй төмөр ч гэсэн уралдааны замд элэгдэж хуучирдаг. Нэг гараар гамтай эдэлбэл яваад л байна. Хурдан хүлэг гэдэг үүнтэй л ижил. Тодорчихсон хурдан хүлгүүдийг төрийн наадамдаа ганц мордуулчихаад л төлийг нь хараад баясаад суух байсан юм даа.

Монгол Улсын Манлай уяач Т.Болдбаатарын Магнай Халиун азарганы амжилт

2018 оны Улсын баяр наадамд наймдугаар байр

2017 оны Улсын баяр наадамд түрүү

2017 оны Зүүн бүсийн хурд – Сүхбаатар аймгийн наадамд аман хүзүү

2016 оны Их хурд-7 уралдаанд аман хүзүү

2016 оны Зүүн бүсийн хурд Хэнтий аймаг түрүү

2016 оны Улсын баяр наадам түрүү

2016 оны Жавхлан шарга уралдаанд аман хүзүү

2016 оны Дүнжингарав хаврын уралдаанд зургаад

2015 оны Зүүн бүсийн хурд Сүхбаатар аймгийн түрүү

2015 оны Улсын баяр наадмаар айргийн дөрөвт

2015 оны ММСУХолбооны 20 жилийн ойд айргийн гуравт

2015 оны Дүнжингарав хаврын уралдаанд түрүү

2014 оны Улсын баяр наадамд аман хүзүү

2014 оны Жалханз хутагт Дамдинбазар хангайн бүсийн наадамд айргийн гурав

2014 оны Хэнтий аймгийн баяр наадамд түрүү

2013 оны Эрдэнэт хурд хаврын бүсийн уралдааны түрүү

2013 оны Хэнтий аймгийн 90 жилийн ойн түрүү

2013 оны Улсын их баяр наадмаар есд

2013 оны Дүнжингарав хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв

2012 оны Сүхбаатар аймгийн 70 жил, зүүн бүс айргийн гурав

2012 оны Жавхлант шарга уралдаанд түрүү

2011 оны оны Өвөрхангай аймгийн 80 жилд айргийн тав

2011 оны Хөвсгөл аймгийн 80 жилд аман хүзүүнд тус тус хурдалсан юм.

УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн “Бидэрт халиун” азарганы амжилт

2018 он улсын наадмын түрүү

2018 он Хангайн бүсийн даншиг наадмын түрүү

2016 он Дүнжингарав түрүү

А.ДОНДОГСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *