Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос ганд нэрвэгджээ

Хэт их халснаас болж ган гачиг нүүрлээд байгаа тухай Хойд Солонгосын хэвлэлүүд бичиж байна. Нутгийн баруун хэсэгт байрлах Өмнөд Хуанхэ, Өмнөд Пёнган, Нампо зэрэг мужууд хамгийн их хохирол амссан тухай Хойд Солонгосын Төв цахилгаан агентлагийн мэдээн дээр тулгуурлан Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ. Агентлагийн мэдээлснээр тариалангийн талбайн 50 хувь ганд нэрвэгдсэн учир ургац хураан авах боломжгүй болсон гэнэ.

Тавдугаар сараас эхлэн хэт их халж байгаа бөгөөд ургац алдсан явдалд иргэд өөрсдөө буруутай хэмээн Хойд Солонгосын Засгийн газар үзэж байгаа аж. Учир нь төрийн нөөц бололцоо олон улсын хориг арга хэмжээнээс болоод тун хязгаарлагдмал байгаа гэнэ.

Энэ долоо хоногийн сүүлээр борооны улирал эхлэх хэдий ч хөдөө аж ахуй нэлээд хохирол амссан байна. Үүнээс үүдэн ард иргэдийн хүнсний хангамж муудах нь тодорхой болоод байгаа юм.

НҮБ-ын судалгаагаар хойд солонгосчуудын 48 хувь нь хангалттай хоол хүнс хэрэглэж чаддаггүйгээс үүдэн эрүүл мэндээр хохирдог аж. 2004-2006 оны хооронд энэ үзүүлэлт 35 хувьтай байсан бол 2015-2017 онд 43 хувь болж өсчээ.

Иргэд нь хангалттай хоол хүнс хэрэглэж чаддаггүй байдлаар Хойд Солонгос дэлхийд дөрөвдүгээр байранд ордог ба өмнө нь Төв Африкийн бүгд найрамдах улс, Зимбабве, Гаити ордог гэнэ.

Ийм байдлыг таагүй цаг агаарын нөхцөл болон олон улсын хориг арга хэмжээтэй холбон тайлбарладаг. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд тусламж илгээдэг ч тэр нь хангалтгүй байдаг аж.

Т.БҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *