Categories
гадаад мэдээ

Еврокомиссын тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

Европын холбооны парламент удаан хэлэлцсэний эцэст Германы канцлер Ангела Меркелийн хамсаатан гэгддэг Урсулафондер Ляйенийг Еврокомиссын тэргүүнээр сонголоо. Өдгөө 60 настай энэ эмэгтэйн төлөө 751 депутатын 383 нь саналаа өгсөн тул Европын холбооны гүйцэтгэх засаглалын төв байгууллагын анхны эмэгтэй тэргүүн болох гэж байна.

Өнгөрсөн мягмар гариг хүртэл сонгууль хэрхэн дуусах нь тодорхойгүй байсныг ажиглагчид онцолж байгаа юм. Гэхдээ ийм байдал нь Европын улс төрд гарч буй өөрчлөлтүүдийн үр дүнгийн нэг гэнэ. Өмнө нь олон жилийн турш зүүний болон барууны төвч намуудын төлөөлөл Европарламентад сонгогдож ирсэн байдаг. Эдгээр намууд нэгдээд олонхийг бүрдүүлж чаддаг байсан юм. Тиймээс ч ямар нэгэн асуудалгүй гол албан тушаалд хүмүүсийг томилж ирсэн. Ийм маягаар Жан-Клод Юнкер болон Дональд Туск нар албан тушаалдаа сонгогдож байсан ажээ.

Тавдугаар сард болж өнгөрсөн сонгуулиар дээр дурдсан хоёр том улс төрийн хүчин 67 мандат алдсанаар олонхи болох боломжгүй болжээ. Учир нь эдгээр мандатуудыг нь популист үзэлтнүүд төдийгүй, зүүн, либерал-ардчилагчид гэх мэт бусад намуудын төлөөлөл булаан авсан байна.

Урсулефондер Ляйений хувьд гэвэл тэрээр өдгөө 60 настай, долоон хүүхдийн эх юм.Тэрээр Бельгийн нийслэл Брюссель хотноо төрсөн боловч 12 настай байхдаа Герман руу нүүжээ. Лондон хотын эдийн засгийн сургуульд сурч байгаад хожмоо эмч болсон аж. Герман хэлнээс гадна англи, франц хэлтэй. 40 хүрсэн хойноо улс төрд орсон бөгөөд Доод Саксонийн парламентад сонгогдсон, 2005 онд Германы канцлер Ангела Меркелийн Засгийн газар дахь гэр бүл, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадуудын асуудал эрхэлсэн яамыг тэргүүлсэн байна. 2014 онд тэрээр Германы Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд болсон аж.

Цэргийн мөрдэстэй хүмүүстэй У.Ляйен хэл амаа ололцож чадаагүй гэгддэг бөгөөд удирдах арга барилаас болсон гэж үздэг юм. Сөрөг хүчнийхэн нэг бус удаа огцрохыг уриалсан ч тэрээр татгалзсан байдаг.

Нэг бус удаа янз бүрийн хэл аманд өртсөн учир улс төрийн нэр хүнд нь унажээ. “Фондер Ляйен манай хамгийн сул дорой сайд. Гэхдээ ийм байдал нь Еврокомиссын тэргүүн болоход хангалттай бололтой” хэмээн Европарламентын тэргүүн асан Мартин Шульц твиттер хуудаснаа бичжээ.

Еврокомиссын шинэ тэргүүний улс төрийн үзэл баримтлал Европын олон оронд таалагдахгүй л болов уу хэмээн ажиглагчид үзэж байна. Фондер Ляйен Европын холбоог Герман болон Швейцарийн загвараар өөрчлөх талыг баримтлагч хэмээн тооцогддог юм. Европын ихэнх орон Герман болон Франц хоорондын наймаалцлын дүнд Фондер Ляйен сонгогдсон гэж үзэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *