Categories
мэдээ нийгэм

​Олон Улсын RFC Mongolia 4×4 авто спортын наадам Монгол Улсад зохион байгуулагдана

Монголын бартаат замын авто спортын холбооноос Монгол Улсад зохион байгуулагдах Олон Улсын RFC Mongolia 4×4 тэмцээний талаар мэдээлэл хийлээ.

“Монголын Бартаат Замын Авто Спортын Холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Н.Номтойбаяр Долдугаар сарын 21-26-ны өдрүүдэд Олон Улсын RFC Mongolia 4×4 авто спортын наадам Монгол Улсад зохион байгуулагдана. Энэхүү наадам нь дэлхийд чансаагаараа эхний аравт, хүнд зэрэглэлээрээ нэгдүгээрт ордог. Бусад тэмцээнүүдтэй харьцуулбал зай богино хэдий ч бартаа ихтэй. Шавар, ус, өндөр уулын оргил гэх мэтчилэн 16 даваатай. Олон улсын стандарт, дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаа учир аюулгүй байдлыг нэн түрүүнд хангасан. Бартаат замын тэмцээн зохион байгуулагдахад байгаль орчны асуудал хөндөгддөг. Бид шинэ зам хийхгүй. Голдуу өвөлдөө ашиглагддаг замаар явна. Тиймээс байгаль орчинд сөрөг нөлөөгүй. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зориулалтын машин авч явж Гачуурт, Тэрэлжийн хэсгийн хогийг цэвэрлэх ажлыг хүлээж байна. Хог цэвэрлэхээс гадна гол усны үертэй үед иргэдэд өөрсдийн техник хэрэгслээр туслана. Энэ тэмцээнийг зохион байгуулснаар Монголд бартаат замын авто спортын төрөл хөгжихөөс гадна машин механизмын үйлдвэрлэл хөгжиж байна. Мөн аялал жуулчлалын салбарт ч тустай юм. Тэмцээний газар луу очиход ямар ч төрлийн машинаар бартаа саадгүй, хүрэлцэн очих боломжтой.

-Монгол улсаас хэдэн баг тамирчид оролцож байгаа вэ?

-Холбооны хүрээнд нэн хүнд бартаат замын ангилалд уралддаг авто спортын 20 клуб 200 тамирчин бий. Сая болсон “Мазаалай” тэмцээнд мэргэжлийн 40, сонирхогчийн 30 орчим машин оролцсон. Энд сонирхогчийн төрөл гэж байхгүй. Техникийн үзлэг тун удахгүй эхэлнэ. Энэ үзлэгт хамрагдаж, шаардлага хангасан машинууд оролцох боломжтой. Урьдчилсан байдлаар бид 40 орчим машин мэргэжлийн түвшинд уралдана гэж тооцоолж байна.

-Тэмцээнд тамирчид ямар ямар улсаас ирж оролцож байгаа вэ?

-Одоогийн байдлаар ОХУ, Хятад, Малайз улсын баг тамирчид оролцоно гэдгээ мэдэгдсэн.

Наадмын хөтөлбөр

7 дугаар сарын 21-нд

  • 10:00 цагаас Сүхбаатарын талбайд нээлтийн үйл ажиллагаа
  • Чингис хаан олон улсын Нисэх буудлын цаана Морин даваанд эхний 3 бартаа

7 дугаар сарын 22-нд

  • 10:00 цагаас Гачуурт тосгоноос зүүн тийш 3 км газарт дараагийн бартаа

7 дугаар сарын 23, 24-нд

  • Тэрэлжээс зүүн тийш 8 км-т орших YAMAHA жуулчны баазад дараагийн бартаа

7 дугаар сарын 25-нд

  • Шарбулагийн рашаанаас хойшоо 20км орших газарт хамгийн хүнд төрлийн тэмцээн

Н.САРУУЛДӨЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *