Categories
мэдээ цаг-үе

Хошууч М.Ням-Очир: Сумын хэсгийн төлөөлөгчөөр 17 жил ажиллаж байна даа

Цагдаагийн сургууль төгссөн ихэнх залуус суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаад аль болох төв суурин газар бараадахыг илүүд үздэг нь нууц биш. Тэгвэл эсрэгээр төв суурин бус, харин ч сум, орон нутаг руу тэмүүлэхийг хүсдэг алба хаагчийн нэг бол хошууч М.Ням-Очир. Тэрбээр сумын хэсгийн төлөөлөгчөөр 17 жил ажиллажээ. Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн баярын өдрүүдэд түүнтэй ярилцлаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэсгийн төлөөлөгч юм.


-Та цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон дурсамжаа хуваалцахгүй юу. Цагдаагийн байгууллагад дөрвөн жил өдрийн ангид суралцаж төгсөөд, таван суманд хэсгийн төлөөлөгчөөр ажилласан алба хаагч цөөхөн болов уу?

-Би 1998 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар 10-н жилийн сургуулийн Далайцэрэн багштай 10б ангийг төгсөж цагдаагийн дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгөөд тэнцэж ороод 1998 оны долдугаар сарын 23-ны өдөр Орбитод карантинд гарч байлаа. Би Цагдаагийн дээд сургууль байхад нь элсэж ороод Цагдаагийн академи болон өргөжсөн байхад нь төгсөж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт томилогдон Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас хэсгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн. Энэ суманд би хэсгийн төлөөлөгчийн ажил ямар хүнд байдаг, бас ямар их хүндтэй, иргэдийг өөрөөрөө хүрээлүүлсэн алба болохыг мэдэрсэн юм. Би тэндээс ханьтайгаа учирч том охиноо хүлээн авч аав болсон. Миний сайхан дурсамж бас залуу насны минь алдаа ч гэсэн энэ суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн үеэс эхтэй юм.

-Таны илрүүлсэн хэргийн тухай нийтлэл манай сонинд гарч байсан юм билээ. Энэ ямар хэрэг вэ?

-Нэг өглөөний ярианд ирээд суутал урьд шөнө нь гурван айлд хулгай орж их хэмжээний эд зүйл алдагдсан хэрэг гарсан байлаа. Тасгийн даргаас эрүүгийн төлөөлөгч д/ч Батхуяг шалгаж шийдвэрлэ гэлээ. Батхуяг багш маань тэр өдөржингөө бид хоёрыг дагуулж Сайхан сумын Хөтөл хотын бүх байрны подвалийг шалгаж хулгайлсан зүйлийг нуусан байрыг олсон. Тэр шөнөжин хүйтэн подвальд отолт хийж бүлэг зэвсэгтэй хулгайч нарыг барьсан юм. Тэр тухай “Өдрийн сонин”-д хэвлэгдэж би сонингийн нийтлэлээ барьж очоод дадлагын тайлангаа онцсайн хамгаалж билээ. Тэгэхэд би хэрэг илрүүлнэ гэдгийг бодитоор мэдэрч ойлгох шиг л болсон юм. Одоо ч гэсэн би Батхуяг даргаас мэдэхгүй, чадахгүй зүйлээ асууж лавлаж ярьдаг хэвээр байгаа.

Намайг хэсгийн төлөөлөгчөөр томилогдсоноос гурван сарын дараагаас буюу 2002 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн Монгол Улсад шинэ Эрүүгийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгжиж эхэлсэн нь цоо шинэ зүйл байлаа. Шинэ хуулийг хэрэглэж эхлэх, түүнд тохируулан ажил үүргээ явуулах, дээрээс нь сумын Засаг даргаас цалин хангамжаа авдаг байсан сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч босоо санхүүжилттэй болсноор ажиллах орчин боломж маш тааруу болж эхэлсэн юм. Дараа нь цагдаагийн байгууллагаас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон ажил зохиож, хууль эрх зүйн орчинг сайжруулснаар өнөөдөр хэсгийн төлөөлөгчөөр ажиллахад хүндрэл бэрхшээл бага байна. Суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллахад хамгийн гол нь хувь хүний өөрийнх нь идэвх зүтгэл чармайлт чухал юм шиг санагддаг.

-Суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллах нь төв суурин газар ажиллахаас онцлогтой байх. Хөдөө ажиллах хүнд байсан уу. Хэр удаж байж идээшсэн бэ?

-Би хөдөө мал дээр өссөн болохоор суманд ажиллах хэцүү байгаагүй ээ. Цөөхөн хүн амтай суманд хууль сахиулна гэдэг хамгийн хэцүү байдаг. Миний хувьд 17 жил хэсгийн төлөөлөгчөөр ажилласан байна. Энэ бол бага хугацаа биш. Ажилласан жилүүдээ эргээд харахад миний ажилласан сум бүрийн иргэдийн ам яриа, надад хандаж байгаа хандлага их сайн байдаг юм. Суманд хэсгийн төлөөлөгчийн ажил албыг хашихад дандаа магтуулаад хүндлүүлээд байна гэж байхгүй. Сөрөг талууд бас байгаа. Миний ажил хүн бүхэнд сайхан санагдахгүй болохоор хуулийг зөрчдөг, буруу сэтгэлтэй хүмүүс дунд би хамгийн муу хүн нь шүү дээ. Тийм болохоор ажиллаж байгаа байгууллагынхаа нэр төрийг иргэдийнхээ дунд өндөрт өргөж явахыг хичээж явна даа.

-Сумын хэсгийн төлөөлөгч нь аймгийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн даргынхаа шууд удирдлагаар ажилладаг. Суманд ажиллахад сурах юм их байдаг. Таны хувьд?

-Хэсгийн төлөөлөгч цагдаагийн ажилтан гэдэг бол сумандаа хамгийн том хуульч нь шүү дээ. Тухайн сумын бүхий л иргэд зөвхөн сумандаа гарсан хэрэг гэлтгүй, хот хүрээнд байгаа хүү, охин маань ийм асуудалд холбогдсон байна, төлөөлөгчөө энэ ямар учиртай юм бол, тэнд тэгээд хохирчихлоо, хаана хандахаа мэдэхгүй байна гэх зэргээр асуудаг. Бүр хүүхэд үрчилж авах гэсийн хууль зүйн зөвлөгөө өгөөч гээд л цуварч өгнө дөө. Тэр болгонд зөвлөгөө өгөөд хуулийнх нь заалтыг хэлж туслаад гаргахад настай хүмүүсийн хүндлэлийг хүлээж байдаг. Тийм болохоор хамгийн гол нь хүнтэй харилцах харилцаа л чухал юм. Нэг л хүний сэтгэлд сайхан дурсамж үлдээсэн бол тухайн иргэн цагдаагийн ажлын хүндрэл бэрхшээлийг ойлгож аль болох туслахыг хичээж байгаа нь мэдэгддэг. Хохирсон, итгэх итгэлээ алдаж цагдаагийн байгууллагад хандаад цагдаагийн тусламж үйлчилгээг аваад баярлаж талархсанаа илэрхийлж байгаа иргэнийг хараад би хийж буй ажилдаа сэтгэл хангалуун болдог.

-Анх хэсгийн төлөөлөгч болоод ханьтайгаа танилцсан гэсэн. Ханийнхаа талаар хуучлахгүй юу?

-Эхнэр бид хоёр амьдраад бас 17 жил болж байна. Хэсгийн төлөөлөгчийн эхнэр байна гэдэг ер нь амаргүй. Шилжин суурьшсан сум болгонд дагаад л очно. Хүн танихгүй. Ажил байхгүй шинэ газар очоод дахиад л шинэ хамт олонтой учирна. Тэр дунд орж ажиллана гэдэг чинь эмэгтэй хүний хувьд маш их тэсвэр шаарддаг юм байна лээ. Ялангуяа сумдын сургууль дотор жалга довны үзэлтэй хүмүүс олон байдаг. Тэр дунд орж ажиллана гэдэг хэцүү байдаг. Энэ бүгдийг даван туулж миний дэргэдээс холдоогүй эхнэртээ их баярлаж явдаг даа. Миний ээжийн ээж болох эмээ маань 85 настай. Дархан хотод энх тунх амьдарч байна. Ховд аймгийн Мянгад суманд миний хамгийн том нагац ах Нямаа маань үр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа даа.

-17 жил бол багагүй хугацаа. Энэ албанд зүтгэхээр шинээр томилогдож байгаа залууст таны хэлэх зөвлөгөө их чухал байх?

-Үнэхээр 17 жил хэсгийн төлөөлөгчийн ажил албыг хашна гэдэг амархан биш байлаа. Гэхдээ муу муухай зүйлээсээ илүүтэй надад сайн сайхан зүйлийг их авчирсан даа. Тийм болохоор би хэсгийн төлөөлөгч гэдэг ажил, албан тушаалдаа үнэхээр дуртай. Хүмүүс намайг чи хөдөө сумандаа зэвэрлээ, одоо төв бараадах болоогүй юу гээд их асуудаг. Би цаг нь болохоор өөр ажилд очих байх гэж бодож явдаг. Сүүлийн үед шинэ залуу хэсгийн төлөөлөгчөөр томилогдож ажиллаж байгаа залуучууд, дүү нар маань хамгийн их алдаж байгаа зүйл нь хөнгөн хийсвэр байдлаасаа болдог юм шиг санагдсан. Тэвчээргүй, шантрамтгай байна. Тийм болохоор шинэ ажил албаа хашиж байгаа дүү нартаа хандаж ажлыг шантралгүй, ул суурьтай хийх нь чухал шүү гэж хэлье дээ.

-Таны ажил алба, амьдралдаа баримталдаг зарчим, хэлэх дуртай үг юу вэ?

-Би зөв л бодолтой, зөв үйлдэлтэй явахыг хичээдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг хэлэх дуртай. Энэ дашрамд, хурандаа А.Энхбат даргатай Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын хамт олон, мөн дэд хурандаа Б.Ганхуяг даргатай Мандал суман дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн хэсгийн хамт олондоо тусалж дэмжиж явдагт баярлалаа, та бүхэндээ эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн баярын мэнд хүргэе. Мөн эрүүгийн албанд ажиллаж байсан үе, үеийн ажилтан алба хаагчдадаа бүгдэнд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

О.ДАШ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *