Categories
мэдээ цаг-үе

Наадмаар усанд осолдож амиа алдах тохиолдол буурахгүй байна гэв

Үндэсний баяр наадам өргөн дэлгэр боллоо. Одоо ч олон түмэн нутаг усаараа хэсч, баярлан цэнгэж, амарч зугаалсаар байна. Гэвч наадмын өдрүүдэд гамшиг ослын улмаас олон зуун хүн эрүүл мэндээрээ хохирч, мөн амь насаа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Онцгой байдлын байгууллага энэ сарын 11-16-нд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан байна. Энэ хугацаанд төв болон орон нутгийн албад аюулт үзэгдэл, ослын 34, обьектын гал түймрийн 18, ой хээрийн түймрийн долоо, нийт 59 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангажээ. Наадмын өдрүүдэд иргэд голын эрэг дагуу амарч, зугаалж яваад голын усанд осолдож, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна гэж албаныхан мэдээлэв. Энэ өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, долоон аймаг, суманд усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн амь насаа алдсан байна. Үүний гурав нь хүүхэд байжээ. Гол усны осол ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Маргааш ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 26-31, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна.

Түүнчлэн, бороо хур элбэг ч зарим нутагт хэт халсны улмаас түймэр гарч байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэд хэдэн суманд түймэр дэгдэж байна.

ЖИЛДЭЭ 110-120 ХҮН УСАНД ОСОЛДОЖ БАЙНА

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Зун амралт зугаалгын цагаар онцгой байдлын албанд ирж байгаа дуудлагын хэдэн хувь нь үер, усны осолтой холбоотой байна вэ?

-Ер нь зуны улиралд онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын 90 орчим хувь нь үер усны аюул, усны осолтой холбоотой байдаг. Энэ жил ч мөн адил байна. Жилдээ 110-120 хүн усанд осолддог. Он гарсаар энэ сарын 16-ны байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарсан. Нийт 55 хүн усанд осолдож, амь насаа алдаад байна. Үүний найм нь хүүхэд байсан. Зуны улиралд үер усны аюул маш их гардаг тул Онцгой байдлын албанаас албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилладаг. Энэ хүрээнд гол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, голын эрэг дагуу амарч байгаа хүмүүст сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулж байна. Мөн нийслэлийн хэмжээнд завьт эргүүл арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгуулж байгаа. Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл голын эрэг дагуу амарч зугаалж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байна. Мөн голын эрэг дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулсан.

-Усанд осолдож амь насаа алдаж байгаа нь иргэдийн болгоомжгүй байдалтай ихэвчлэн холбогдож байна уу?

-Тийм. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж байна. Голын эрэг дагуу явуулж, тоглуулдаг. Мөн зугаалж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэрүүцэх зорилгоор усанд орж байна. Ингээд усанд хөл алддаг. Түүнчлэн, бага насны хүүхэд хийлдэг завь, гудастай усанд орох нь нэмэгдсэн. Гэтэл энэ нь эргээсээ маш хурдан холддог. Энэ үед усанд осолдоход, аврах ажиллагаа үзүүлэхэд хэдийнэ оройтсон байдаг талаар аврагчид анхааруулж байна. Мөн томоохон голуудын хүчтэй урсгалтай эрсдэлтэй хэсэг, тохойд гар утсаараа сэлфи хийх гэж байгаад усанд унаж, амиа алдсан тохиолдол гарсан. Ном уншиж сууж байгаад эргээд харахад хүүхэд нь голд орчихсон байх жишээтэй. Энэ мэтээр иргэдийн санамсаргүй болгоомжгүй байдлаас болж хохирох тохиолдол элбэг байна.

-Гол, усанд осолдох тохиолдол хэдэн сараас буурч эхэлдэг вэ?

-Завьт эргүүлийг зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл гаргаж байна. Энэ жил усархаг аадар бороо их орлоо. Наадмын өдрүүдэд гэхэд 15 хүн гол усанд осолдсон. Үүний гурав нь бага насны хүүхэд байсан. Иймд иргэд амралт аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай байж, нэгнийгээ хаана, хэнтэй байгааг байнга бүртгэх хэрэгтэй. Мөн баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих ёстой. Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, ялангуяа, хүүхдэд янз бүрийн хийлдэг завь, гудастай усанд оруулснаар эргээсээ холддог. Энэ бүхнийг анхаарах хэрэгтэй.

-Энэ жил бороо хур элбэг орж буй ч зарим нутагт түймэр дэгдэж байгаа гэсэн. тухай тодруулахгүй юу?

-Өнгөрсөн хавар усархаг бороотой, үертэй байсан хэдий ч зарим аймагт хэт халалтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл үүссэн. Он гарснаас хойш энэ сарын 16-ны байдлаар нийслэл, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 89 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Түймэрт 300 мянга гаруй талбай өртөж, 13 байшин, гурван гэр шатсан. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Алтанбулаг суманд зургаан түймэртэй байна. Онцгой байдлын байгууллага орон нутгийн иргэдтэй хамтраад түймрийг түргэн шуурхай унтраахаар ажиллаж байгаа. Түймэр гарсан голомт нь хүн хүч хүрэх боломжгүй, хөвд, мод ихтэй. Тиймээс машин явах бололцоогүй байна. Энэ нь түймрийг шуурхай унтраахад хүндрэл учруулж байгаа. Хэт халалтын улмаас, мөн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, ил гал түлэх, галаа бүрэн унтраалгүй явах зэргээс үүдэж ой хээрийн түймэр гарах эрсдэл учирч байгааг анхаарах нь зүйтэй.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *