Хаврын чуулган өндөрлөсөн ч ээлжит бус чуулганыг зарлаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг хийж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 16-ны чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр өөрийн саналаа илэрхийлнэ.
Наадмын өдрүүдэд ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд саналаа солилцсон байна. Тухайлбал, Хүй долоон худагт соёолонгийн уралдаан үзэх үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа үг хэлэх үеэрээ илэрхийлжээ.