Categories
мэдээ цаг-үе

Наяад оны төгсөгчид буюу Мандалговийн найраг

ТӨРӨЛЖСӨН, ГҮНЗГИЙРҮҮЛСЭН, ҮНДСЭН 10А АНГИЙНХНЫ ТУХАЙ ХҮҮРНЭЛ

1980-аад он бол Дундговь аймгийн Мандалговь хотын хувьд хөгжил цэцэглэлтийн ч гэхээр хөл хөдөлгөөнтэй он жилүүд байжээ. Барилгын VI трест гэгч талын бяцхан тэр хотын аварга том бүтээн байгуулалт бий болохын зэрэгцээ 1978 оны намар 964 хүүхэд хичээллэх арван жилийн дунд сургуулийн иж бүрэн барилгын ажил дуусч, анхны сурагчдаа хүлээн авчээ. ЗХУ-ын бэлгийн тэр шил толь болсон шинэ сургуулийн 9А бүлэгт өнөөдрийн манай сонины “Нэг ангийнхан” баатрууд суралцахаар хуучин арван жилийн дөрвөн бүлгээс шилж сонгогдон цугларчээ. Шилж сонгогдон гэх үгэнд ихээхэн учир бий гэнэ. 1977-1978 оны хичээлийн жилд хаанаасаа ч шийдсэн юм бэ, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх удаа туршин нээхээр тийнхүү наймдугаар анги төгсөгчдийг сурлага, спорт, урлагийнх нь амжилтаар шигшиж, үндсэн нэгэн анги бий болгосон нь чухам тэр ажээ.

Үндсэн гэх тэр ангийг дааж авсан багш нь ч гэлээ энгийн нэгэн багш байсангүй, том цэнхэр нүд эргэлдүүлсэн, хүдэр бадриун биетэй, Зөвлөлтийн мэргэжилтэн Юрий Сергеевич Романов гэх жинхэнэ “Коренной-Москвич” дөч эргэм насны инээмсэглэл тодруулсан сайхан эр байжээ. Хаа холын алтан Москвагаас хэдэн жилийн өмнө элс шуурсан говийн жаахан хотод ирсэн тэр багш, өөдөөс нь хараад дэмий л инээлдэх, орос хэлээр таг, тав зургадугаар ангийн хөөрхий хэдэн монгол шавиа яавал аштайхан сургачих вэ гэж арга бүхнийг хайдаг байжээ. Зургийн том картон цаас, тушь, үзэгнээс салахгүй, хичээл болгон дээр өөрийн гараар үзүүлэн бэлтгэж ирнэ. Ангийн ханаар эгнүүлэн өрсөн А.С.Пушкин, Л.Н.Толстой, М.Горький, А.П.Чехов, Н.В.Гоголь, И.С.Тургенев, М.Ю.Лермонтов, Ф.М.Достоевский, Н.А.Некрасов, В.В.Маяковский, А.Н.Островский, С.А.Есенин, Н.Г.Чернышевский зэрэг Орос Зөвлөлтийн аугаа их зохиолчдын хөрөг хүүхэд бүхний дээрээс ширтэж, хэн нэгэнд нь ийм мундаг зохиолч болохсон гэх хөнгөн дэврүүхэн бодол зурвас зурвасхан төрүүлдэг байжээ. Багшийнхаа юу ярьж байгааг ойлгох юмгүй, зааж байгаа зарим үгийг нь тоглож байна гэж сэтгэх томоогүй жаахан хөвгүүд тэвчээр алдан үймүүлэхэд, нэгэнтээ, Юрий Сергеевич “Ух, ты” хэмээн дуу алджээ. Ангийн их л дүрсгүйчүүд нь гэгдэх Биндэрьяа, Баяржаргал, Отгонбаяр нарын үймүүлэх онгод улам л дэвэрч, бие бие рүүгээ харан “Чамайг үх гэлээ, үгүй ээ, чамайг үх гэсэн” хэмээн хэсэг зуур хөхрөлдөж, оргилж ирсэн ааг омгоо дарцгаасан гэдэг. Хэдэн жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Баярхүүгийн Биндэрьяагийн талаар дурсах хүн цөөнгүй ч, нэрт яруу найрагч Ц.Чимэддорж нэгэнтээ, “Тэнгэр газрын дунд тэсэрч явдаг Биндэръяа” гэсэн нь найзыг минь зураад өгчих шиг болсон хэмээн ангийнхан нь дурсаад авна билээ.

Тэгж л зургаа, долдугаар ангиас нь орос хэл зааж, хөөрхөн зүгшрүүлсэн хэдэн хүүхдээ нэг анги болгон дааж авсан орос багш ид л идэвхийлэн ажиллаж байтал Зөвлөлтийн мэргэжилтний нөөц бололцоог ганц ангид төвлөрүүлж явцуурууллаа, сургуулийн хэмжээнд ашиглах ёстой гэснээр анги даахаа больж, оронд нь Улаанбаатар хотын Цэцэрлэгийн техникумд багшилж байгаад эхнэр хүүхдийнхээ хамт дөнгөж ирчихээд байсан Дэмчигсүрэн гэх шоволзсон цагаан залуу ангийг нь дааж авчээ. Тоо физикийн багш Дэмчигсүрэн тулалдааны мастер шахуу хэлцэгдэж, Мандалговийн энгээр нэрээ гаргаад авчээ. Хэдэн хүмүүс цуглараад ярьж байх юм гэнэ. “Мандалговийн хэдэн атаман цаад Дэмчигсүрэнгийн чинь дэргэд шонгүй юм байна. Авир гэхэд л шаггүй шартай эр дээ, өөдөөс нь үг ч дуугарч чадахгүй, хамар дээгүүр нь хөлс нь л хий бурзайгаад, таг суух юм” гэж ирээд ярьж байхыг нь сонссон ангийнх нь хэдэн хөвгүүд болох чөлөөт бөхөөр тун сайн барилддаг Баттогтох болон Эрдэнэдаваа, Батдэлгэр, Жаргалсайхан нарын бах нь ганц ханасан гэдэг.

Сурлага, урлаг, спортын амжилтаараа шигшигдэж, сургуулийнхаа үндсэн ангийг бүрдүүлсэн 10А ангийнхныг даасан хоёр ч багш ямар нэг шалтгаанаар хүүхдүүдээ арав төгстөл нь хамт байж чадсангүй. Н.Дэмчигсүрэн багш л гэхэд цагдан сэргийлэхийн ажилтан болж, дэслэгчийн мөрдөс зүүгээд багшлахаа больжээ. Цагдаагийн хурандаа нарын дунд хашсан албаараа ч, хүрсэн амжилтаараа ч, хүнлэг чанараараа ч тэргүүн эгнээнд нэрлэгдэх багштай улс шүү, бид хэмээлцэх шавь нарынх нь ярианаас үзвэл, ангийн багшаараа тэд ихэд бахархдаг ажээ.

Анги даасан багш нар нь төдийгүй, ямар ч хичээл заасан багш нар нь чиглэл чиглэлээрээ, аргагүй л сурагчдынхаа авьяас билгийг өдөөж өгсөн сэтгэлгээ өндөр сэхээтнүүд байжээ. Улс, аймаг, олон улсын математикийн олимпиадад шавь нараа жилийн жилд оролцуулж, алт, мөнгө, хүрэл медалийн цулбуур атгуулж ирсэн Монгол Улсын гавьяат багш Намжилын Өлзийн тухай дурсахгүй өнгөрч болохгүй гэнэ. Тооны энгийн нэгэн багш төдий биш тухайн үеийнхээ толгой сэхээтэн байсан тэр хүн, “Илбэдэж үзье юү” гэх илбэ ухааны ном орчуулснаа, “Квант” сэтгүүлийн энэ дугаарт ийм гоё бодлого гарч, тийм бодлогын уралдаан зарлаж хэмээн шавь нараа өдөөж өгдөг нэгэн байжээ. Тэгээд ч тэр биз, Ардын боловсролын яам, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгээс математик сургалтын түвшин тогтоох шалгалтыг улс даяар явуулахад 10А ангийнхан ангиараа онцсайн үнэлэлт авчээ. Аргагүй эргэлзээ төрсөн биз, дахин шалгалт авахад, онцсайн үнэлэлтээ батлан харуулсан гэдэг. 10А-гийнхан хэдийгээр тоочин хүүхэд олонтой ч, тэднийхээ дундаас Ц.Энхбат гэдэг хүү аргагүй тодорч, 10 дугаар ангидаа улсын олимпиадад шалгаран оролцож, тэргүүн байруудын нэгийг эзэлжээ. Харамсалтай нь, тэр жил олон улсын олимпиадад манай улсаас хүн оролцуулсангүй. Ц.Энхбат, Д.Чулуунбаатар зэрэг сайхан бичиж, зураг зурдаг, ханын сонин эрхлэн гаргадаг хүүхдүүд анги хамт олноос санаачилсан, Ц.Энхбат өөрөө нэрийг нь өгсөн Сургууль төгсөгчдийн уламжлалт сүлд модны наадам буюу СТУСМН хэмээх наадам их л газар авч, сүүлдээ улс даяар явуулж байхаар МХЗЭ-ийн ТХ-ны тогтоол гарч байсан гэдэг. Ц.Энхбат аравдугаар ангиа төгсөөд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуульд геологичийн мэргэжлээр сурч төгсөн, улсдаа толгой цохих мэргэжилтэн, зөвлөх геологич болсон гэнэ билээ.

Монгол хэл, уран зохиолын хичээлийг хожмоо хоёулаа гавьяат багш болсон З.Цэвээнравдан, Д.Жуужаа нар зааж байсан гэх. Долгорын Нямаа найрагч, “Атлантын түрлэг” номондоо, “1950-иад оны эхээр Өлзийтийн бага сургууль, Мандалговийн дунд сургуульд миний багш байсан Хүүхнүүд овогт Дашдаваагийн Жуужаа надтай нэг нутгийн хүн. Тэртээ нутгийн багш, сурагч хоёр олоон жилийн дараа Вашингтонд уулзаж, Цагаан сараар золгоно гэж хэн санах вэ дээ” хэмээгээд хэдэн мөр шүлэг урлажээ.

…Үй зайгүй шороо босдог

Үйзэн жас дээр сум байхад

Жуулхан амьтан явлаа даа, би

Жуужаа багш мэднэ дээ хэмээн нэрт найрагчийн дурсан бичсэн, гавьяат багш Д.Жуужаа тэргүүтэн шавь нараа утга уран зохиолд дурлуулагчид байжээ. А.Доржсүрэн, З.Цэвээнравдан, Д.Жуужаа зэрэг багшаар хичээл заалгаж асан, 10А ангийнхан дотроос өнөө цагийн нэрд гарсан нийтлэлч, орчуулагч, олон хэлний сайн сайн багш нар төрөн гарчээ. Ер нь ч арвын А ангийнхан дотор багш нарын хүүхэд нэг биш, бусдаасаа тэд ялгарах юмгүй, аав ээжийнхээ заасан хичээлийг адилхан л нухан уншиж, хичээлээ хийсэн бол нүүр бардам гар өргөж, давтаагүй үедээ ширээнийхээ доогуур орчих шахан навталзаж суудаг байжээ. Жуужаа багшийн охин М.Сайнтуяа 10А ангийн онц сурлагатнуудын нэг, сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн даргаар гурван ч жил сонгогдсон, бусдыг манлайлагч сурагч байжээ. Тэр ч чанараа өнөө хүртэл гээсэнгүй, Ленинградад төмөр замын холбооны инженерийн мэргэжил эзэмшсэн тэрбээр АНУ-д 17 жил аж төрж, тэндээ товхийсэн бизнес эрхэлж яваа гэнэ билээ.

Мандалговийн арван жилийн үе үеийн төгсөгчид Хандын Чунт гэхээр сүрдэн ширвээтэж, түүний заадаг түүхийн хичээлийг хэрхэн онцлон давтдаг байснаа ам уралдуулан ярьцгаах юм билээ. Хичээл заахаа болиод, өтөл насан дээрээ ирсэн хойноо ч Чунт багш түүхч, судлаачийн хөдөлмөрөө хойш тавьсангүй, “Чингис хааны анхны алтан шармал зоос” гэдэг судалгааны ном бичиж, шуугиан тарьж байв. Түүний хүү Чулуунбаатар 10А ангийнх гэнэ. Ангийнхаа хоёр Чулуунбаатарыг ялгах гэж Чуба, Чука гэж дуудах энэ ангийнхны Чука нь хичээлийнхээ хажуугаар шатарт хорхойсч, аравдугаар анги төгсөхдөө аймгийн насанд хүрэгчдийн аварга, нэгдүгээр зэргийн шатарчин болж байсан бол, Чуба нь үндэсний бөхийн аймгийн идэрчүүдийн аварга болж байсан гэнэ лээ. П.Очирбат Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үнэт цаасны үйлдвэрийн захирал, Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга зэрэг албыг хашиж ирсэн Ч.Чулуунбаатарын шатар заасан шавь нараас нь арван настай Очирбат гэдэг хүү дэлхийн аваргын эрхэм цол хүртжээ.

Газар зүйн багш Ц.Сумъяа гэж үе үеийн олон шавь төрүүлсэн, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, цэцэн цэлмэг үгтэй багш байжээ. Сумъяа багшийн хүү Содовын Энхбат хүүхэд байхын зохион байгуулах авьяастай, элдэв санал санаачилга гаргаж, найз нөхдийгөө мөр холбон элэглэж наргиа хийх хоббитой нэгэн гэнэ. С.Энхбат ерөөсөө ч тушаалаар явдаг цэргийн хүн биш байсан байх, анх элсэн орсон ЦЕДС-иа орхиж, аймгийнхаа Залуучуудын эвлэлийн хороонд зохион зааварлагчаар ажлын гараагаа эхэлжээ. Улмаар УБДС-ийг төгсч, дунд сургуулийн захирал хийж явсан тэрбээр хожмоо хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө зүтгэх болжээ. Дундговийнхны Ариун цэврийн станцын дарга Содов эмч хэмээн хөөршөөн дууддаг эцгийнхээ талаар ихэд бахархаж, манай удамд зүрхний Банзрагч гэж цуутай эмч, нэртэй сэхээтэн байсан хэмээн ярих дуртай тэрбээр ер нь л хүний төлөө ажил үйлсээ зориулж яваа нэгэн билээ.

Энэ ангид физикийн хичээл зааж байсан Д.Нямсүрэн гэж нүд дүүрэн, нэгэн сайхан багшийн төрсөн дүү Д.Мягмар ч бас л 10А-гийн төгсөгч гэнэ. Дундговь нутгийн хүү, Азийн гүйдэг хар хэмээгдэх хөнгөн атлетикийн цуутай мастеруудын нэг Б.Гунгаадоржийн гарын шавь Д.Мягмар хичээл болгондоо тэгш сайн хүүхэд байжээ. 1976 онд арван дөрөвхөн насандаа 4X100-д улсын рекордыг эвдэлцэж, олимпт явахаар яригдаж, оролцсон тэмцээн болгоноосоо гурав дөрвөн төрлөөр алт, мөнгөн медаль хүртэж, олныг гайхшируулж, шагшруулж явсан түүнийг найз нөхөд нь, манай Мягмар хичнээн долоо хоногоор, жилдээ хэд ч бэлтгэлд гарч, хичээл тасарлаа гэхэд хоцрогдоно гэж байхгүй, сурагчийн ширээнээс нэг ч хөндийрөөгүй маниасаа илүү л гарна уу гэхээс, дутаж байсан удаагүй хэмээн ам нэгдэн магтана билээ. Д.Мягмар хурд сорихдоо ч, хичээл сурлагадаа ч бахдам амжилт гаргасаар, ЗХУ-д дээд мэргэжил эзэмшиж, өдгөө усны талаар амыг нь хардаг том мэргэжилтэн, зөвлөх инженер болжээ. Түүнтэй цуг гүйлтийн ойрын зайд хүчээ үзэж, бахдам амжилт гаргаж байсан мастер тамирчин Х.Хишигжаргал ч 10А ангийнх юм гэнэ.

Дөчин жилийн тэртээ төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, үндсэн анги зэрэг тухайн үедээ цоо шинэ нэр олныг хүлээж, тэр ч хэрээр шинэ туршилтыг үр бүтээлтэй даан төгсөцгөөсөн 10А ангийнхан дотроос орос хэлээр л гэхэд, Оросын их дээд сургуулийн нэг хоёрдугаар курсийн оюутны түвшинд бэлтгэгдсэн, орос хэл гэдэг жил дамжин дүрэм үздэг хэл төдий биш, хэрэглээний хэл болохыг харуулсан шилдэг сурагчид олноор төрөн гарчээ. Хэдийгээр Н.А.Некрасовын “Орост хэн жаргалтай вэ?” хэмээх хэдэн мянган шад мөртэй шүлэглэсэн романыг орчуулсан Д.Самдан, арав төгсөх улсын бүх шалгалтаа оросоор өгсөн Өсөхбаяр зэрэг орос хэлээр шагшигдаж гайхагдсан хүмүүс Дундговь аймагт олон байсан ч, Одесс хот дахь Хөргөлтийн технологийн дээд сургуулийг инженер механикаар төгссөн Л.Хүүхэнцэцэгийг нэр цохон дурдах л ёстой хүний нэг аж. Өдгөө хэл шинжлэлийн доктор болсон, МУИС-ийн ахлах багш С.Чимэд, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа, ангийн эвлэлийн үүрийн дарга, их эмч Д.Уранчимэг, Ленинградад төгссөн холбооны инженер М.Сайнтуяа зэрэг охид голдуу орос хэлэндээ гаргууд байсан ч, тэднээс дутахгүй хөвгүүд ч цөөнгүй гэнэ. Хүний их эмч, доктор, Эрхүү хотноо Ерөнхий консулаар сууж байсан Ц.Ганболд хичээл болгондоо сайны хажуугаар орос хэлэндээ ч дөмөг л сурагчдын нэгэн байжээ. Эртний ховор нандин зүйлийн цуглуулгыг цэл залуугаасаа ажлынхаа хажуугаар хобби болгон эрхэлж явсаар өдгөө улсынхаа хуруу даран тоолох мэргэжлийн том цуглуулагчдын нэгэн болтлоо өсчээ. Баян Цэрэндорж гэж бүр социализмын үед нэрлэгдэж явсан эцгийнхээ ажилсаг, няхуур, нэгийг мянга болгох ухаан хар багаас нь суугаа биз, цуглуулга ч хийдэг, морь ч хурдлуулдаг түүнийг ангийнхан нь бас л бэлтэй эр гэлцэх янзтай.

UBS телевизийг үүсгэлцэж, өдөр тутмын хэд хэдэн сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Монголын сэтгүүлчдийн байгууллагыг удирдалцаж явсан, ангийнхан нь Чуба гэх До.Чулуунбаатар гэхэд л ес, аравдугаар ангидаа Оросын утга уран зохиолд хорхойсч, Пушкин, Лерментов, Жуковский нарын зохиолоос орчуулахаар оролдож байсан гэдэг. “Орчуулга оролдож байсан дэвтрүүдээ хожим эргэж үзэхэд, Ц.Дамдинсүрэн гуайн толиноос баахан үг шүүрдэж, хэлхсэн дэмий л юм байж билээ. Үгүй тэгээд дэмжиж, засаад өгөх хүн байсан бол юмыг яаж мэдэх вэ, хүүхэд насандаа өөртөө таарсан орчуулга гаргачих ч байсан юм бил үү” хэмээн хожим нь нэгэнтээ дурсчээ. Түүнийг аравдугаар ангиа төгсөөд их сургуулийн хэл уран зохиолын анги авах гэтэл, өдий олон жил туж онц сурчихаад, ганц хоёрхон хуваарь ирсэн гурав дахь оронд явахгүй юм бол ямар хэрэг байх вэ хэмээн зарим багш нарынхаа ятгаснаар Румын улсын Брашовын Их сургуульд суралцахаар явсан гэдэг. “Ангийнхан маань шагширцгааж байгаа шүү, Л.Хүүхэнцэцэг”, “Чубадаа хосгүй сайхан бүтээл гаргасанд баяр хүргэе. Бахархаж байгаа шүү. Г.Батбаатар”, “Ангийн найздаа баяр хүргэе. Нэвтрүүлэг үзээд бахархаж суулаа. Үнэхээр их хүч хөдөлмөр, оюун ухаан заржээ. Улам их амжилт. С.Чимэд”, “Чуба, Румынд сурсан, инженер болсон нь хамаагүй, цаанаасаа ийм өгөгдөлтэй, авьяас билэгтэй болохоор л ийм бүтээл гаргаж байгаа хэрэг. Ц.Ганболд”, “Чам шиг гоё бичихсэн гэж бид дуурайдаг байлаа, одоо ийм лут том бүтээл гаргасанд чинь бахархаж байна. М.Сайнтуяа”, “Айл бүхэнд байхаар, хүн бүхэнд хэрэг болохоор толь бичиг бүтээжээ. С.Энхбат”, “Сайхан бүтээл болжээ, гайхалтай. Д.Мягмар”. Энэ үгс бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн До.Чулуунбаатар зохиолчийг тун саяхан “Англи-Монгол хэлц хэллэгийн их толь” бүтээлээ гаргасанд нь ангийнхаас нь баяр хүргэсэн хэдхэн жишээ.

1979 оны төгсөгч 10А ангийн онцолж нэрлүүштэй сурагчид бол онц ч сурдаг, хөгжим ч дардаг, сагс ч сайхан тоглодог, Эрхүү хотын УААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, ангийн дарга Ц.Нацагдорж, УБДС-ийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгсч, Эрдэнэт хотод сургуулийн захирал, төрийн захиргааны байгууллагад олон жил газар, хэлтсийн даргаар ажилласан, нутаг орондоо бол С.Удвал дарга шиг нэр хүндтэй Ишмаа даргын хүү гэхээр анддаггүй Гүнчингийн Батбаатар, Ташкент хотын ХАА, Усжуулалт Механикжуулалтын дээд сургуулийг төгсч ирээд, Өмнөговь аймгийн УАА-н газар, мөн аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өдгөө АНУ-д бизнес эрхэлж байгаа Д.Сарантуяа, аймагтаа цор ганц хурандаа цолтой цэргийн хэлтсийн дарга Дэмбэрэл гуайн эрх танхи охин, ангийнхаа жавхаатай охидын нэг, холбооны инженер Сайннэмэх, Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд, нэрд гарсан улстөрч Ж.Наранцацралтын төрсөн дүү, өдгөө хувийн бизнес эрхэлж яваа эдийн засагч Ж.Нарантуяа гээд сайн сайн сурагчид эдний ангид олон л байжээ.

Аливаа ангид гоц сайн сурдаг хүүхдүүдээс гадна, жигд сайн сурдаг, хамт олныхоо гол ноён нурууг бүрдүүлдэг, тийм онцолж яриуштай хүүхдүүд цөөнгүй байдаг. Томоотой, даруухан, “толгой”-той гэгдэх Г.Адьяасүрэн, ангийнхан дотроосоо голомтоо сахиж Мандалговь хотдоо аж төрж яваа, трактор хэмээх Г.Ганбаатар, хэд хэдэн улсад Элчин сайдын яаманд ажилласан, ярианд нь шимтүүштэй Н.Ганболд, цэргийн нисэхийн засвар техникийн мэргэжлийг Одесст эзэмшсэн, хүнлэг, үнэнч Ц.Лхамдорж, бие жижиг ч, подхийсэн үгтэй, хуур урлаач, авто инженер Г.Мөнхтөр, ангиасаа ганцаар хууль хяналтын байгууллагад шүүгчээр ажиллаж буй, цэвэрч цэмцгэр, нягт нямбай Ж.Мөнхтуяа, татварын мэргэшсэн нягтлан, өөдрөг сайхан сэтгэлтэй Д.Мөнхцэцэг, тоогоор найраг хэлхдэг, мэргэшсэн нягтлангууд болох МУИС-ийн гэгдэх Ш.Мөнхцэцэг, нефтиэр нэрлэгдэх Б.Буяндэлгэр, нэр нь ижилхэн төдийгүй овог нь хүртэл ижил үсгээр эхлэх хоёр Наранцэцэг, гурван Сарантуяа, тэр дотроосоо Шатарын Сарантуяа нь аугаа их уртын дууч Ж.Дорждавга гуайн гал зээ нь ажээ. Мөн нэр нэгт Ш.Сарантуяа нь Политехникийн дээд сургуулийг төгсөж, өнөөдрийг хүртэл Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрт инженерээр ажиллаж байна. Мастер тогооч Магсар гуайн алдрыг өнөө энэ үед түүчээлж яваа З.Должинсүрэн, барилгын инженер даруухан, чамбай Д.Үржинцэцэг, хэд хэдэн суманд төрийн захиргааны ажил хийсэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Л.Энхжаргал, ангийнхан дотроосоо алс Ховдын Мянгадад ажиллаж амьдарч яваа Ж.Энхтуяа гээд эдний ангийнхны түүхийг эвлүүлж бичихэд их цаг хугацаа орохоор бололтой.

1979 онд 10А ангийнхан дөчин нэгүүлээ сургуулиа төгсөхөд гуч гаруй нь гадаад дотоодын их, дээд сургуульд хуваарь аван, үүрнээсээ хөөрөх шувуухай шиг хол ойрыг зорин морджээ.

1979 оны Мандалговийн цэнхэр хавраар уянга дуу бас дутсангүй. Орос багштай анги гэсэндээ хайр дурлал, холдолт үдэлтийн олон арван монгол дууны зэрэгцээгээр “Смуглянка” зэрэг цаанаа хөнгөн гуниг, хайр сэтгэлийн эгшиглэнтэй олон дууг хоолой нийлүүлэн дуулж суужээ. Ийм нэгэн эх орны дайны үед гарсан ч, эгнэгт мөнхөрсөн дууг өнөө хэр нь аялах нь ээ, тэд бас янз нь.

Как-то летом на рассвете

Заглянул в соседний сад.

Там смуглянка-молдаванка

Собирала виноград.

Я краснею, я бледнею,

Захотелось вдруг сказать:

Станем над реком

Зорьки летние встречать!

Арван найман насандаа ч дуулдаг, амьдралын турш ч дуулдаг, туулдаг хорвоо доо, наяад оны төгсөгчид минь, Мандалговийн найраг шиг сайхан нөхөд минь ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *