Categories
мэдээ цаг-үе

Н.Батцэнгэл: Иргэд эд зүйлсээ алдчихаад цагдаад бүртгүүлдэггүй нь хулгайчдыг өөгшүүлдэг

Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Улаанбаатар смарт карт” компани хамтран нийтийн тээврийн 93 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг, 28 аж ахуйн нэгжийн 1200 гаруй автобусыг бүрэн камержуулжээ. Ингэснээр автобусны камерууд нэг сүлжээнд холбогдож байгаа юм. Мөн аппликэйшнээс хянах боломж бүрдэж байна.

Энэхүү аппликэйшнийг энгийн иргэн ашиглахгүй. Зөвхөн цагдаагийн байгууллага, нийтийн тээвэр үйлчилгээний газар, тухайн автобус баазууд ашиглах юм байна. Ингэснээр халаасны хулгай болон бусад төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд ач холбогдолтой болж байгаа ажээ.

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, ахмад Н.Батцэнгэлээс зарим зүйлийг тодрууллаа.


-Халаасны хулгайн гэмт хэргийн 18 орчим хувь нь автобусанд үйлдэгддэг гэсэн судалгаа байсан. Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт одоогоор хэдэн хувьтай байна вэ?

-Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 39 хувиар өссөн байгаа. Тухайн үед халаасны хулгай гаарах хандлагатай байсан учраас Нийслэлийн цагдаагийн газраас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулснаар халаасны хулгайн гэмт хэрэг 60 хувиар буурсан байна.

-Камер байршуулснаар ямар үр дүн гарна гэж тооцоолж байна?

-Бүх автобусыг камержуулснаар халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах үүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудал шийдэгдэх ач холбогдолтой. Мөн нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны буудал дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдийн зөрчлийг давхар илрүүлэн хянаж, торгуулийн арга хэмжээ авна. Камерыг авто тээврийн улсын байцаагч нар өдөр бүр хянаж ажиллана. Шалгагч нар давхар ажиллаж бэлэн мөнгөөр зорчих зөрчилд хяналт тавина.

-Бүх чиглэлийн автобусанд суурилуулсан уу?

-Улаанбаатар хотод ажлын өдрүүдэд 970 орчим, амралтын өдрүүдэд 650 орчим автобус үйлчилгээнд явж байна. Нийтдээ 1226 автобусанд суурилууллаа. Автобус бүрт дөрвөн ширхэг камерыг суурилуулсан.

-Автобусны камеруудтай холбогдсон аппликэйшний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрх бүхий байгууллагын ажилчид аппликэйшн ашиглаж автобусны камерыг гар утаснаасаа хянах боломжтой. Камерын бичлэг 15 хоног хадгалагдана. Иргэн автобусанд эд зүйлсээ алдсан бол яаралтай цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай. Улмаар цагдаагийн байгууллага цаг алдалгүй хяналтын камерыг шүүж үзнэ. Ингэснээр автобусан дахь халаасны хулгайч гишгэх газаргүй болж байгаа юм. Цаг алдахгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд хулгайлагдсан эд зүйлсийг олоход илүү хялбар болно гэсэн үг.

-Камерыг хэдэн жил ашиглах боломжтой вэ. Камер суурилуулсан автобус хэрэглээнээс гарлаа гэхэд дараагийн автобусанд суурилуулж болох уу?

-15 жилийн эдэлгээтэй. Хэдэн ч автобусанд сольж суурилуулж болно.

-Томоохон аж ахуйн нэгж худалдааны төвүүдэд царай таньдаг камерыг суурилуулсан. Энэ камерын тухайд царай таних боломжтой юу?

-Одоогоор үгүй. Цаашдаа хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдвэл илүү боловсруулах боломжтой. Одоогийн байдлаар Хархорин худалдааны төв дээр л царай таньдаг камер суурилуулсан байгаа.

-Автобусанд эд зүйлээ алдсан иргэн камер яаж шүүлгэх вэ?

-Эхлээд цагдаагийн байгууллагад хандана. Өргөдөл гаргасны дараа цагдаагийн байгууллага яаралтай арга хэмжээ авч ажиллана.

-Цагдаа нар сэжиг бүхий, бүртгэлтэй этгээдүүдийг зүс мэддэг ч гар утсаа алдсан иргэдийн хохирлыг барагдуулахад хойрго ханддаг гэх шүүмжлэл байдаг шүү дээ?

-Иргэд эд зүйлсээ хулгайд алдчихаад цагдаагийн байгууллагад бүртгүүлэлгүй өнгөрөх тохиолдол олон. Энэ нь өөрөө халаасны хулгайчдыг өөгшүүлээд байдаг талтай. Энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь илрүүлэхэд хүндрэл гардаг байсан л даа. Гудамжны камер, автобусны буудлуудын камерыг шүүнэ гээд ажиллагаа их байсан. Зарим нь тэр бүр шаардлага хангахгүй байх тохиолдол бий.

Одоо автобусанд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхэд камерууд нь нэгдсэн сүлжээнд холбогдсон учраас шүүгээд ямар сэжигтэй этгээдүүд тухайн цаг мөчид автобусаар үйлчлүүлсэн нь тодорхой болно. Гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдийг олж илрүүлэхэд шуурхай байдал хангагдана гэсэн үг. Ер нь технологийн дэвшлийг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглаад эхэлсэн. Камераар хэргийг түргэн шуурхай илрүүлэх ажиллагаа явагддаг. Нийтийн тээврүүд бүрэн камержуулагдлаа. Нийтийн тээвэрт үйлдэгдсэн гэмт хэргүүд баримт болон бичигдэж үлдэх болж байна. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ аливаа асуудал гаргахад таны үйлдэл баримт болж үлдэх нь гэдгийг ойлгох хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *