Categories
мэдээ цаг-үе

Н.Наранбаатарын амилуулсан “Домог”

Б.Ренчиний “Бэр цэцэг” найраглалаас сэдэвчилсэн, Монгол үндэстний ардын язгуур урлагийг орчин үеийн сонгодог урлаг, балет, бүжиг, уран нугаралт, акробаттай хослуулсан “Legend” шоуны нээлт өнгөрсөн ням гаригт “Корпорэйт”-д боллоо. Аян дайнд амраг залуугаа алдсан бүсгүйн нулимс унасан газар бэр цэцэг ургасан гэх эртний домгоос сэдэвлэсэн “Legend” шоуны ерөнхий найруулагч нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, хөгжмийн продюсераар нь “Морин хуур” чуулгын Д.Түвшинсайхан ажиллажээ.

Хайртай залуугаасаа хагацсан бүсгүйн тухай домогт ертөнцийн үүсэл, монголчуудын түүх, нүүдэлчдийн давтагдашгүй ахуй, тэр ахуйгаас төрсөн урлагийн гайхамшиг гээд бүгдийг багтаачихаж, Н.Наранбаатар найруулагч. “Уяхан замбуутивийн наран” зүгээр нэг мандаж буй нарны тухай биш ертөнцийн үүслийг хүүрнэсэн том философи шингэсэн дуу гэдгийг “Legend”-ээс мэдэрлээ. Эрдэнэцэцэг дуучныг “Зээ, уяхан замбуутивийн наран нь Энэхэн бүх дэлхий даяхнаараа Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү дээ та мину зээ” гэж цангинуулахад хажууд суух жуулчин бүсгүй нулимсаа барьж дийлсэнгүй. Уртын дууг дэлхий сонсдог, хажууд суусан жуулчин бүсгүй шиг уйлж, уярч сонсдог нь эв энгийн гаргалгаатай. Байгальтайгаа ойр аж төрдөг нүүдэлчин ахуйгаас төрсөн учраас тэр. Н.Наранбаатарын шоуг зорьж үзсэн урлагт дурлагсад энгийн хэрнээ эгэлгүй энэ үнэнийг мэдрээд гарцгаасан гэдэгт эргэлзэх зүйл алга.

Б.Шаравын “Манан”-г хөөмийлсөн үзүүлбэр үзэгчдийг дуу алдуулав. Ж.Мэндбаяр хөөмийчийн энэ үзүүлбэрээс Монголын язгуур урлаг дэлхийн сонгодогтой уусан хоршихыг мэдэрсэн. “Манан”-г төгөлдөр хуур, сонгодог хөгжмөөр амилахыг сонссоноос хөөмийгөөр ингэж амилна гэж хэн ч төсөөлөөгүй байх аа. Тэсэрсэн гоё шийдэл.

Аян дайнд үрэгдэж хайртаасаа хагацсан залуу энэлж шаналсан амрагаа тайтгаруулах гэж хун болж ирдэг хэсгийг “Номадик балет”-ын бүжигчид амилууллаа. Хунгийн дүрээр ирээд хүний дүрд хувирах хэсгийг дээлээр шийдсэн нь, элбэг уужуу дээлэн дотор хос хоёрыг уулзуулж, учруулсан нь дотно, ойрхон, гүн утгатай шийдэл болж. Н.Наранбаатар найруулагч “Амьдрал, үхлийн тухай дорныхны ойлголт өрнийхнөөс ондоог хунгийн дүрээр хайртай бүсгүйдээ ирсэн залуугаар илэрхийлсэн. Бид энэ ертөнц дээр мөрөө үлдээдэг. Хүмүүний зүрх сэтгэл ертөнцөөс явдаггүй” гэж ярьсныг Legend-ийн хунгийн бүжгээс утгаар нь мэдэрлээ.

Н.Наранбаатар найруулагч Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид,”Номадик балет”-ийн залуусыг нэг тайзан дээр бүжиглүүлчихэв. Дахиад л гайхаж биширсэн дуу алдалт, нижигнэсэн алга ташилт… Сонгодог хөгжмөөр амилсан Шаравын “Манан” хөөмийн эгшгээр амилсан шиг юм болов.

“Legend”-ийг нээлтээ хийдэг өдөр нь зорьж үзсэн олны танил эрхмүүдийн нэг бол дуучин Б.Баярцэцэг. Дуучин бүсгүй “Супер шоу болжээ. Орчин үеийн монголчууд үндэсний урлагаа хайхрахаа больсон. Язгуур урлагаасаа холдсоор байгаа залуусыг үндэсний урлагт дурлуулахаар шоу болж. Үндэсний урлаг соёлын өв маань хичнээн үнэ цэнэтэйг Legend-ээс мэдэрлээ. Үндэсний урлагийг өөр өнцгөөс, дэлхийн хэлээр харуулж чаджээ, яах аргагүй. Бүжгийн тавилтууд нь гоё санагдлаа. Балеттай хосолсон монгол бүжиг онцгой таалагдлаа. Олон төрлийн урлагийг нэг дор багцалж холбож өгсөн нь гайхалтай өвөрмөц шийдэл байна. Соёлын өв, үндэсний урлагийнхныг байх ёстой байранд нь тавьж чаджээ. Ардын урлагаа дэлхийд таниулахаар төсөл эхлүүлсэн уран бүтээлчдэдээ баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцав. Нээрээ л тийм, “Legend” төслийн багийнхан уран нугаралт, бүжиг, ардын дуу, уртын дуу, хөөмий гээд олон урлагийг нэг тайзнаас мэдрүүлсэн юм.

“Legend”-ийг үзэж суухад нэг л зүйл тод мэдрэгдсэн. Морьдын төвөргөөн, жаргаж буй том улаан нар, гүн хөх нуур, салхины шанхны үс ирвэгнүүлсэн үл ялиг сэрчигнээ мэдрэгдсэн. Тайзны амьтай шийдэл, язгуур, сонгодог урлагийн донжтой хослолын шид л дээ. “Корпорэйт”-ийн концертын танхимд хээр талд очсон мэт амар амгалан мэдрэмжид эзлүүлж суулаа, цаг хагасын хугацаанд. Хайртай залуудаа зориулж урласан дээлээ тэвэрч уйлж, гашуудах бүсгүйн бүжгийг харж мэлмэрүүлж, “Уяхан замбуутивийн наран”-г цангинуулахад ертөнцөөс тасарч бодлогоширч, ер үзүүлбэр бүр дээр сэтгэл догдлолтой суудлаасаа өндөлзсөн болохоор тэр үү, шоу үргэлжилсэн цаг хагасын хугацаа хорь, гучин минут шиг л санагдсан.

Н.Наранбаатар найруулагчийн “Бид дотоод нүүдлээ сэрээх цаг болсон. Нүүдэл гэдэг зүгээр л нэг оромж газар хайж яваа гэсэн өнгөц утгагүй. Монгол нүүдэл бол бодрол бясалгалын нүүдэл” гэсэн үгийг утгаар нь мэдрүүлсэн “Leg­end” шоуг гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү зэрэг дуучид, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшн, ХЦДБЭЧ-ийн бүжигчид, “Enkhe boys” циркийн нугараач, акробатчид тайзнаа амилуулсан юм. Энэ шоуны хөшигний ард Б.Отгонбат, Х.Соёмбо, Н.Оргилболд, Ц.Батнайрамдал, Т.Ганхуяг, Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нарын эрхмүүд ажиллажээ.

“Legend” буюу “Домог” шоу энэ сарын сарын 12 хүртэл үргэлжлэх юм билээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *