Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Анхны наадам

Түрүүч нь №135(6237) дугаарт

Хөтөчтэйгөө наадмын хуушуур гээчийг идэж үзэв. Манай гэрийн хуушуурыг бодвол хамаагүй жижиг атлаа гойдын гоё амттай ажээ. Миний багад хөдөөний айлууд зундаа мах иддэггүй, тараг цагаан идээгээр болгоод явчихдаг, хааяа нэг борцоор хоол хийдэг байв. Хааяа нэг осгох зэргээр золгүй байдлаар “нас барсан” малын мах идэх. Амт муутай гэж найгүй дээ. Харин ганц нэг хонь эргүүтвэл “Турахаас нь өмнө амыг бариад авна” гээд нядалбал шинэ махтай золгоно. Ямар сайндаа, махассандаа болоод “ганц нэг юм эргүүтэхгүй юм байх даа” гэж бодохдоо тулах вэ, базарваань.

Ингэж зусахдаа махаар өлдөхийг махсах гэдэг. Өнөөгийнхөн махсахыг мэдэхгүй л дээ. Ер нь махсаж байгаад амссан улаан хүнс ердийнхөөсөө 10 дахинаа байг гэхэд 9 дахин амттай шүү дээ. Наадмын хуушуур зуны махассан үед таарсан учраас амт нь бүр ч хэтийдсэн байх талтай.

Наадам дундуур хүүхдийн тэрэг анх харлаа. Залуухан гэр бүл нялх хүүхдээ гоё тэргэнд суулгаад түрчихсэн наадам үзэж явав. Гэтэл тэр зуур хэдхэн бороо хаялсан биш бүүрч сонин юм харав. Аав ээж нь нэг гаргаж ирээд, цахилгааныг нь татаад хаясан чинь яасан гээч, нөгөө хүүхдийн тэрэг чинь борооноос хамгаалсан гялгар цонхтой байсан байж таарав.

Наадмын учрал тохиол ингээд зогсохгүй. Үе тэнгийн нэг жаалтай танилцаад хаясан байгаа юм. Яаж ч танилцсан юм бүү мэд. Одонпунцаг гэдэг тэр жаал сүүлд нь концерт энэ тэр дээр шүлэг уншдаг байсан юм. Олны газар явж, айл саахалтаас ч хол газрын хүн амьтантай танилцаж байгаа нь тэр.

Оройхон хэрд бүр сонин юм үзлээ. Хорхойн чинээн жижхээн хөх машин давхиж явсан нь хүүхдийн тоглоом биш жинхэнэ эд ажгуу. Байх байхдаа, хувийн машин гэнэ. Хорвоо дээр хувьдаа тийм аугаа баялагтай хүн байдгийг анх удаа мэдэж авав. Буруу тогтоогоогүй бол өмчгүй нийгэмд хувийн машинтай жаалсан, тэр хүний нэрийг Доржсүрэн гэсэн шиг санагдана, андуурсан ч байж мэднэ.Тухайн нийгэмд нүдний гэм шиг ховор байсан хувийн машин тэнд таардаг нь бас юүч билээ.

Наадмаас үлдсэн анхны сэтгэгдэл бол “Хүн олуулаа байх тусмаа гоё байдаг юм байна. Олон хүний дунд амьдрах сайхан юм байна” гэсэн дүгнэлт. Энэ бол миний “Үүлэн дундаас нээсэн газар дэлхий”-ийн дараагаар орох их нээлт байлаа.

Хожмоо Шилүүстэй сумынхаа сургуульд орж, өөрийн гэсэн сумын “төв”, ангийн андуудтай болсноосоо хойш Отгоны наадмыг “тоох”-оо болив. Гэхдээ л зундаа хэд орно. Учир нь манай зуслангаас төрөлх сумын төв 60-70 км зайтай, харин Отгонд 10-20 км яваад л орно.

Сүүлд оюутан болсон хойноо намрын намарт Отгон орж хотын унаа олно. Отгон сумаар дайрч, Завхан голын гүүрээр гараад Баянхонгорын Гурванбулагаар дамжин Улаанбаатар хот ордог зам үүгээр дайрдаг. Тэр замыг л сахина даа. Зам сахиж унаа харна гэдэг бол өнгөрсөн үеийн л дурсамж болон үлджээ.

Ер нь унаа хүлээх ч бас зугаатай. Заримдаа үеийнхэнтэйгээ дарвиад, төвөөс зайдуухан гарч, мотоциклийнхээ дохионы гэрлийг тайлан авч, түүгээрээ “цай уух” ч явдал байна.

Ингээд л анх гэрээсээ хол явж байснаа бодоход хавьгүй боловсроод модон хайрцаг болсон тээшээ, Чулуунхүү ахынд авчирч хаячихаад, унаа хүлээгээд хэвтчихнэ. Орой тийшээ юм ирэх шинжгүй бол хөх мотоциклийг нь асааж унаал харьчихна. Дөрөв тав ирж буцсаны дараа бол эрх биш хот зүглэнэ.

Замын машинаас гадна, тус сумын уугуул хэдэн жолоочид дайгдана. Тэр үеийн тээврийн жолооч нар их чөлөөтэй. Зам харилцаа, дэд бүтэц тааруу байсан учраас хянаад, хянаад хүчрэхгүй тул тэднийг “явахаар нь явлаа гэж мэддэг, ирэхээр нь ирлээ гэж ойлгодог” байсан гэх үг ч бий. Нутгийн хэдэн жолооч сайхан цэнхэр “Зил-130” машинаа айлын гадаа сойчихоод “хот явна” гэсээр удна шүү дээ.

-Өнөөдөр явах байх гээд л машиныг бараадан өнжих боловч “Гол өгсөөд явчихлаа, маргаашаас наашгүй бололтой” гээд тарах энүүхэнд. Хэн ч тэднийг яваач гэж шаардахгүй. Учир нь “Зай байхгүй ээ” гэвэл чи өөр унаа хайж, ондоо жолоочийг тойглох хэрэг гарна. Өөр сонголт байдгийг мэдэхгүй учраас, Сансрын хүрдэнд төрөл олсон хэнбугай боловч ингэж л унаа олох тавилантай гэдэгт итгэн тайван амгалан хүлээнэ.

Ингэж байгаад нэг л гэгээн өглөө машины тэвшин дээр гарна даа. Хангай нутгийн үзэсгэлэнт байгалийг бишрэн, голдуу төвөөс зайдуу замаар ингэж аялах үнэхээр зугаатай. Их төлөв хээр хонож, оддыг ширтэн бодол мөрөөдөлд автаж байгаад нам унтахын сайхныг хэлэх үү.

Угаасаа, ачаа тээврийн жолооч хүн тээвэрлэх, улмаар ачаан дээрээ суулгах, түүнчлэн хүн ачаад чиргүүл чирэх бүгд хориотой. Гол төлөв боошигтэй цөцгийн тос ачаад, хориод хүн дээр нь суулгаж, нэмэрт нь чиргүүл хөтөлсөн жолооч нар төв замаас хол, хяналт шалтгалгүй хулгайн замаар аялах. Энэ нь аяллыг бүүр ч зугаатай болгоно.

Лүнгийн гүүрэн дээрээс өөрийн эрхгүй төв замд нийлж, автотехникийн газрын айхавтар шалгалт таардаг. Бидний дээгүүр бэрзээнт нөмрүүлэн хучиж, амьсгалах нүх гаргаад татлагаар даруулна. Гол төлөв үүрээр, цагдааг нь нойрмог байхад түүгээр өнгөрнө. Машиныг тойрон шалгаж, хүн ярилцаад, зарим нь ачаа өөд авиран товчхон үзлэг хийж байгаа нь мэдэгдэнэ. Бид ч амьсгаа даран, даван контрбанд хийж байгаа этгээд шиг түгшин хүлээнэ. Яг л тагнуултай кинонд манай талын тагнуул бухал дотор нуугдаад, Гитлерийн цэргүүд өвс рүү жадаар чичин шалгахад, гол баатар ёолох ч үгүй тэвчээд гардаг л эпизод л гэсэн үг.

Биднийг ч яахав, торгож бариад л өнгөрөх биз. Харин жолоочийг бол хулгайн тээвэр хийсэн, дүрэм зөрчсөн хэрэгт татаж, аягүй бол эрхийг нь хасч мэднэ. Тэгвэл хөөрхий ажилгүй болж, амьдралаараа хохирно. Иймээс бид “Тэр холоос энэ хүртэл машиндаа суулгасан ачит хүнд гай болохгүй юмсан” гэх сэтгэлээр л шүд зуун, жадны үзүүр чичсэн ч дуу алдахгүйгээр хатуужин, хярсаар…

Ингэж явсаар, үүр цүүрээр Эмээлтэд ирээд биднийг буулгана даа. “Хорин хоёрын товчоо”-ны шалгалтыг бид давна гэж байхгүй болоод тэр. Тэгээд машинаар бус, төмөр замаар яваа зорчигчийн дүрээр Улаанбаатарт бууж байгаа хэрэг. Тэгээд жолоочийнхоо гадаа очиж, ачаа бараагаа хүлээн авангаа, талархал болгож 100 төгрөг үлдээнэ. Тэр үед Улаанбаатар-Завханы онгоцны тийз 250 төгрөг байсан юм.

…Он жил улирсаар, Цэрэн ах, Чулуунхүү ах, Чулуунхүү ахын ээж бүгд бурхан болжээ. Отгоноос том сум, Отгоныхноос олон хүн, Отгоныхоос том наадам олныг үзсэн ч Буянт голын хөвөө, сэргэлэн дэнж дээрх анхны наадам, анхны сэтгэгдэл, бяцхан намайг томоо хамаатнаа хэмээн хүндэтгэн хүлээж авсан тэр айлыг яахин мартах билээ.

Отгон сум бол миний эр хүн болоод бие дааж аялсан холын зам, ганцаараа айлчилсан анхны хамаатан, анхны сум суурин, анхны супер маркет, анхны хүүхдийн болоод том хүний хувийн тэрэг, анхны наадам, хүний нийгмийн тухай анхны сэтгэгдэл байлаа. Миний амьдралын их замын анхны нэгэн гараа ч байлаа.

ТАВ. ТӨРӨЛ СУМ

Төрөлх сум маань Шилүүстэй. Хэрвээ та санаж байгаа бол “Өдрийн сонин”-д “Эх орон сумаас эхэлнэ” гэж нүүр байдаг. Тэр цувралыг анх эхлүүлж, “Миний Шилүүстэй” гэсэн нийтлэлийг хориод жилийн тэртээ бичиж байв.

Харин хаяа нийлсэн Отгон сумыг “миний төрөл сум” гэж ойлгож болно. Хуучин Завханы Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут нийлээд Сайнноён Хан аймгийн Хушууч бээсийн хошуу (тэр байтугай Алдархааны нутаг, Улиастай өөрөө ороод) гэж байжээ. Ардын засгийн үеийн засаг захиргааны шинэчлэлээр хэд хэдэн сум болсон байдаг. Ийм болохоор хамаатан садангууд маань төрөлх сумандаа байдгаасаа дутахгүй олноороо хажуу сумандаа байдаг хэрэг.

Отгоны хүүхдүүдийн заримыг би багаас нь таньдаг, үе тэнгийнхэнтэйгээ 10 жилийн сургуулийн ахлах ангид хамт сурч, дотуур байранд цугтаа амьдарч байлаа. Хаяа нийлдэг нутгийн малчид ч намайг андахгүй. Нэгэнтээ, Отгоны төв орох гээд өглөө эрт галигуулж явтал улаан дээлтэй хүн зам тосон гүйж байв. Намайг анзаарахгүй өнгөрчихнө гэж бодсон бололтой даллаж харагдана. Бие биенээ таних зайнд ирсэн хойноо тэр хүний алхаа сааран нэг л сонин болоод, зогсчихлоо. Нэгэнт л даллаад байсан болохоор нь яваад очив. Зүс харсан тэр хүн гараа урамгүй савчсанаа,

-Чамайг гэж мэдсэнгүй дэмий баахан аахилаад гүйчихлээ. Уул нь мал сураглах гэж байсан юм. Чи ямар замынхаа хажуудахыг харах биш гэж байна.

Үнэн л дээ. Хээр хөдөө явахдаа байгалийн сайхан, хангай дэлхийн үзэмжинд бишрэн умбаад, бодол мөрөөдөлдөө автчихсан, бараг л транст орчихсон, заримдаа морь нь л замаа мэдээд явж байх. Хүмүүс “Замд чинь ийм тийм зүсмийн адуу, мал тааралдав уу” гэж асуухад хариулт байдаггүй. Нээрээ ч нэг адуу замын хажууд явж ч байсан шиг, үгүй ч шиг бодогдоод байх. Малд нүдгүй гэдгээрээ, төрөлх сумандаа байтугай бүс нутагтаа алдартай нэгэн байсан шиг байгаа юм.

1996 онд би Отгонд нэлээн удаан “ажилласан” юм. Миний бие УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшиж билээ. Өрсөлдөгч маань тэр үеийн УИХ-ын дарга, хожмын Ерөнхийлөгч Н.Багабанди гуай. Би 45 орчим хувийн саналтай үлдэж, харин Багабанди гуай 50 гаруй хувийн саналтай ялж билээ. Харин Отгон суманд би УИХ-ын даргыг цэвэр ялчихсан байж уу? Тийм ээ, Отгоны Зүүн хангайд садангууд маань байдаг юм, байж ч байгаа буй за.

9 replies on “Анхны наадам”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *