ЗХУ-ын уурхайд дадлага хийж байгаа нь. 1961 он
“Нүүрсний Дондов” гэж салбарынхан нь дотночилдог эрхэм нийтлэлийн маань гол дүр. Ажилладаг салбар нь овог нь шахуу болчихдог ийм хүмүүс хуруу дарам цөөн л дөө. “Нүүрсний Дондов” маркшейдер мэргэжилтэй. Маркшейдер бол уул уурхайг авч явдаг үндсэн мэргэжлүүдийн нэг, “Уул уурхайн нүд, чих” гэгддэг мэргэжил. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, өдгөө “Эрдэнэт”-ийг удирдаж буй Х.Бадамсүрэн, “МАК”-ийн Б.Нямтайшир гэх мэт уул уурхайд тод мөртэй олны танил хүмүүс маркшейдер байдаг нь цаанаа ийм шалтгаантай.
ДЭЛХИЙН УУРХАЙНУУДАД АЖИЛЛАСАН МОНГОЛ ОЮУТАН
Уул уурхайн өмнөө барьдаг томчуудыг бэлтгэсэн Ленинградын Уул уурхайн сургуульд анхны Ерөнхийлөгчтэй тохой залган суралцаж явсан энэ эрхэм оюутан ахуйгаасаа дэлхийн уурхайнуудад ажиллаж эхэлсэн ховор намтартай. Нэлээд хэдэн жилийн өмнө уулзаж байхад ЗХУ-д уурхайд ажиллахдаа нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрээ үзүүлсэн нь санаанаас гардаггүй юм. “Трудовая книжка” гэсэн саарал өнгийн жижигхэн дэвтрээс 1961 оны тавдугаар сарын 22, 1964 оны зургадугаар сарын 2 гэсэн тэмдэглэгээ харж билээ. 1961 он гэдэг нь Дондовын нэгдүгээр курсээ төгссөн жил. 19-хөн настай монгол хүү Эстоны Сланцын уурхайд газрын гүнд чулуу малтагч, хүрзчин гэсэн орон тоон дээр хагас жил ажиллаж байж. Харин хоёрдугаар курсээсээ уурхайн захиалгаар мэргэжлийн ажлаа хийгээд эхэлж. Дэлхийд гэж яригддаг өнгөт ховор металлын газрын гүний уурхайд ажиллаж явсан цаг хугацаа Д.Дондовын оюутны жилүүдэд бий. Донбассын нүүрсний далд уурхай, Хойд Осетид Садоны хар тугалгын далд уурхай, Сибирийн алтны уурхай гээд оюутны ширээний араас босоогүй байхдаа ажилласан уурхайнуудынх нь нэрс хэний ч анхаарлыг татахаар. Ажиллахад хүнд нөхцөлтэй далд уурхайн ажилд оюутан цагаасаа мэргэшинэ гэдэг хэрийн уурхайчны давах даваа биш. Садоны хар тугалгын цайрын уурхай гэхэд л орох гол ам нь далайн түвшнээс 1600 метрт өргөгдсөн боловч уурхайн доод цэг нь далайн түвшнээс 1200 метрийн доор, хүдэр олборлох ажлын байр нь 30 хэмийн халуунтай байж. Ийм орчинд ажиллана гэдэг амар даваа биш.
Далд уурхайд хөлсөө дуслуулж явсан монгол оюутны зураг Ленинградын их сургуулийн хүндэт самбарт гарч байсан гэдэг. Гадаад оюутныг анх удаа, тэгж ихээр онцгойлсон түүхийг сонирхоход “Онцоос өөр дүн авдаггүй болохоор л тэгсэн биз” гэж хэлээд хөгжилтэй инээж билээ. Ангийнхаа 50 оюутнаас ганцаараа улаан дипломтой төгсч, сурлагаараа цойлохоос гадна дадлага хийлгэхээр томилсон далд уурхайнуудад дажгүй ажиллаад ирснийг нь ч харгалзаа биз ээ.
Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, СнЗ-ийн дарга Ж.Батмөнх Багануурын уурхайн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь, зүүн гар талаас Д.Дондов. 1984 он
ГҮНИЙ УУРХАЙГААС “БРАКЛАГДСАН” НЬ
Гүний уурхайд дөрөв, таван жил дараалан дадлага хийж хар бор, нарийн ширийнийг нь мэдэрчихсэн шижигнэсэн залууг эх оронд нь ямар алба хүлээж байсан нь тодорхой. Бүрэнцогтын гянтболдын гүний уурхай. Хорь дөнгөж гарч яваа инженер залуу 1965 оны дүн өвлөөр, арванхоёрдугаар сарын 25-нд шуудангийн ил машин дээр суугаад Бүрэнцогтын уурхайг зорьж байж. Сансрын техник ид хөгжиж байсан тэр үед Бүрэнцогтын уурхайгаас гянтболд (вольфрам) гэх чухал хэрэгцээтэй ховор металл олборлодог байсан юм. Вольфрамыг хиймэл дагуулын бүрхүүл, хатуу хальсанд хэрэглэдэг гэдгийг уншигчид андахгүй. Хуучин нийгмийн үед төрийн онцгой анхааралд байсан ховор металлын уурхайд анхны монгол инженерээр томилогдож ажилласан Д.Дондов хэдэн жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бүрэнцогтын уурхай Намын Төв хороо, Засгийн газрын өдөр тутмын хатуу хяналтад байлаа. Бүтээгдэхүүнийг нь ЗХУ авна. Тэр үед экспортод гардаг уул уурхайн бүтээгдэхүүн вольфрамаас өөр байгаагүй. Тийм нөхцөлтэй уурхайд гурван жил ерөнхий маркшейдерээр ажилласан” хэмээн онцолсон удаатай. Ослоос болж далд уурхайд ажиллах аргагүй болсон түүхээ ч сонин хэвлэлээр хуучилсан байдаг. Бүрэнцогтын уурхайд ажиллах үедээ уулын ажлын гологдлыг арилгах үүрэг аваад ажиллаж явахдаа осолджээ. 250 метрийн гүн 12 цагийн турш нурангид дарагдаж амь наана, там цаана болж байж. Хагас өдөр нурангид дарагдсан маркшейдерийг хойд хөршид хамт сурч байсан ангийх нь хоёр аварч байжээ. Ингээд л өөрийнх нь хэлснээр “Гүний уурхайгаас браклагдаж ил уурхайн хүн болсон” түүхтэй.
ШАРЫН ГОЛЫГ БОСГОЖ, БАГАНУУРЫГ БҮТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД
Маркшейдер Д.Дондовын томилолт авсан хоёр дахь уурхай нь Шарын гол. Суга, гар хоёр таягтай залуу ашиглалтад ороод удаагүй уурхайн ерөнхий маркшейдерээр ажиллаж эхэлжээ. Монголын нүүрсний том уурхайнуудын нэгд тооцогддог Шарын голын уурхайд тэрээр ерөнхий маркшейдерээр дөрвөн жил, ерөнхий инженерээр дөрвөн жил ажиллаж байв. Чухам эндээс л Д.Дондов гэж уурхайчны амьдрал нүүрстэй холбогдсон юм. Түүний нүүрсний салбарт 55 жил ажилласан түүх эндээс эхлэлтэй. Ойрын овоолгыг байгуулснаар илчит тэрэгний эргэлтийн хугацааг хоёр дахин багасгасан, нүүрс хүлээж авч, ачих задгай агуулах байгуулснаар жилд 200 мянган тонн нүүрс илүү борлуулах боломж бүрдүүлсэн, уурхайн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлсэн гэх мэт анхны гэсэн тодотголтой цөөнгүй ажлыг Шарын голын уурхайд хийсэн гэж нүүрсний салбарынхан онцолдог.
Залуу инженер Шарын голын уурхайн эхний жилүүдийн түүхийг бичилцэж, хөл дээр нь босгож өгчихөөд “будаг нь ханхалсан” Багануурыг зорьж байж. Будаг нь ханхалсан гэж зүгээр ч нэг тодотгосонгүй. Улаанбаатарчуудыг эрчим хүч, дулаанаар хангадаг станцуудын нүүрсийг нийлүүлсээр яваа Багануурын уурхайн, Багануур дүүргийн бүтээн байгуулалт тухайн үед дөнгөж эхлэх гэж байв. 1979 оны аравдугаар сард түүнийг Багануурын уурхайн даргаар ирэхэд түр уурхай жилдээ 170 мянган тонн нүүрс олборлодог байв. Уурхай Багануурын хөндийд бүтээн байгуулалт эхэлсэн жил томилогдож очигсдоос уурхайнхаа түүхэнд тод бичигдэж үлдсэн хүмүүсийн нэг нь Д.Дондов. Түүний намтарт Багануурын уурхайн анхны дарга гэсэн тодотгол дурайдаг. Тухайн үед Багануур дүүргийн бүтээн байгуулалтын бүх л ажлыг уурхай хүлээж авч байсан түүхтэй. Тэрээр дүүргийн бүх объектыг хүлээж авах Монголын хэсгийн даргаар ажиллаж байв. Багануурын уурхайн иж бүрэн цогцолбор, Багануур хотын бүтээн байгуулалтыг гадас хатгахаас дуустал нь удирдсан энэ эрхэм цахилгаан хөдөлгүүрийн засварын үйлдвэрийг Монголд анх удаа санаачилж ажиллуулж байж. Экскаваторын жижиг, том бүх л хөдөлгүүрийг хойд хөршид засуулдаг байсныг Монголдоо хийж эхэлсэн нь Багануурын уурхайн хувьд том дэвшил болсон гэж энэ салбарынхан өнөө ч ойр зуураа олзуурхан ярьцгаадаг. Түүний санаачлан хөөцөлдөж ажил болгосон Орос-Монголын хамтарсан “Цахим” үйлдвэрт Монголын уул уурхайн бүх үйлдвэрүүдээс гадна Улаанбаатар төмөр замын төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүрийг засварлаж эхэлсэн түүхтэй. Энэ үйлдвэр өдгөө жилдээ 2000 гаруй хөдөлгүүр засварлаж, тэрбумуудаар үнэлэгдэх засварын ажил хийдэг.
Улаанбаатарыг цахилгаан, дулаанаар таслахгүйн тулд нүүрсээр зай чөлөөгүй нийлүүлэх ёстой гэсэн даалгавар авсан Багануурын уурхайн эхний жилүүдийн түүх өнөөгийн бидэнд содон дуулддаг. Хэдэн жилийн өмнө дөө, Д.Дондов дарга “Багануурын уурхайн том зааланд инженерүүдэд 40 гаруй ор засчихсан, хоол бэлэн өгнө. Унт амар, дуудлага гарвал гар гэсэн системтэй ажиллана. Цагаан сар хориотой байсан үе. Ерөнхий инженер нь жолооч нараа ажилд гаргах гээд очиход нүүрс зөөдөг белазын жолооч нар гэртээ найрлаад сууж байна. Золгох ёсон байна, золгоно, тэгээд л ажилдаа гарна шүү дээ” гэж хуучилж билээ.
А.БЕЛИНКИН: Д.ДОНДОВ НАР БОЛ ЗАМААСАА ГАРДАГГҮЙ ХҮЧИРХЭГ МОРЬД
Монгол Улсын зөвлөх инженер Д.Дондовын тухай бичвэртээ дурдахгүй орхиж боломгүй нэг хүн бий. Тэр нь ОХУ-ын уул уурхайн инженер Анрий Белинкин. Монголыг цахилгаан, дулаантай залгуулж яваа Багануурын бүсэд нүүрсний томоохон орд байж магадгүй гэсэн сонирхолтой дүгнэлтийг анх Зөвлөлтийн уул уурхайн мэргэжилтэн Анрий Белинкин хийж байсан юм. Энэ хүний ачаар Эрдэнэтийн орд дээр хайгуул хийж дуусгаад нутаг буцах гэж байсан “Зарубежгеологи”-ийн ангийг Багануур дээр хайгуул хийлгэх шийдвэрийг хоёр улсын Засгийн газар гаргаж байж. Багануурт “Зарубежгеологи”-ийн анги хайгуул хийгээд томоохон хэмжээний нүүрсний давхарга байгааг илрүүлж, 1977-1980 оны хооронд буюу гуравхан жилийн дотор уурхайн эхний ээлжийг ашиглалтад оруулсан үйл явдал өнгөрсөн түүхэнд бий. Белинкинийг дэлхийн анхааралд хэдийнэ орсон Таван толгойн “автор”-уудын нэг (Таван толгой ордын ТЭЗҮ-ийг хийж байсан хүн) гэдгээр нь хөрөнгө оруулагчид андахгүй. Товчхондоо нүүрсний салбарынхан, бүр цаашлуулж хэлбэл Монгол Улсын тухайд А.Белинкин 1971-2005 он хүртэлх Монголын нүүрсний ил уурхайн түүхийг бүтээлцсэн том гавьяатан. Харин Д.Дондов гэж хүний хувьд Анрий дотны анд, мэргэжил нэгт найз нь. А.Белинкин найзынхаа тухай “Би хуучин анд найзууд Д.Дондов, Р.Сундуй нартайгаа байнгын холбоотой байдаг. Тэд бол замаасаа гардаггүй хүчирхэг морьд” гэж хэлсэн нь бий. Энэ өгүүлбэр А.Белинкиний Монголын нүүрсний уурхайн түүхийг нэг бүрчлэн сонирхолтойгоор өгүүлсэн “Монголын нүүрсний салбарын ил товчоон” номын төгсгөлд бий. Нүүрсний салбарт хагас зуунаас илүү хугацаанд зүтгэсэн он жилүүдийг нь оноод хэлчихсэн зүйрлэл санагддаг.
Тэр номонд Д.Дондовын тухай бас нэг хэсэг бий. Белинкин “Монголын нүүрсний салбар үүсч хөгжихөд миний мэдэхээр асар их хувь нэмэр оруулсан Монголын удирдах ажилтнуудыг дурдмаар байна. П.Очирбат, Д.Дондов, М.Пэлжээ, Д.Содном, Ч.Хурц, Жигмэд-Очир, Ж.Сосор, Ж.Хишигт, Н.Батаа, Ж.Батмөнх, Д.Майдар, С.Батхуяг, Р.Сундуй, Ж.Жамьян, О.Цогхүү, Т.Нямхүү, Б.Мягмаржав, Д.Эрдэнэбат, Б.Сайнхүү, Б.Жигжид, Д.Дамбапэлжээ, С.Батжаргал нар юм. Монголын удирдах ажилтнуудыг албан тушаалын дэс дэвээр биш, харин нүүрсний салбарын үүсэл хөгжилд оролцсон дэс дарааллаар нь би жагсаасан юм” гэж онцолсон байдаг. “Нүүрсний” Дондовыг нүүрсний салбарт хийсэн ажилтай, хэлэх үгтэй гэдгийг нь үүнээс илүү тод томруунаар яаж нотлохов.
Ленинградад тохой залгаж суусан ангийн анд П.Очирбат нь ч “Уурхай дагасан соёлын өв” номондоо “Доржийн Дондов” гэж гарчиглаж байгаад үгээ хэлсэн байдаг. Анхны Ерөнхийлөгч номондоо “Дондовын удирдах ажилтны авъяас бүтээлч удирдах ур чадвар Багануурын уурхайн дарга байсан он жилүүдэд гайхамшигтай тодорсон. Монголын хамгийн том, өвөрмөц технологитой, төмөр замын болон авто тээвэр хосолсон тээврийн системтэй, асар их хүчин чадалтай алхагч экскаватор бүхий тээвэргүй системтэй ил уурхайн даргаар ажиллаж байв. Зөвхөн Шарын гол, Багануурын уурхай төдийгүй Монголын нүүрсний аж үйлдвэрийн салбарт санаа тавьж, Монгол Улсын түлш эрчим хүчний цогцолборын хөгжлийн төлөө төрийн бодлогыг томьёолох, хууль эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгох талаар үзэл бодлоо тод илэрхийлж, хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэж, өргөн цар хүрээтэй ажилладаг удирдах ажилтан хүн. Уулын инженер Дондов Таван толгойн ТЭЗҮ-ийг боловсруулсан А.Белинкинтэй хамтран Таван толгойн коксжих нүүрсний ордыг ашиглах оновчтой горимыг сонгох талаар иж бүрэн судалгаа хийж, дүгнэлт саналаа боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж байсан юм” гэсэн үнэлгээ дурайж байна.
Сонирхуулж хэлэхэд Монгол нүүрсийг анх удаа экспортолсон уурхай бол Багануур. 1988 онд хамгийн их буюу дөрвөн сая 53 мянган тонн нүүрс олборлож байсан Багануурын уурхай тэр үедээ Владивостокийн цахилгаан станцуудад нэг сая тонн нүүрс экспортолж байж. Багануурын уурхай хойд хөршид нүүрс экспортолж байх тэр үеийн уурхайн дарга нь Д.Дондов юм. Тэрээр 1979-1992 онд энэ уурхайг удирдсан нь “Нүүрсний Дондов” гэх тодотголын том шалтгаан болсон гэдэгт эргэлзэх зүйл алга.
САЙДААС БАГШ…
Багануурын уурхайн дарга нараас хамгийн анх аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн энэ эрхэм зургаан сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нүүрсний уурхайг хүлээлгэж өгөөд салбарын яамны орлогч сайдын албан тушаалд томилогдож байв. Тэрээр хоёр жил сайдаар ажиллаад багшаар ажиллах болсон юм. Уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлдэх нүсэр ажлын хажуугаар Улаанбаатар дахь Багануурын уурхайн төлөөлөгчийн газрын дарга, Багануурын нүүрсний уурхайн харьяа Орос, Монголын экскаваторын цахилгаан хөдөлгүүр засварын “Цахим” ХК-ийн ерөнхий захирал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газрын үйлдвэр техникийн хэлстийн дарга зэрэг ажлын хавсран хийж байж. Уурхайчин болох залууст номын дуу сонсгосон жилүүддээ ч нүүрсээр амьсгалсаар ирснийг нь сая дурдсан жишээнүүдээс харчихаж болж байна.
Өдгөө ч энэ эрхэм ШУТИС-д уул уурхайн багшаар ажилладаг. Найзууд нь “Уул уурхайгаар дүүрэн Д.Дондовын шавь нар бий” гэцгээдэг нь зүгээр нэг хөнгөн хошигнол биш. 400 хол давсан шавь, хоёр доктор, 31 магистр төрүүлж, 10 гаруй сурах бичиг бичсэн эрдэмтэнд хаяглахаас аргагүй үг. Боловсрол, уул уурхайн салбарынханд ШУТИС-д уул уурхайн инженер маркшейдерийн мэргэжилтэн бэлдэх суурийг тавьсан гэдгээрээ хүлээн зөвшөөрөгддөг энэ эрхэм “Уул уурхайн нүд, чих” гэгддэг маркшейдеруудыг гучаад жилийн турш бэлдэж, сургасаар яваа юм. Ингээд харахаар Д.Дондов гэдэг багшийн шавь нар Монголын уул уурхайг чиглүүлж залж яваа нь нүдэн дээр ил харагдаж буй бодитой үнэн л дээ. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор, ШУТИС-ийн хүндэт профессор, зөвлөх инженер Д.Дондов өнөөдөр ч нүүрсний салбартаа ажиллаж, нүүрсээр амьсгалж явна. Өнгөрсөн жил гэхэд л Анрий Белиникиний “Монгол нүүрсний салбарын ил товчоон” хэмээн сүрхий зузаан номыг орчуулаад олонд хүргэчихсэн. Монголын нүүрсний ордуудын талаар товч тодорхой, ил дэлгэрэнгүй өгүүлсэн энэ ном ирэх жилүүдэд уул уурхайн салбарын том хөтөч болохоор үнэ цэнэтэй билээ. Ингээд ч зогсохгүй нүүрсний салбарт тэргүүлэх ач холбогдолтой Багануур, Эрдэнэс Таван толгой, Шивээ-Овоо зэрэг уурхайнуудын ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байгаа нь өдий хүртэл нүүрсээр амьсгалж яваагийн үгүйсгэх аргагүй тод жишээ л дээ. Нийтлэлийн маань гол баатар Д.Дондов АИХ-ын депутатаар сонгогдож, Монголын төрийг түшилцэж явсан нэгэн гэдгийг энэ дашрамд онцолъё.
Г.ИДЭРХАНГАЙ