Categories
мэдээ цаг-үе

Б.Батцэцэг: Арьс цайх өвчнийг дэлхий нийтэд хүний хөдөлмөрлөх явцад нөлөөлдөггүй гэж үздэг


Арьс цайх өвчний эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн захирал Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Арьс цайрах өвчин үүсэх шалтгаан юу вэ?

-Арьсанд милланин будагч бодис үүсгэгч эсийг ямар нэгэн эсрэг бие устгаснаар үүсдэг дархлааны эмгэг юм. Дэлхий нийтэд 1-2 хувь нь өвчилпөг. Өвчилсөн гурван хүн тутмын нэг нь удамшлын гаралтай байдаг бол түүнтэй төстэй шинжийн архаг цусны дутагдал гэх мэт өөр нэгэн дархлалын эмгэгээс үүдэн бий болдгийг тогтоогоод байна. 2017-2018 онд АӨСҮТ-өөр 900 хүн эмчлүүлсэн.

-Илрэх шинж тэмдэг нь юу вэ?

-Арьсны өнгө цагаан болж өөрчлөгдөх нь хэдэн сар, жилийн туршид бага багаар илэрнэ. Цагаан өнгийн толбонууд биеийн аль ч хэсэгт гарч болдог бөгөөд ихэвчлэн нүүр гарт гардаг. Зарим нэг тохиолдолд үсний уутанцрын өнгөнд нөлөө үзүүлж тухайн хэсгээс цагаан үс ургах тохиолдол гарна. Арьс цайрах эмгэг туссан зарим өвчтөнүүдийн бүх бие цайрах тохиолдол ч их байдаг.

-Ямар эмчилгээ хийх вэ?

-Өвчний үе шат, шалтгаанаас болж эмчилгээ өөр өөр байдаг. Уг өвчнийг Аутоплазма буюу тухайн өвчтөний цусыг авч өөрт нь буцаан тарих эмчилгээг гурван сарын турш хийлгэхээс гадна шарлагын курс эмчилгээ хийлгэхэд эдгэрнэ. Биеийн аль ч хэсэгт гарч болно. Сүүлийн хоёр жилд бид лазер эмчилгээгээр эмчилдэг болсон. Удахгүй мэс засал хийх эмчилгээ хийх зорилготойгоор эмч мэргэжилтнүүдээ бэлтгэж байна.

-Арьс цайх өвчний эмчилгээ хэр удаан үргэлжилж үр дүн нь гардаг вэ?

-Хүн бүрийн арьсны онцлогоос их шалтгаалдаг. Зөвхөн нүүрний нэгээхэн хэсэгт арьс нь цайсан бол эмчилгээ хугацаа богино байна. Биеийн 95 хүртэлх хувь, 70-80 хувь нь цайралттай бол удаан хугацааны, 4-6 сарын эмчилгээ шаардагддаг. Харамсалтай нь олонх хүний биеийн ихэнх хэсэг, 70-80 хувь нь цайралттай байх юм.

-Манайхан арьс цайх өвчнийг тоодоггүй, анзаардаггүй болов уу. Арьс хуурайшин цахлайтахтай андуураад байх шиг санагддаг?

-Арьс цайх өвчин ганцхан өдрийн дотор үүсчихдэггүй. Эхлэхдээ хэд хэдэн янзаар илэрч болно. Ихэнхдээ тэр хэсгийн арьс ягаарч эсвэл улайж тэр хэсэгтээ загатнаж эхэлдэг. Хүмүүс заримдаа арьсаа цайж байгааг ч анзаардаггүй. Арьс хуурайшиж цахлайтах ихэвчлэн хүүхдэд тохиолддог. Цахлай хэсэг газартаа цайж эхлэхээс гадна арьс нь хуурайшсан бага зэргийн хайрстай байдаг. Харин арьс цайх өвчин эхлэхдээ цахлай шиг хуурайшдаггүй. Хэрвээ хүүхдэд тань ямар нэгэн тууралт гарч эхэлсэн л бол яаралтай эмчид хандан үзүүлэх хэрэгтэй.

-Арьс цайх өвчнөөр өвчилсөн бол юуг анхаарах ёстой вэ?

-Арьс цайх өвчтэй хүмүүс, ялангуяа хүүхдүүд сэтгэл зүйн хүнд дарамтад ордог. Тэр тусмаа 7-13 насныхан. Манайд эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх ээж, аавууд “манай хүүхэд их сэргэлэн болоод хичээлдээ сайжирсан” гэж баярлан ярьдаг.

Арьсны өвчнийг эмчилнэ гэдэг давхар амьдралын чанарыг нь сайжруулж, өөртөө итгэх итгэл, бусдаас дутахааргүй нийгмийн харилцаанд ороход нь тусалж байна гэсэн үг. Дээр нь арьс цайх өвчнийг эмчлэхгүй удаан явснаар харшил, бөөрний дутагдал гэх мэт олон хүнд өвчин үүсэх суурь болдог. Зүгээр нэг гоо сайханд сөрөг, зовиур шаналгаагүй өвчин гэж тайвширч болохгүй.

Тэгэхээр арьс цайхаар өвчилсөн хүүхдийг сэтгэл санааг нь тайван, өөдрөг байлгаж, өөртөө итгэх итгэлийг нь байнга өсгөх, стрессээ тайлах хоббитой болгохоос гадна сайн унтуулж амраах хэрэгтэй. Мөн гар утас цахилгаан соронзон долгионоос хол байлгах нь чухал.

-Эмчилгээний төлбөрийн хувьд эрүүл мэндийн даатгалын сангаас гарах уу?

-Эмчийн үзлэг зөвлөгөөг эрүүл мэндийн даатгалаас төлнө. Эмчилгээний хувьд хувь хүнээс өөрөөс нь гаргадаг. Арьс цайх өвчний онцлог гэж бий. Дэлхий нийтэд хүний хөдөлмөрлөх явцад нөлөөлдөггүй. Хөдөлмөрийн чадвараа алддаггүй гэж үздэг. Дэлхийн аль ч улс оронд арьс цайх өвчнийг хувь хүн өөрөөсөө эмчилгээний зардлаа гаргадаг. Одоогийн монголчуудын амьдрал ямар байдалтай байгаа билээ. Эмчилгээгээ тарамдуулах тал бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *