Categories
мэдээ нийгэм

Нийслэл рүү 377 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завджээ

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар рүү нүүрс оруулахыг хориглосон. Тиймээс нийслэл рүү нэвтрэх авто тээврийн шалган нэвтрүүлэх гурван товчоо болон хяналтын дөрвөн цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын алба хаагчид 24 цагаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгслээр 377 тонн түүхий нүүрс нийслэл рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг оролдсон хэрэг гарчээ. Мөн “Эрдэнэс Таван толгой”-н уурхайгаас Төв аймгийн Баянчандмань сум руу Лел метал ХХК-наас 10 тээврийн хэрэгслээр 331,5 тн нүүрс тээвэрлэсэн, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэх явцад хяналт тавьж ажиллажээ. Мөн Өлзийт дэх автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2073 тээврийн хэрэгслээр 103 мянган тонн “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох угаасан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи ресурс” ХХК-иас Улаанбаатар хот руу тээвэрлэснийг шалгаж нэвтрүүлсэн ажээ.

Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг гурав хүртэлх сая төгрөгөөр торгох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *