Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр БОАЖЯ-аас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газарт 10 000 жуулчин наадмын нээлт үзэх хүсэлтээ ирүүлсэн байна. Гэвч манай Төв цэнгэлдэх хүрээлэн 13 500 хүний суудалтай тул хүсэлт ирүүлсэн бүх жуулчинд нээлтийн тасалбар өгөх боломжгүйг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэв. Тэрбээр “Хүсэлт ирүүлсэн бүх жуулчинд тасалбар өгвөл монголчууд өөрсдөө наадмынхаа нээлтийг үзэж чадахгүйд хүрнэ. Тиймээс жуулчдад 3500 тасалбар өгсөн. Одоогийн цэнгэлдэхээс хэд дахин том цэнгэлдэхтэй болсноор энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр ойрын хоёр, гурван жилдээ ингэж аргалахаас өөр арга алга. Манай яамнаас жуулчдад зориулан “Naadam night” тусгай арга хэмжээг зохион байгуулна. Энэ үеэр наадмын нээлтийг орчуулгатайгаар дахин хүргэнэ. Тасалбаргүйн улмаас нээлтэд орж чадаагүй жуулчин орой нь орчуулгатайгаар нээлтийг үзэх боломж олгож байгаа юм” гэсэн мэдээллийг өглөө.
Өнгөрсөн онд БОАЖЯ-аас зарласан “Цэвэрхэн наадацгаая” аяны хүрээнд 200 гаруй сайн дурынхан ажиллаж, 30 гаруй тонн хог цэвэрлэжээ. Энэ жил тус аяны хүрээг тэлж, хувийн хэвшлүүд болон олны танил эрхмүүдийг нэгтгэж, “Цэвэрхэн наадах”-ыг уриалахаас гадна наадмын үеэр МОХ-ны 200 оюутан залуус Төв цэнгэлдэх, Хүй 7 хоног, Туул гол, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт эргүүл хийж, иргэдийг хоггүй, цэвэр наадахыг уриалах юм байна.