Categories
мэдээ нийгэм

Аврагчид, ар гэрийнхэн нийлж хоёр хоног ажилласны эцэст цогцсыг уснаас гаргажээ

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагатай багийн Товуухан гэдэг газар Сонгинохайрхан дүүргийн харьяат 30 настай эмэгтэй А нь саваар ус авах гэж байгаад Орхон голын усанд живсэн тухай дуудлага энэ сарын 26-ны өдөр 13:30 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 5 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийн 4 иргэн, нийт 11 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж, “Товуу-Хан” гэдэг газраас хойд зүгт 6 км-т завиар урсаж, 3-4 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, “Орхон” голын эрэг, тохой дагуу 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас 26-ны 21:26 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

27-ны өглөөний 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж аймгийн онцгойгийн таван аврагч, ар гэрийн 16 хүн, нийт 21 хүн, гурван техник хэрэгсэлтэй ажиллаж Товуухан гэдэг газраас Хушаатын гүүр хүртэл голын усаар хоёр удаа 25 км-т, нэг удаа шумбалт хийж, голын баруун эргээр явганаар 28 км -т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт эрэн хайх ажиллагааг ахин зогсоожээ. Ингээд өнөө өглөөний 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж осолдсон газраас зүүн тийш 9 км-ээс 07:24 цагт цогцсыг олж уснаас гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *