Categories
мэдээ нийгэм

Д.Оюунхорол: Хариуцлага сайжруулахыг УИХ-аасаа эхлэхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд тойргийнхоо иргэд, сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонсох уулзалтыг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар тайлбар мэдээллийг өгсний дараа төслийг бүхэлд нь буюу Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын 20 заалтыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Тухайлбал, Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой хэсгийн танилцуулгадаа “УИХ өөрөө хариуцлагатай байж, нийгэмд үлгэрлэх ёстой гэдэг шүүмж, шаардлагыг иргэд тавьдаг. Эл асуудлыг энэ удаагийн парламент чухалаар авч үзэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зэрэг холбогдох хууль журамд өөрчлөлт оруулснаас гадна энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч хариуцлага сайжруулахыг УИХ-аасаа эхлэхээр тусгасан.

Хуулийг 20 гишүүн бус 39-ээс дээш гишүүн баталдаг байхаар заалт төсөлд тусгалаа. Мөн ээлжит чуулганы хугацаанд 50 хоног хуралддаг байсан бол одоо 75-аас дээш хоног болгох гэж байна” хэмээн онцолж хэлэв.

Уулзалтад 300 гаруй хүн оролцон асуулт асууж, саналаа бодлоо илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *