Categories
мэдээ цаг-үе

Ц.Товуусүрэн: Салбар хуулиудаар зохицуулах харилцаа зөв гарвал Үндсэн хуулийн төсөл хөгжил, дэвшлийг авчирна

-ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХАД АРД ТҮМЭН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ 900 ГАРУЙ МЯНГАН САНАЛ ИРҮҮЛЖ БАЙЛАА-


АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэнтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-Таны хувьд ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж, шавыг нь тавьж явсан хүний нэг. Тухайн үед эцэг хуулийг батлах үйл явц хэрхэн өрнөж байв?

-БНМАУ-ын Бага Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаас 1992 оны аравдугаар сард Шинэ ардчилсан Үндсэн хуулийн төсөл боловруулах үүрэг бүхий комиссыг байгуулан ажилд нь оруулсан юм. Тэр үеийн Ерөнхийлөгч П.Очирбатын тэргүүлсэн комисс Төслийг боловсруулж, Улсын Бага Хурлын 1991 оны тавдугаар сарын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлсэн. Ийнхүү зургадугаар сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-нийг хүртэлх гурван сарын хугацаанд ард нийтээр хэлэлцүүлэх тухай тогтоол гаргаж байв. Уг хэлэлцүүлгээр ирсэн саналуудыг ангилан нэгтгэж, боломжтой саналуудыг нь Үндсэн хуулийн төсөлд тусган дахин боловсруулсан. 1991 оны аравдугаар сард Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэн мөн оны аравдугаар сарын 20-ны өдөр тогтоол гаргаж, Ардын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. 1991 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих үед гарах зарим харилцааг зохицуулах зорилго бүхий Үндсэн хуулийн хавсралт хуулийн төслийг Улсын Бага Хурал хэлэлцэж өргөн мэдүүлсэн байдаг. За тэгээд цааш нь бүх хүн мэдэж байгаа даа. Ардын Их Хурлын чуулган 1991 оны арваннэгдүгээр сард эхэлж уг төслийг 76 хоног хэлэлцэж, нэгдүгээр сарын 12 -ны өдөр баталсан шүү дээ.

-Ард нийт идэвхтэй оролцож байв уу?

Ард нийтийн хэлэлцүүлгийн үеэр орон нутгаас сонгогдсон депутатууд, Комиссын гишүүд, Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, түүний Ажлын хэсэг, Улсын Бага Хурлын гишүүд, Тамгын газрынхан гол ажлыг нь зохион байгуулж, нугалсан.

Ард түмэн маань идэвхтэй оролцож, 200 гаруй мянган иргэн давхардсан тоогоор 900 гаруй мянган санал ирүүлсэн байдаг.

-Ачаалал нь хэр байсан бол?

-Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр зөвхөн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулах төдийгүй бусад олон асуудалд анхаарлаа хандуулж, Үндсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий комисс, салбар комисс, Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, түүний ажлын хэсэг, Улсын Бага Хурал, түүний аппарат нойр хагаслан зүтгэцгээсэн. Нэг зүйлийг тодруулахад тэр үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ч хамт зүтгэцгээсэн.

-Ажлын хэсгийн тайлбарыг анхааралтай, нухацтай сонсож байсан гэдэг. Энэ талаар тодруулаач?

-Ардын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр Үндсэн хуулийн эхийг баригчаар Б.Чимид гуай, Д.Лүндээжанцан нар ажилласан. Депутатуудын асуултад хариулах саналын томъёоллыг гүйцээж хянах зэрэгт энэ хоёр л ачааны хүндийг үүрсэн. Түүнчлэн салбар комисынхан, дэд ажлын хэсгийнхэн ч их ажилтай байсан даа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ. Энэ өөрчлөлт дордуулсан долоон өөрчлөлт шиг шүүмжлэл дагуулахгүй гэдэгт та итгэлтэй байна уу?

-Төсөл санаачлагчдын бодож байгаа шиг, цаашид салбарын хуулиудаар зохицуулах харилцаа зөв гарч чадвал, энэ төсөл хөгжил, дэвшлийг авчирна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Одоогийнх шиг салбарын хуулиудаар зохицуулах зүйлээ дутуу хийчихээд Үндсэн хууль нь хууль нь буруу гээд шүүмжлэхгүй байх гэдэгт хойч үеийнхэндээ итгэх хэрэгтэй биз дээ.

-Энэ хэвээрээ батлагдвал эерэг өөрчлөлт авчирна гэж харж байгаа заалтууд юу байна вэ?

-Бүгдийг нь тоочиход цаг их орно. Улсын Их Хурлын зүгээс ерөнхий болон төсвийн хэрэгжилтэд тавих хяналт сайжирна. Засгийн газар тогтвортой ажилласнаар улс орны хөгжлийн хурдац нэмэгдэнэ. Шүүх, шүүгчид бие даан хараат бус, зөвхөн хуульд захирагдан шийдвэр гаргах нөхцөл бүрдэж, тэдэнд итгэх олон түмний итгэл дээшилнэ. Нутгийн удирдлагын тогтолцоонд төсөлд заасны дагуу зарчмын шинж чанартай өөрчлөлт хийгдвэл үр дүн нь ард түмэнд өгөөжтэй байх болно.

-Гишүүд санал, шүүмжлэлээ хэлж байна. Тэр дундаа Засгийн газарт хэт их эрх мэдэл төвлөрүүлж байгаа юм биш биз гэдгийг ч онцолж байна.

-Ерөнхий сайд, сайд нараа томилох эрхтэй болсныг л хэлээд байна аа даа. Парламентын засагтай улсын жишигт л ойртуулж байна. Манай Үндсэн хуулиар гүйцэтгэх эрх мэдлийн нэг салаа болох Ерөнхийлөгч харьцангуй өндөр эрх мэдэлтэй. Улс төрийн талаас нь харвал энэ хоёр хүчээ нэгтгэж болно. Мөн тодорхой асуудлаар байр суурь өөр өөр ч байх тохиолдол байхыг үгүйсгэж болохгүй. Ямартай ч нэгдвэл хөгжилд тустай, зөрчилдвөл аль алиныгаа хязгаарлах ач холбогдолтой.

-Нутгийн удирдлагын тогтолцоонд өөрчлөлт оруулсан нь улстөржилтийг улам нэмэгдүүлэх нь гэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ямартаа ч улс төрийн нэг сонгууль явагдахгүй болно. Тодруулбал, аймаг, нийслэлийн сонгууль болохгүй. Тиймдээ ч улстөржилт ихэснэ гэж харахгүй байгаа.

-Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр сонгох нь буруу гэж байна. Гадны жишигт ямар байдаг юм бэ?

-Дэлхийн цөөхөн улсын Үндсэн хуульд ийм зохицуулалт байгаа. Ер нь шүүгчдийг бүх насаар нь томилоод хариуцлагыг нь тодорхой хүлээлгээд зэрэг дэвийг нь бууруулаад, огцруулаад байж чадах юм бол заавал хугацаа заах хэрэгтэй эсэхэд эргэлздэг. Гэхдээ Монголын онцлог гэх үү дээ. Хугацаа тавина гэсэн санал давамгайлдаг юм билээ. Энэ тохиолдолд хэт богино хугацаа тавибал Дээд шүүхийн хууль тайлбарлах үйл ажиллагаанд сэв сууна гэж үздэг учраас 12 жил гэж тавъя гэсэн хуульч эрдэмтдийнхээ саналыг хүндэтгэж байгаа. Ямартаа ч нийтлэг эрх ашигтаа харшлахгүй биз ээ.

-Дордуулсан долоон заалтыг өөрчлөх хүрээнд Засгийн газрыг огцруулах үед илээр санал хураалт явуулахгүй болгож өөрчлөх гэж байна гэх юм. Ийм өөрчлөлт орж байгаа юу?

-Энд ойлголтын зөрүү байх шиг байна. Томилгооны үед илээр санал хураалт явуулах нь улс төрийн намын дарамт, гишүүний саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдсан гэж шүүмжилдэг. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилох болон хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж заасан нь саналаа гаргах үндсэн хэлбэр нь ил санал хураалт болохыг бүдгэрүүлж уншигддаг юм л даа. Ер нь санал хураах үндсэн хэлбэр нь ил байх зарчмыг л тодотгосон хэрэг. Хуулиар Засгийн газрыг огцруулах санал хураалтыг нууц байна гэж тогтоовол нууцаар л санал хураана гэсэн үг шүү дээ. Ер нь бол томилгооны санал хураалтыг нууц санал хураалтаар явуулбал хэн нэгнээс хараат бусаар саналаа илэрхийлэх боломжийг нэмэгдүүлдэг гэдэг утгаар нь санал хураалтын энэ хэлбэрийг ашиглах нь дэлхийн улс орнуудад нэлээд түгээмэл юм байна лээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *