Categories
мэдээ нийгэм

Монгол, Японы хамтарсан үзэсгэлэнгийн нээлт боллоо

Өнөөдөр “Орд” арт галерейд Япон-Монгол иргэдийн хамтарсан бүтээл болох “Соёлын харилцаа-45 жил” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

1974 оны 9 сарын 23-ны өдөр Монгол, Японы хооронд соёлын харилцааны хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ жил 45 жилийн ой тохиож байна. Ойн жилтэй холбогдуулан уг үзэсгэлэнг зохион байгуулжээ.

“Соёлын харилцаа-45 жил” үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Япон-Монголын найрамдлын нийгэмлэг, мөн Монгол-Японы харилцааг дэмжих нийгэмлэг, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын хүүхдийн оригами төв, Японы Мэгүмино Кай нийгэмлэг хамтран оролцож байгаа юм байна.

Үзэсгэлэнд Япон улсын Сайтама мужын Камикава хотын “Мэгүмино кай” нийгэмлэгийн гишүүд, “Таншоо” бага сургуулийн сурагчид, Япон улсын иргэд фото болон гар зургийн бүтээл, Монголоос БЗД-ийн “55-р сургууль” “Хишиг”, “Төгсдэлгэрэх”, бүрэн дунд сургуулийн багш сурагчид, “Оригами” төвийн багш нар цаасан урлал, гар зургийн бүтээлүүдээ ирүүлжээ.

Нээлтийн үеэр Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч Д.Содном “Энэ үзэсгэлэн хоёр орны ард түмний харилцан ойлголцол, харилцаа улам гүнзгийрэхэд чухал ач холбогдол үзүүлэх юм” гэв. Мөн Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Янигисава Токүжи “Ойн хүрээнд Япон-Монголын хамтарсан мод тарих үйл ажиллагаа, “Соёлын харилцаа-45 жил” үзэсгэлэнг зохион байгуулж байна.Мөн 12 сард “Snowboard”-ын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэсэн юм.

Э.АМИНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *