Categories
мэдээ нийгэм

​Фото: Азийн буддистууд Монголд чууллаа

Азийн буддистуудын Энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Бага хурлын нээлт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы өмнөх талбайд болов. Энэтхэг, Солонгос, Орос, Шри-Ланка, Япон зэрэг улс орнуудын 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцсон Азийн буддистуудын Энх тайвны бага хурал НҮБ-д бүртгэлтэй цөөн шашны байгууллагын нэг юм. Энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөө 1970 оноос хойш арван удаа хуралджээ. Тус байгууллагын нэгдсэн удирдлагын төв нь манай улсад байрладаг. Энэ байгууллагын ерөнхийлөгчөөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ажиллаж байна. “Сэргээе-урагшилъя” уриатайгаар зохион байгуулсан чуулганы хүрээнд “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн буддистуудын Энх тайвны бага хурлыг нээлтийн үеэр мэндчилгээ дэвшүүлсэн нь олны анхааралд байлаа. Ерөнхийлөгч үг хэлэх үеэрээ УИХ-аас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр, амралтын өдөр” болгох хуулийн төслийг санаачлан дэмжиж, анхааран ажиллаж байгааг онцолсон юм. Төрийн тэргүүн Дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгоход анхаарч байгаа шалтгааныг “Өвөг дээдэс, өнгөрүүлсэн түүхээ дээдэлдэг, буян нүглийг зааглан ялгах ухаанаар алдаа оноогоо шүүн дэнсэлдэг, наминчилдаг,амьтай үртэй бүхнийг энэрэн хайрлах сэтгэлээ хөгжүүлэн дадуулж сайн үйлсэд шамддаг нэгэн өдрийг бүх нийтээрээ Ёс суртахууныг эрхэмлэсэн өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлдэг Азийн орнуудын жишгээс суралцаж буйдаа Монголын ард түмэн бид баяртай байна” хэмээн тайлбарлалаа.

Тэрээр “Азийн бүс нутагт төдийгүй дэлхийн индэрт өөрийн дуу хоолойг ийнхүү хүргэж чадсан тус хурал нь хүйтэн дайны хүнд хэцүү үед Бурхан Буддагийн хүнлэг, энэрэнгүй сургаал номлолыг гол баримтлалаа болгож хүний эрх, эрх чөлөө, улс хоорондын эв нэгдэл,улс орнуудын соёл боловсрол,эдийн засгийн урт хугацааны хамтын ажиллагаанд шинэлэг гэгээлэг гарц боломж тийш чиглүүлэн зааж уриалан тунхаглаж байсан билээ. Азийн буддистуудын Энх тайвны бага хурал олон улсын шашны төлөөллүүдэд үлгэр дуурайл болж Энхийн төлөөх бодит санал санаачилгууд нь Азид төдийгүй дэлхий дахинд цөмийн зэвсгийг бууруулах, устгах, ирээдүйгээ энх тайванч бодлогоор төсөөлөн харж, төлөвлөн бэхжүүлэх үндэс суурь болно хэмээн найдаж байна” гэж онцлов.

Хагас зууны тэртээ үүссэн энэ хурал анх 1970 онд Улаанбаатар хотноо болж байж. Дараа нь 1972 онд Шри Ланкад, 1974 онд Энэтхэгт, 1976 онд Японд, 1979, 1982 онд Монголд, 1986 онд Лаост, 1990, 1998 онд Монголд, 2003 онд Лаост хуралдаж байжээ. Тус хурал 16 жил завсарласны эцэст манай улсад болж байгаа юм.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *