Categories
мэдээ цаг-үе

Х.Алтанцэцэг: Мөөггүйгээр хүний амьдралыг ч, дэлхийн оршин тогтнолыг ч төсөөлөх аргагүй, гайхамшигт амьд ертөнц

-МӨӨГӨНД ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРЭГЦЭЭТЭЙ БОДИСУУД АГУУЛАГДДАГ УЧИР ХҮНСЭНДЭЭ ХЭРЭГЛЭЖ ЗАНШААРАЙ-

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи үржүүлгийн тэнхимийн зөвлөх, доктор профессор, Монгол Улсын зөвлөх биотехнологич Х.Алтанцэцэгтэй мөөгний аймгийн талаар ярилцлаа.


-Мөөгийг иргэд нэг төрлийн ургамал байдаг, хүнсэнд хэрэглэдэг гэж ойлгодог. Мэргэжлийн хүний хувьд энэ ойлголт зөв үү?

-Манай ард түмэн мөөг гэхээр ургамал гэж төсөөлөөд байдаг. Монгол хэл дээр нэг үгээр нэрлэгдээд байгаа мөөг нь дэлхий хэмээх цэнхэр гариг дээр биеэ даасан том аймаг болж явдаг. 1960-аад оны дунд үеийг хүртэл дэлхийн шинжлэх ухаанд бид нарын мэддэг малгайтан шилбэтэй мөөгийг ургамлын аймагт хамруулаад доод ургамал гэж үзэж ирсэн. Шинжлэх ухааны судалгааны арга нарийсч молекулын түвшинд амьд организмын гарал үүслийн судалгааны үр дүнд мөөг нь ургамал ч биш, амьтан ч биш, бүтцийн хувьд биеэ даасан аймаг байна гэдгийг тодорхойлсон.

-Ургамал биш байх нь ээ?

-Өмнө нь микро организм гэж авч үзэж байсан бидний сайн мэдэх дрож, талх, ааруул дээр үүсдэг цэнхэр хөгц, байшингийн хананд ургаад устаж өгдөггүй мөөгөнцөр, хүний гар хөл дээр ургадаг мөөгөнцөр гээд энэ бүгд гарал үүслийн хувьд филогенетикийн нэг биеэ даасан мөөгний аймаг гэж авч үзэх болжээ. Тэгэхээр ургамлаас тэс ондоо. Ургамал бол фотосинтезийн процессоор өөрийнхөө энерги хоолны эх үүсвэрийг болгодог бол мөөгний аймагт хамаарч байгаа организмууд бусад ургамал, амьтны гаралтай органик бодисыг задлах байдлаар хооллодог. Манай монгол оронд мөөг судлалын шинжлэх ухаан маш бага хөгжиж байна. Их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт орохгүй байна. Шинжлэх ухааны байгууллагуудад мөөгийг судалдаг биеэ даасан сектор лобаротри гэж байхгүй. Гэтэл мөөггүйгээр хүний амьдралыг ч, дэлхийн оршин тогтнолыг ч төсөөлөх аргагүй гайхамшигт амьд ертөнц юм. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл дэлхий дээрх бодисын солилцооны эргэлтэд хамгийн их орон зай эзэлдэг нүүрстөрөгчийн эргэлтийг мөөгний аймагт хамаарах организмууд хийж байдаг.

-Их сонирхолтой юм. Гурил хөөлгөгч дрож мөөгний нэр төрөл байжээ?

-Бидний сайн мэдэх талх, мантуу, элдэв төрлийн нарийн боов гэх мэт гурилан бүтээгдэхүүн болон вино, шар айраг хийхэд нэг эст дрож мөөг оролцдог. Биотехнологийн аж үйлдвэрт амьд дрожийг асар их хэмжээгээр өсгөж үржүүлээд хатааж савлаад зах зээлд нийлүүлдэг. Гэрийн эзэгтэй нар сахар давстай усанд хийгээд мантуу, талхаа хөөлгөөд хийж байна. Мөөгний аймагт хэлбэр дүрсээр нь ялгавартай гурван төрлийн организмыг авч үзнэ. Дрож гээд нэг эст организм, хоёрт мөөгөнцөр буюу бидний ярьдгаар хөгц, гуравдугаарт мөөг гэсэн ерөнхий төрлийн организм энэ аймагт хамаардаг.

-Тэгвэл хүний биед ашигтай мөөгний төрөл аль нь вэ?

-Мөөгөнцрүүд нь асар хүчтэй организмтай. Байшингийн хана таазанд ч ургачихсан байдаг. Тэр хэрээр энэ организм асар олон төрлийн биологийн идэвхт бодис гэж нэрлэгдэх бодисуудыг өөрөөсөө нийлэгжүүлдэг. Эдгээр бодисууд нь хүнд маш их хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ бол пенициллин юм. Энэ нь талхан дээр ургадаг цэнхэр хөгц мөөгөнцөр. Анх дэлхийн I дайны үед шархдсан цэргүүд халдвар авчүй олноор үрэгдсэн гэдэг. Тэр эрдэмтэд пенициллинийг гаргаж авч хэдэн мянган цэргийг аварсан даа. Европт гарч байсан тахал өвчнийг антибиотикийн тусламжтайгаар хүн төрөлхтөн ялан дийлж гарсан түүхтэй. Ийм төрлийн эм бэлдмэл, антибиотик, витамин, хүнд хэрэгтэй бодисуудыг мөөгөнцрөөс биотехнологийн аргаар үйлдвэрлээд гаргадаг. Тэр байтугай хөгц мөөгөнцөрөөр төрөл бүрийн бяслаг хийдэг. Европын орнууд болон БНХАУ-д хөгцтэй мөөгийг идэх маш их дуртай.

-Бид бяслаг, ааруулын хөгцийг хусч байгаад хэрэглэдэг. Буруу болж таарав уу?

-Бяслаг, ааруулын хөгц буруу хадгалснаас үүдэх нь ч бий. Гэхдээ хөгц мөөгөнцөр бол тэр чигээр антибиотик. Антибиотикийг бид нарийн дэг журамтай, тогтмол цагтай ууж, тарьж хэрэглэдэг. Антибиотик гэдэг өвчин үүсгэж байгаа бактерийн амьдралын эсрэг үйлчилгээ гэсэн үг. Тийм хүчтэй бодисыг эрүүл хүн талх, ааруултайгаа холиод идээд байж болохгүй.

-Хоол хүнсэнд хэрэглэдэг мөөгний төрлүүд бий. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Гурав дахь бүлгийн мөөг гэж хэлж заншсан, малгай шилбэтэй нүдэнд харагдахуйц биетүүд бий. Хүн төрөлхтөн анх ургамал түүж навчийг нь буцалгаж ууж хэрэглэж ирсэн. Ургамалтай яг адилхан мөөгийг ч хэрэглэж байсэн палеонтологийн олдвор байдаг. Жишээ нь, Европын Альпийн нуруунд цас мөсөн дундаас 5000 жилийн тэртээ тэнд амьдарч байсан хүний богц олдоход дотор нь гурван төрлийн мөөг гарсан байдаг. Тэгэхээр хүн төрөлхтөн мөөгийг эмчилгээний болон хүнсний зориулалтаар байнга хэрэглэж байсан гэсэн үг. Монголд ч гэсэн хатаасан цагаан мөөггүй айл малчин удамд байгаагүй. Мөөгөө яаж ашиглахаа мэддэг. Шархны халуун, дотор халуунтай хүнд уулгадаг. Тэр байтугай төрсөн эмэгтэй хүнд заавал мөөгтэй шөл уулгадаг. Талын цагаан мөөгөнд агуулагдаж байгаа бодис нь савны агшилтыг өдөөж, үлдсэн эхэсийг шахаж гаргадаг үйлчилгээтэй. Дотор халуунтай гээд учир шалтгаангүй өвдөөд байгаа хүнд мөөгтэй шөл буцалгаад өгчихөд илааршдаг.

Малгайт мөөг бол байгалийн зэрлэг ба таримал гэж орчин үед байна. Хятадууд 2000 жилийн тэртээгээс байгаль дээр ургаж байсан эмийн өндөр ач холбогдолтой мөөгийг гэршүүлэн тарималжуулсан. Тэд одоогийн байдлаар 30-аад зүйлийн мөөг тарималжуулах технологийг боловсруулаад байна. Үүнээс 10 гаруй нь дэлхийн зах зээл дээр тонн тонноор үйлдвэрлэгдэж, борлуулагдаж байна. Харин Монголын зах зээл дээр зургаан зүйлийн мөөг худалдаанд байгаа. Үүний зэрэгцээ манай монголчууд мөөгний плантацын үйлдвэр эрхэлж эхлээд байгааг тэмдэглэх ёстой.

-Монгол орон байгалийн баялаг арвинтай. Мөөгний төрлүүд манайд хэр их ургадаг вэ?

-Байгалийн мөөг гэдэг яах аргагүй манай орны биологийн төрөл зүйл, гайхамшигт нөөцийн нэг. Урин дулаан цаг ирж байгаа энэ мөчид мөөг түүгчид ажилдаа гарахаас өмнө бид мөөгний талаар судалгаа танилцуулж, тодорхой хэмжээний ойлголт өгөхийг хичээлээ. Бидний гол зорилго бол мөөгний шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлэх, аль болох дэлхийн түвшинд хоцрохгүйгээр хөгжүүлэх, мөөгний аймагт харьяалагддаг организмуудыг хүнс болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах, залуу судлаачдын анхаарлыг хандуулахыг зорьсон. Судлаачид жил бүр гайхамшигт бодисыг илрүүлсэн, үйлчилгээг хорт хавдрын эс дээр туршаад үхүүлж байгааг нотолсон, янз бүрийн өвчтэй хүмүүст хоол хүнсэнд тогтмол хэрэглэхэд өвчин илааршиж байгаа мэдээлэл өргөн гарч байгаа. Сүүлийн 30-аад жил мөөгний биохимийн найрлага, анагаах ач холбогдлын талаар эрчимтэй судлагдаж байна. Манай улсад хорт хавдрын эмнэлгийн коридор дүүрэн ард түмэн хөлхөж, жилд 4000-7000 хүн хорт хавдрын өвчлөлөөр нас барж байна. Дараа нь чихрийн шижин, элдэв халдварт өвчин, цусан дахь холестериний хэмжээ ихэсч зүрх судасны өвчлөлөөр нас барах тохиолдол өндөр байна. Гуравт, мөөгийг зөв таниж түүх, хэрэглэх, хадгалах боловсруулах, хоол хийх аргуудыг сурталчлан таниулах гол зориолготой. Ийм сайхан байгалийн баялгийг ургаж байгаа цагт нь зөв зохистой түүж өөрийнхөө хүнсэндээ хэрэглэж занших зайлшгүй шаардлагатай байна.

-Мөөгийг хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?

-Мөөгөнд хүний эрүүл мэндэд асар их хэрэгцээ шаардлагатай бодисууд агуулагддаг. Уургийн маш өндөр агууламжтай. Малын махнаас дутахааргүй. Уураг нь дотроо үл орлогдох, хүний биед нийлэгждэггүй амин хүчлээр баялаг, бүх төрлийн витамин болон эрдэс бодисуудыг их хэмжээгээр агуулдаг. Орчин үеийн эрүүл хүнс гэдэг категорид орсон.

-Хүнсний лангуун дээр цөөхөн төрлийн мөөг харагддаг. Аль нь чухам ямар үйлчилгээтэй, өөр ямар мөөгийг хүнсэндээ хэрэглэх боломжтой талаар зөвлөөч?

-Лангуун дээр гадаадаас орж ирсэн болон манай үйлдвэрлэгчдийн тарьсан хясаа мөөг тасрахгүй байна. Хясаа мөөг бол гайхалтай эрүүл хүнс. Шампиньон мөөг гэж бидний хэлдгээр хурган цагаан мөөг бас бий. Герман, Польшоос консервлосон байдалтайгаар их хэмжээгээр оруулж ирж байна. Гуравт, шийтакей гээд малгай нь хагар туссан бор хатуу мөөг байгаа. Энэ мөөг бол янз бүрийн хэлбэрээр байдаг, их хэмжээгээр хатаасан орж ирж байгаа. Хясаа мөөгний нэг хэлбэр бол бондгор малгайтай урт зузаан иштэй мөөг худалдааны төвүүдэд зарагддаг. Дараагийнх нь гоймон мөөг гээд жижиг турьхан цагаан малгайтай урт иштэй мөөг бий. Түүнээс гадна барзайсан хар хатаасан мөөг байдаг. Шөлөнд хийхээр резин шиг болчихдог. Ийм зургаан зүйлийн мөөгийг зах зээл дээрээс худалдаж аваад хоолондоо хэрэглэж болно. Бүгд өнгө дүрс хэлбэр амтны хувьд өөр ч мөөгөнд агуулагдаж байгаа эрүүл мэндийн чанар аль алинд нь адилхан. Өдөр тутмынхаа хоолонд мөөг хэрэглэх хэрэгтэй. ОХУ, Хятад, Зүүн мөнөд Ази, Европ болон бусад бүх газарт өдрийн гурван хоолондоо мөөг оролцуулж идэж байна. Тэгэхээр бид ганц удаагийн хоолондоо ч гэсэн мөөг хэрэглээд сурчихвал аяндаа дуртай болно. Мөөг бол амттай өвөрмөц сонин эрүүл хүнс.

-Өдөрт хэр хэмжээтэй хэрэглэх вэ?

-Өдөрт тогтмол 50-10 грамм мөөгийг хоолондоо хэрэглэж заншаарай. Шөлтэй хоолоо хатаасан мөөг, хоёрдугаар хоолонд 100 грамм мөөгийг мах ногоотой хуурах жишээтэй.

-Хортой мөөгийг яаж таних вэ?

-Манай байгаль дээр хортой 10-аад зүйлийн мөөг байна. Мөөгөнд олон төрлийн биологийн идэвхт янз бүрийн химийн бодис агуулагддаг. Тэр нь хүний амь насанд аюултай. Хоол боловсруулах эрхтэнийг хямралд оруулдаг бодисуудыг нийлэгжүүлдэг мөөгийг хортой мөөг гээд байгаа юм. Тэр байтугай хоргүй мөөг ч хортой болох болможтой. Учир нь мөөгөнд уураг их агуулагддаг. Мах авчихаад ширээн дээрээ тавиад халуунд хонуулаад хэрэглэхэд хоолны хордлого болдогтой яг адил. Уураг их агуулдаг учир халуун температурт маш хурдан мууддаг. Хөргөгчнөөсөө гаргасан бол хурдан чанаж өндөр темпеартурт болго. Түүхий мөөгийг хэзээ ч хэрэглэж болохгүй.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *