Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтын нээлтийн үйл ажиллагаа боллоо

Өчигдөр Монгол Улсын Үндэсний урлагийн их театрт “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолтын нээлт болж өндөрлөлөө. Уг театр нь Монголд аялж ирсэн жуулчид мөн аянчин гийчин төлөөлөгчдөд ардын урлагаа сурталчилдаг байгууллага юм.

Нээлтийн үйл ажиллагаандаа зориулаад уран бүтээлийнхээ дээжсийг өргөн барьдаг. Мөн жуулчны улирал ирсэнтэй холбоотойгоор ялангуяа улсын баяр наадмаар тусгайлсан монгол урлагийн гайхамшиг гэдэг хөтөлбөрийг байнага явуулж байгаа аж. Үүнээс гадна “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” хэмээх тусгайлсан хөтөлбөрүүдийг баяр наадмаар, аялал жуулчлалын байгууллагууд, төр засгийн байгууллагуудын захиалгаар зохион байгуулдаг юм байна.

Өнөөгийн үндэсний урлагийн их театр нь түүхийнхээ жар гаруй жилийн хугацаанд байгууллагынхаа нэршлийг “Эстрад концертын товчоо”, “Ардын дуу, танц, үндэсний хөгжмийн ансамбль”, “Улсын ардын дуу бүжгийн чуулга”, “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга”, “Үндэсний урлагийн их театр” хэмээн хэд хэдэн удаа өөрчилж иржээ. Монголын Үндэсний Урлагийн Их Театр нь Төрийн хошой шагналт ардын жүжигчин Л.Мөрдорж гуайн анхлан байгуулсан орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал, Алдарт бүжиг дэглээч ардын жүжигчин төрийн шагналт зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Ардын жүжигчин төрийн шагналт хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуайн нэрэмжит дуучдын алба гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Монголын Үндэсний Урлагийн Их Театрын уран сайхны удирдагч А.Цэдэн-Иш “Хэд хэдэн хөтөлбөртэй. Монгол урлагийн гайхамшиг гэдэг хөтөлбөр маань манай үндсэн хөтөлбөр. Жуулчдад үзүүлдэг монгол ардын өвөрмөц төрлүүд гэвэл хөөмий, морин хуур, уртын дуу гээд юнескод бүртгэгдсэн хэд хэдэн төрлүүд мөн манай шашин төрийн холбогдолтой сонирхолтой цамын бүжиг, монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал. Монгол бүжгийн хамгийн онцлог хэлбэрүүд, хатдын бүжиг гээд өвөрмөц зүйлүүдээ үзүүлнэ. Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал 65 хүний бүрэлдэхүүнтэй. 120 хүнтэй болгох Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2006 онд гарсан. Энэ ажлыг хэрэгжүүлэх үүднээс найрал хөгжмийнхөө бүрэлдэхүүнийг өргөтгөх ажлыг хийж байна. Санхүү эдийн засгийн онцлогоос шалтгаалаад зарим нэг хүндрэл бий. Гэхдээ энэ найрал бол гадаадын үзэгчдэд, өөрийн орны хөгжмийн зохиолчид, дэлхийн сонгодог хөгжимчдийн бүтээлийг тоглож сонирхуулж байдаг” хэмээн нээлтйн үеэр онцолж байлаа.


Морин хуур, хөөмий, бий биелгээ, уран нугаралт, уртын дуу, монгол төрийн хөгжмийн их найрал зэрэг Монголын үндэсний соёл урлагийн гайхамшгийг харуулсан энэхүү тоглолт 100 хоног үргэлжлэх юм байна.

Б.АМИНА

Ц.ШИНЭЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *