Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Очирхуяг: Найзыгаа нэг жилийн өмнө оношлуулсан бол эдгээх байсан даа

Хүү нь хүнд өвчтэй байхад хамт олноороо нэгдэж, үнэлж баршгүй тус хүргэсэн нэгэн байгууллагад талархсан сэтгэлээ илэрхийлсэн ахмад настан Б.Цэндсүрэн манай сонинд хандсан юм. Б.Цэндсүрэн гуайн хүү А.Амгалан төмөр бетон хийцийн “Био Эргэл хайрхан” компанид олон жил ажиллажээ. Харамсалтай нь тэрээр монгол хүн бүрийн итгэлийг мохоож буй хавдар хэмээх аюулт өвчин туссан байж. Түүний өвчинтэйгөө тэмцсэн эцсийн мөч хүртэл хамт олон нь, захирал Н.Очирхуяг хамт байж, аврахыг хичээгээд дийлээгүй байна. Талийгаач компаниасаа хөнгөлөлттэй нөхцөлөөр байртай болоод байж. Тэрээр сар бүр цалингаасаа хүүгүй зээлээ төлдөг байсан юмсанж. Н.Очирхуяг захирал ажилчнаа эрүүл саруул болгохын төлөө хичээл зүтгэл гаргаад зогсохгүй байрыг төлбөрөөс нь чөлөөлж талийгаачийн эхнэр, хоёр хүүхдэд нь бэлэг болгохоор шийджээ. Ийм нэгэн сайн үйлсийн эзэн, “Био Эргэл хайрхан” компанийн захирал Н.Очирхуягтай ярилцлаа.


-Танай компанийн ажилчин хүнд өвчнөөр өөд болсон тухай харамсалтай мэдээ сонслоо. Таныг ажилчнаа эмчлүүлэх гэж багагүй хичээл зүтгэл гаргасан тухай ар гэрийнхэн нь талархаж байсан. Юу болсон талаар ярьж өгөхгүй юу?

-Манайх 2013 онд байгуулагдсан компани. Компаниа байгуулахаас өмнө 2010 онд Дарь-Эхэд явж байгаад талийгаачтай таарсан юм. Бид хоёр эртний танил, найзууд байсан. Талийгаач надаас хоёр дүү. Бид хоёр III хорооллын эцэст Харанхуй дэнжид тоглож өссөн. Нэг хэсэг холбоогүй байгаад анх уулзсан нь тэр. Тэр үед Амгаа “Эрхэлсэн ажилгүй байна” гэхээр хамт ажиллая гээд нэг компанид ажиллаж эхэлсэн. Удалгүй би ч компаниа байгуулж, найзыгаа жолоочоор авсан. Манайх барилгын материал, төмөр бетон хийцийн үйлдвэр юм. Бид бараг 10 орчим жил хамт ажилласан байх. Компани маань өнгөрсөн жилээс л овоо хөл дээрээ босоод ажилчдаа нийгмийн асуудлыг нь шийдье гэж бодсон. Өнгөрсөн оны сүүлчээр ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулсан юм. Компани анх байгуулж байхад арав гаруй хүнтэй байсан, одоо бол 50 гаруй ажилчинтай. Гэтэл найз маань “Би эмчид үзүүлэхгүй. Надад өвдөх юм байхгүй. Хайран мөнгө үрээд хэрэггүй, чи өөр зүйлд зарцуул” гэж байна. Би ч “Юу яриад байгаа юм. Чамаас мөнгө гарах биш, үзүүл” гэсээр байгаад оношлогоонд оруулсан. Гэтэл харамсалтай мэдээ дуулж, найз маань элэгний хорт хавдартай байж таарсан.

-Бүр таны санаачилсан эрүүл мэндийн үзлэгээр муу мэдээг сонссон байх нь ээ?

-Тэгж таарсан. Эмнэлгээр зөндөө явсан. Даанч эмч нар хэтэрхий оройтсон байна гэсэн. Элэг солиулах хагалгаа хийлгэх талаар хөөцөлдөхөд нэмэргүй болсон байсан. Хүн ер нь муу мэдээ сонсоод л уддаггүй юм билээ. Найз маань нүүрэн дээрээ хичээгээд л байгаа юм. “Хөгшин нь эдгэрнэ ээ, санаа зоволтгүй” гээд л хэлдэг. Цаанаа бол өөрийгөө мэдчихсэн байсан. Үнэхээр хэцүү юм билээ. Одоо бурхан болоод удаагүй байгаа, 49 хоног нь ч болоогүй байна. Би нэг л зүйлд маш их харамсч байгаа. Найзыгаа нэг жилийн өмнө л оношлуулсон бол гэж.

-Тэгвэл боломж байсан гэж үү?

-Байсан. Компани маань боломжтой байсан бол ажилчдаа эртхэн л үзлэг шинжилгээнд оруулдаг байж дээ гэж харамсаад байгаа. Гэхдээ бас нэг зүйл бий. Талийгаач 2016 онд эход харуулсан байгаа юм. Тэр үед үзсэн эмч картан дээр нь анагаахын хэлээр өвчнийх нь анхны шинж тэмдгийг бичсэн байдаг. Бид сүүлд эмнэлгээр явж байхад эмч харж хэлсэн. “Уг нь ийм эрт өвчний шинж тэмдгийг бичсэн байна шүү дээ. Тэр үеэс нарийн эмчилсэн бол өөр байх байсан” гэсэн. Бид чинь яахав, боловсрол муутай хүмүүс. Эмнэлгийн хэл, бичгийг сайн мэдэхгүй шүү дээ. Найзаасаа лавлаж асуухад “Тэр үед эмч нэг их зүйл хэлээгүй. Зүгээр байна” гэсэн гэдэг. Уг нь тэр үед л анхааруулж хэлээд өгсөн бол өнөөдөр найз маань амьд байх байсан ч юм бил үү. Гэхдээ тэр эмчийг буруутгаад яах вэ, ажлын ачаалал их байгаад хэлж амжаагүй ч юм бил үү.

-Хүнд онош сонсож өвчинтэйгөө тэмцэж байгаа хүнтэй хамт байж эрүүл болгохын төлөө хичээж байх үед аль, алинд нь хэцүү байсан байх?

-Эмч нар талийгаачид хэлэхгүйгээр, ар гэрт нь, надад хэлдэг байсан. “Найдваргүй болсон байна шүү. Одоо өөрөөр нь л байлга” гэдэг. Найз маань бол бидэнд “Санаа зоволтгүй. Удахгүй эдгэрнэ” гээд л чадлаараа хичээсэн дээ. Хүндхэн саруудыг өнгөрөөсөн.

-Таныг найзыгаа аваад явж байхад талийгаач юу гэж хэлдэг байв. Талархаж байв уу?

-Тэгэлгүй яахав. Талийгаач өөрөөр их хүн чанартай залуу. “Хөгшин нь удахгүй эдгэрчихнэ. Чи жолоочоо өөр хүнээр түр аргалж байгаарай” гээд л ажилдаа санаа зовсон хүн байсан. Байнга хамт олон, ажлаа ярина. Бас намайг “Яах гэсэн юм бэ чи, дахин дахин ирээд хэрэггүй” гээд их нэрэлхүү.

-Хамт олон нь ч их тусалсан гэсэн үү?

-Манай хамт олон боломжоороо тусалсан. Компанийн зүгээс хоёр удаа тэтгэмж өгсөн, хамт олны зүгээс ч бас мөнгөө нийлүүлээд эмчилгээндээ хэрэглээрэй гэж өгсөн.

-Ар гэрийнхэн нь тантай уулзсан уу. Юу гэх юм?

-Хүнээ алдаад удаагүй байгаа болохоор тухтай уулзах боломж гараагүй л байна. Зэд хүргэж ирэхдээ эхнэр нь “Баярлалаа” гэж байсан. Охинд нь л хэцүү байгаа бололтой, уйлаад л байсан.

-Талийгаачийнх танай компаниас хөнгөлөлттэй нөхцөлөөр байр авчихсан байсан гэж дуулсан?

-Манайх ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарахыг зорьж ирсэн. Үндсэн 25 ажилчинтай. Тэдний багагүй хувийнх нь нийгмийн асуудлыг шийдсэн. Манайх барилгын “Титэм-Өлзий” компанитай хамтарч ажилласан юм. Манайхаас барилгын материал авч, хөлсөнд нь байрны бартер хийсэн. Тэгээд үр бүтээлтэй олон жил ажилласан дөрвөн ажилчнаа хөнгөлөлттэй нөхцлөөр оруулсан хэрэг. Тэгж байртай болсон айлын нэг нь талийгаачийнх. Тэднийх анх Дарь-Эхэд амьдардаг байсан. Ажил маань Био комбинатад болохоор холдоод байна гээд 21 дүгээр хорооллын нийтийн байранд нүүж очсон. Тэр байр нь их онцгүй энергитэй газар. Тийм болохоор тэндээс нь холдуулж, байртай болгоё гэж шийдсэн. Байрны хувьд ажилчид нийт үнийн дүнгээс 30 хувийг компаниас хөнгөлж, үлдсэн 70 хувиа хүүгүйгээр цалингаасаа бага хувиар суутгуулах зарчимтай орсон.

-Одоо байрны төлбөрийн үлдэгдэлтэй байгаа байх нь ээ. Эхнэр, хүүхдүүд нь хэрхэх бол?

-Талийгаач цалингаасаа төлөөд л явдаг байсан. Тэднийх 58 метр квадраттай хоёр өрөө байр авсан. 30 хувийн урамшуулал гэж 25.9 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, 60.5 сая төгрөгийг хүүгүй төлөхөөр аман гэрээ хийгээд байсан. Өнгөрсөн хугацаанд 16.6 сая төгрөг төлсөн юм билээ. Одоо 43.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тиймээс бид хамт олноороо ярилцаж байгаад төлбөрөөс нь чөлөөлөхөөр шийдсэн. Эхнэр, хүүхдэд нь үлдэг гэж бодож байгаа.

-Сайхан мэдээ байна. Тэд баярлаж байгаа нь мэдээж?

-Одоохондоо албан ёсоор хэлээгүй байгаа. Талийгаачийн 49 хоног өнгөрөхөөр албан ёсоор мэдэгдэнэ гэж төлөвлөсөн байгаа. Гол нь ар гэрт амьдралаа авч явах гэрийн эзэн байхгүй болсон учраас эхнэр, хүүхдэд нь хэцүү байгаа. Эхнэр нь бие муутай хүн байдаг. Хоёр хүүхэд хоёул оюутан. Тиймээс тэдэнд зайлшгүй хөрөнгө болж үлдэх ёстой.

-Та байгууллагын нийгмийн хариуцлагыг юу гэж үздэг вэ?

-Ажилчин бол байгууллагын үнэтэй капитал. Тийм болохоор компани, ажилчин хамт хөгжих ёстой гэж боддог. Компани томроод байдаг, ажилчид нь хэцүү амьдраад байвал муухай биз дээ. Хэдийгээр би өндөр боловсролтой биш ч гэсэн хамт олноо удирдах урлагт суралцахыг хичээж явна. Ажилчдаа болж өгвөл халж солиод байхыг чухалчилдаггүй. Энэ явдлаас улбаалж цаашид ямар ч боломж нөхцөл тааруу байсан ч жилд нэг удаа заавал эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулж байх ёстой гэж хатуу бодох болсон.

-Танай хамт олон олуулаа болсоор байгаа гэсэн. Хамгийн удаан хэдэн жил ажиллаж байгаа хүн байна вэ?

-Үндсэн 25 хүнтэй гэж дээр хэлсэн дээ. Тэдгээр ажилчид маань бүгд компани байгуулагдах үеэс ажиллаж эхэлсэн хүмүүс. Алдахгүй хүн гэж байхгүй. Тэр бүрт захирал хүн уурлаж ундууцаж хашгичаад байхыг хүсдэггүй. Болж өгвөл залуусаа тогтвортой ажиллуулахыг хичээж явна.

-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

-Би унаган хотынх. 1968 онд Улаанбаатарт төрсөн. Зургадугаар ангиасаа ажил хийж эхэлсэн. Ажлын амтыг багаасаа мэдэрсэн гэсэн үг. Наймдугаар ангиа төгсөөд барилгын техник мэргэжлийн V сургуульд барилгын мужааны мэргэжлээр сурч төгссөн. 1987 онд цэрэгт явж ирээд Байшин үйлдвэрлэх комбинатад бетон арматураар ажилд орсон. Тэр үед үйлдвэр маань 24 цаг, гурван ээлжээр тасралтгүй ажилладаг нүсэр газар байлаа. Ах нь тэндээсээ гэр бүлээ зохиосон хүн.

-Ажлынхаа газрын эмэгтэйтэй суусан гэж үү?

-Тийм ээ. Эхнэр бид хоёр бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Даанч удалгүй зах зээлийн нийгэмд шилжиж үйлдвэр маань хаагдав. Тэгээд хоёул ажилгүй боллоо. Тэр үед хүмүүс хувиараа жижиг бизнес хийж эхэлж байна. Ээж маань Урт цагааны гутал засварт гуталчин хийдэг байлаа. Тэгээд шууд л ээжийгээ дагаад гутал засч эхэлсэн дээ. Гурван жил гутал заслаа. Ээжийнхээ тусламжтайгаар боломжийн орлоготой болов. Яг тэр үед хүмүүс Солонгос явдаг боллоо. Би ч явлаа. 1988 онд яваад 2000 онд ирж, хоёр өрөө байртай ч болов. Эхнэр маань Солонгосоос илүүчилж явуулдаг байсан мөнгөөр Хархорин зах дээр хөөрхөн наймаа эхлүүлчихсэн байсан. Одоо манайх дөрвөн хүүхэдтэй. Компаниа байгуулаад хөл дээр зогсоох хүртэл эхнэр Р.Энхжаргал маань надад маш их түшиг болсон доо.

-Аав ээж тань аль нутгийн хүмүүс вэ?

-Аав маань Булган аймгийн Хангал сумын хүн. Улсын аварга Б.Түдвэндоржийн ууган хүү. Улсын баяр наадамд долоо түрүүлж, хоёр удаа үзүүрлэн, 17 удаа шөвгөрсөн их аваргын ач хүү нь би. “Био Эргэл хайрхан” компанийн нэр ч өвөө аавтай холбоотой. Өвөө аавын 90 насны ойн баяраар нутагтаа очоод нэг буурайтай хуучилж суухад надад хэлсэн юм. “Өвөө аав чинь Эргэл хайрханы өвөрт төрсөн. Бид энэ уулын энгэрт тоглож өссөн хүүхдүүд” гэж. Эргэл хайрхан уулыг зааж байлаа. Хангал сумынхан Эргэл хайрхан ууландаа мөргөж шүтдэг. Тиймээс өвөө аавынхаа төрж өссөн хайрхны нэрээр компаниа нэрлэсэн учиртай.

-За танд амжилт хүсье. Сайн үйлс дэлгэрэх болтугай?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Бас найзынхаа ээжид талархсанаа илэрхийлье. Талийгаачийг манайхан “Амгаа ах аа л” гэдэг. Манайх олонх нь залуус. Тиймээс найзынхаа дүү нарынх нь өмнөөс ч бас баярлаж байгаагаа уламжилъя.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *