Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт нэг, Дархан-Уул аймагт гурван хүн усанд осолджээ

Үргэлжилсэн борооны улмаас гол мөрний түвшин нэмэгдэж, усанд осолдох иргэдийн тоо нэмэгдэх болсон байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Гүн нуурын усанд Дорноговь аймгийн харьяат 36 настай Г нь энэ сарын 17-ны өдрийн 20.50 цагт осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч 21.45 цагт очиж Усчин-Аврагч, ахлах ахлагч Э.Давхарбаяр дөрвөн метрийн гүнд нэг удаагийн шумбалтаар 37 минут ажиллаж, осолдсон иргэний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн юм байна.

Мөн энэ сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон голд 20-21 насны 3 залуу усанд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Модон бирваз” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 29 км-т/ “Орхон” голын усанд /2019.06.17/ хоёр иргэн осолджээ. Ослын тухай дуудлагыг тухайн өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 29 км зам туулан 11:05 цагт очиход Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/-ын цогцсыг иргэд гаргасан байсан аж. Онцгойгийн алба хаагчид тус сумын харъяат иргэн Г /21 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас 700 м-ийн зайнаас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 аймгийн 8 сум, нийслэлийн 1 дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, гурав нь хүүхэд байгаа юм. Түүнчлэн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.

Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *