Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгоход нийцүүлэн өргөтгөх ажил эхэллээ

Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх шийдвэр гарсны дагуу өнөөдрөөс эхлэн авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил эхэллээ. Одоо байгаа хоёр эгнээ авто замыг дөрвөн эгнээ болгоход нийцүүлэн өргөтгөж, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийх юм.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх замын зураг төсөл хийгдэж дуусаад компаниуд хоорондоо гэрээгээ байгуулаад бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Нэгж техникүүд замдаа гарчихсан. 2019 оны арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд замыг ашиглалтад оруулах үүрэг даалгавартай. Хугацаа богино байна. Тиймээс хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглана. Хамгийн сүүлийн үеийн технологи гэдэг нь энэ зам дээр 3-4 бутлах машин /реказл/ ажиллаж байгаа юм. Хуучин замыг газар дээр нь бутлаад, эргүүлж боловсруулаад дэвсдэг технологи. Тийм учраас хугацаандаа ашиглалтад орно гэж тооцож байгаа. Хуучин 2 эгнээ замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын санхүүжилт нь 60 сая ам.доллар. Үүний 58.5 сая нь Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл, 1.5 сая доллар нь буцалтгүй тусламж. Харин шинээр нэмж барих хоёр эгнээ зам нь Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэнэ. Эхний шалгаруулалт 6 дугаар сарын 15-нд болсон. Дараагийн шалгаруулалт 8 дугаар сарын 15-нд явагдана. Үндсэн ажил 9 дүгээр сард эхэлнэ. Хойтон жил буюу 2020 онд наадмаас өмнө дөрвөн эгнээ замыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *