Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Бурхан урлаачийн эгэл ахуй DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2019 оны зургадугаар сарын 10-ны дугаарын  “Танайд өнжье” буланд  нийтлэгдсэн “Бурхан урлаачийн эгэл ахуй” нийтлэлийг дахин хүргэж байна.

Уг нийтлэлийг сэтгүүлч Ц.Баасансүрэн бичиж байв.


Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбатынд өнжихөөр Аглаг бүтээлийн хийдийг зорилоо. Бямба гариг, хорин хэм давсан дулаахан өдөр болоод ч тэр үү, хийдийн зогсоолд элдэв маркийн машин, том, жижиг автобусууд зайгүй шахам эгнэжээ. Тусгайлан зассан чулуун шатаар дээш өгсөж явсаар гол сүмийн наахна байрлах оройдоо мөнгөлөг бөмбөлөгтэй модон байрны дэргэд ирлээ. Энэ байшингийн хоёр давхрын жижиг өрөөнд бурханч лам амьдардаг юм байна. Халуунд өгсүүр газраар мацсаар ирсэн бидэнд сэрүү татсан өрөө таатай, аятай гэж. Өрөөний баруун хойд хэсэгт шаргал бүтээлэг бүхий матрас харагдана. Орны наахна дүүрэн номтой бичгийн ширээ, ширээ тойруулаад хэдэн олбог тавьжээ. Хоёр ханандаа ном, судар, бурхад, баримал эгнүүлсэн томоо шүүгээтэй, хоймор хэсэгтээ 36 инчийн телевизортой энэ даруухан өрөөнд хүний хэрэглэж болох бүх л зүйл байна. Баруун хананы урд хэсэгт плитка, цөөхөн сав суулга өрсөн эргэнэг харагдана. Гал тогооны хэсгийн буланг ашиглаж байрлуулсан угаалтуурыг харсан хэн ч ухаалаг, минималист шийдэл гэхээр.

Мэнд ус мэдэлцсэн хойно Пүрэвбат лам “Идээ амс” гээд бичгийн ширээнийхээ хойно очир завлигаагаар суув. Хуучин цагийн бололтой хээ угалз бүхий томоос том мөнгөн цар тавагтай чихэрнээс амтлангаа яриагаа эхлүүллээ. Удам судар, намтар, хийд барьсан газрын үүх түүхийг сонирхоход “Би Борнуурын хүн. Өвөг дээдсийн нутаг гэвэл Батсүмбэр, Баян-Өнжүүл гэж ярина. Аав, ээж минь малчид. Сумандаа наймдугаар ангиа төгсөж, Дүрслэх урлагийн сургуулийг монгол зургийн мэргэжлээр дүүргээд бие даасан уран бүтээлчээр хоёр, гурван жил ажилласан хойноо хүндэт харуулын цэргийн алба хаасан.

Алба хаасныхаа дараа Шашны их сургуульд суралцсан юм. Монгол зургийн мэргэжил хөөхөөр шашны урлаг судлахаас аргагүй болсон. Хоёр сайхан багштай байлаа. Нэг нь Булганы Дайчин вангийн хүрээнд шавилж байсан Данзан гэж хүн. Нөгөө нь Архангай аймгийн Тарваченбуулин хийдэд шавилж явсан. 1990 онд Энэтхэг явж хоёр жил хагас ном үзээд Монголдоо ирж шашны урлагийн сургууль байгуулсан. Сүүлдээ Гандангийн шашны сургуулийн нэг тэнхим болсон. Сургууль, соёлоо шавь нартаа, Гандан хийддээ өгчихөөд наашаа ирсэн дээ. Энэ миний хонь хариулж явсан нутаг. Сайхан хийд байгуулъя гэж зүтгэсэн. Өргөжөөд аятайхан болж байна. Бараг гурван километр алхаж байж юмаа үзэж дуусах хэмжээтэй болж дээ. Уулын мөргөлийн зам 67 чулуун бурхантай. Километр хагас газар явна шүү. Бурхдын хамгийн том нь 10 метр, бага нь гэхэд л таван метрээс дээш. Дөрөв, таван сүмтэй боллоо. Зарим нь ашиглалтад орсон” гээд инээвхийлэв. Чулуун бурхадаа өвөл бүтээдэг гэнэ. “Өвөл хүйтэн биш үү” гэж лавлахад “Манай энд чинь өвөл өнтэй сайхан. Цас хамгийн түрүүнд хайлна. Цагаан сараар, шинийн найманд эрвээхэй амилаад нисч байсан удаатай” гэж байна.


Бурханч ламын бичгийн ширээн дээрх давхарлаж өрсөн өнгөлөг гоёмсог хавтастай томоо номнууд хэний ч хараанд өртөхөөр содон юм. Сонирхож байгааг анзаарсан бололтой хамгийн дээд талын номыг нь өмнөө тавьж дэлгээд “Урлагийн сургууль үүсгэсэн учраас шашны урлах ухааны онолын номнууд бүтээх гарцаагүй шаардлага үүссэн юм. Хүүхдүүдийг сургахад суурь онолыг нь бэлдэж өгөхөөс аргагүй. Одоогоор 10 ботийн ард гарлаа. Цаашдаа 40 гаруй боть ном бүтээж хойчдоо үлдээнэ. Их Монголын суварга гэж номоор эхэлсэн. Сүүлийн үед суварга олноор байгуулах болж. Буруу зөв хийгээд байхаар нь онолыг нь хийж өгье гээд ном бүтээлээ. Түүнээс хойш суварга арай цэгцэрсэн шүү. Дараа нь урлах ухааны үндсэн мэдэгдэхүүн гээд хоёр боть ном бичлээ. Ерөөсөө л шашны урлаг. Энэ сайхан соёлыг тайлж унших гарын авлага гэсэн үг. Цагаан толгойн 35 үсгийг цээжилчихсэн байхад үсэг холбоод ном уншдаг даа. Яг тэрэнтэй адил энэ хоёр ботийг сөхөөд харчихсан хүн ямар ч сүм хийдийн урлаг соёл, бурхан шүтээнийг хараад уншина. Дараагийн гурван боть нь Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний онол. Монголын бурхад маш зөв бүтээгдэх суурь болсон. Мөн мал, амьтдыг хувь хэмжээний онолд орууллаа. Өмнө нь огт хийгдэж байгаагүй ажил. Бүх амьтдыг аймаглаж, ангилж хийсэн дээ. Хамгийн сүүлд нь байгалийг дүрслэн бүтээх уламжлалын талаар хоёр боть ном гаргалаа. Цааших ботиуд хот мандал, хээ угалз, цам гэх мэтээр үргэлжилнэ. Дандаа бүтээл талаас нь хийнэ” хэмээлээ.

Бурханч ламын нам дуугаар хүүрнэх яриаг хаалга нээгдэх чимээ таслав. Настай ээжийгээ дагуулсан эмэгтэй зөвшөөрөл хүссээр орж ирлээ. Өндөр гэгээний төрсөн буйрны хажууханд мэндэлсэн буурай зорьж зүтгэсээр Аглагийн хийдэд иржээ. 91 настай энэ буурлыг Ч.Дулам гэдэг аж. Охин нь “Ээж маань ийм сайхан бурхан, хийд бүтээсэн хүнтэй уулзаж адис аваад гаръя гэж хүссэн юм аа. Тэгээд л дагуулаад ороод ирлээ” гэхэд Пүрэвбат лам суудлаасаа шалавхийн өндийв. Бурханч лам Ч.Дулам буурайтай золгож, хийдийнхээ англи, монгол хэл дээрх танилцуулга номыг дурсгав. Зорьсноо биелүүлсэн настан “Ямар сайхан хийд орон бэ гэж шагшсаар явлаа, эмээ нь. Амралтанд явмааргүй юм байна. Хүүхдүүдийн цаг зав олдвол ийшээгээ л ирж байя. Хүн хөгшрөхөөр хүүхдийнхээ эрхэнд орох юм байна шүү” гэж инээмсэглэн хэлээд охиндоо хөтлүүлэн гарч одлоо. Аглагийн хийдэд зорьж ирсэн иргэдээс Бурханч ламтай уулзаж адис авахаар хаалгыг нь тогшдог хүн цөөнгүй гэнэ.

“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-той харьцуулбал хэмжээгээрээ нэлээд том, зузаанаараа ч дагуулахааргүй нүсэр ботиудыг бичихэд эртний Энэтхэгийн Ведийн шастируудаас эхлээд Ганжуур, Данжуур, төвд хэл дээрх ном, судруудыг эх сурвалж болгон ашиглажээ. “Хот мандалын тухай тусгай боть гаргана гэлээ. Яг ямар учиртай ном бэ” гэж тодруулахад “Хот мандал нь бүр гайхамшигтай. Уран барилга шүү дээ. Уран барилгын суурь, ертөнцийн суурь. 300 гаруй хот мандалтай ном гарна. Сүүлийн үед номон дээрээ анхаарч сууна” гэж хэлээд давхарлаж өрсөн ботиудаас дахин нэгийг сугалан авч дэлгэлээ. Бурхадын хувь хэмжээний онолын номны зургийг сонирхонгоо сонин сайхныг нь сонсч баахан суув. Номын хууч дэлгэхдээ харц нь гэрэлтэх бурханч лам “Бурхадын хувь хэмжээний тигийн онол их сонирхолтой. Бурханы бие хүний биетэй л адил. Энэ онол дээр суурилаад хүний биеэс нэг алганы буюу нэг төөгийн хэмжээ авахад л хориод минутын дотор тухайн хүний өндөр өргөн, хөл гарын тойрог, нүдний хар цагаан, дотор эрхтний хэмжээг хүртэл гаргаж ирж болно. Хамгийн гайхамшигтай нь юу ч зөрөхгүй. Энэ онолыг үзээд амьтад дээр ямар байдаг бол гэж туршсан. Мал, амьтдыг ингэж хувь хэмжээнд оруулсан түүх бараг үгүй. Жишээ нь, сайн морьдын хэмжээг Данжуурт номлосон байна. Хамгийн гайхалтай нь онолын дагуу ингэж тооцоод үзэхээр хэвэнд орж байгаа юм шиг таардаг” гэж байна. Бурхадын хувь хэмжээний онолын тухай энэ мэт чих сортойлгож, гайхал төрүүлэх өчнөөн сонин сайхан сонслоо. Сонссон бүхнээ буулгана гэвэл сонины зай талбай хүрэлцэхгүйгээс гадна ухаж, энгийнчилж бичихэд үг дутахаар юм.

Байгалийг дүрслэн бүтээх уламжлалыг хүүрнэсэн ботийг нь сонирхож харлаа. Нар, сар, үүлийг өчнөөн янзаар зуржээ. Пүрэвбат лам “Монголчуудын уламжлалд нарыг 140 гаруй шинжээр шинжсэн байдаг. Сар гэхэд л 84 янз байх жишээний. Үүл бас гайхамшигтай олон янз” хэмээн сонирхуулав. Нар, сар, үүл, цэцэгс гээд энэ номонд багтсан зургуудыг бүгдийг нь өөрөө зуржээ. Бурханч лам номын хуудас эргүүлж, зургуудаа сонирхуулангаа “Хамгийн сайн ажиллагаануудаа цуглуулаад оруулчихаар маш гайхамшигтай өвөрмөц уусал гарч ирэх жишээний. Төвд, Хятад, Бутанаас тэс өөр. Ийм ондоо зүйлийг олж онолын үндэслэлийг нь гаргаад тавьчихлаа. Уул хад, мод, од гараг эрхсийг хүртэл шинжсэн өчнөөн номыг хуучин монгол хэлээр сударлаж эмхэтгэж, орчуулсан байдаг юм. Урлагийн хүн болохоор сонирхож, шинжиж цуглуулсан” гэж ярилаа.

Сэтгэлийн мөн чанар гадна биеийг бүтээдэг, хүнийг дуу авиа, явдал, хоол идэж буй байдлаар нь хүртэл шинжиж болдог, Монголын бурханы шашны урлаг өнгөний уламжлалаараа бусад улсаас тод ялгардаг гэх мэт буддизм тойрсон сонин хачин, ном судруудынх нь гүн рүү өнгийсөн амттай яриа удаан өрнөв. Бурханч лам “Өндөр гэгээнийг би гайхдаг. Буддын шашны өчнөөн зураг, баримал үзэж судаллаа. Өндөр гэгээний бүтээсэн ямар ч бурханы бие бурханы айлдсан хувь хэмжээгээр байна. Тэр хэмжээгээр шалгахад уруулын товгор нь хүртэл зөрдөггүй. Баримлаар хувь хэмжээ алдахгүй яаж ингэж мундаг хийдэг юм, гайхаж шагшмаар. Энэ бол хувилгаан урлаг. Төвд, Бутанд яг ийм бурхан байна уу гэж шалгахаар байдаггүй. Тэгэхээр дэлхийд байхгүй л зүйл байгаа юм. Сэтгэл ариусахаар гоо сайхны оргилд хүрдэг. Гоо сайхны энэ оргилыг өндөр гэгээн урлачихсан. Гайхуулж магтсандаа хэлээд байгаа хэрэг биш л дээ. Онолоор батлагдсан зүйл” гэж өндөр гэгээн Занабазарын тухай яриа дэлгэв. Пүрэвбат ламын ярианаас өөрсдийгөө ойлгож, ухаж, судалж, гаргаж ирэх хэрэгтэй гэсэн үг содон сонсогдож байсан юм.

Бурханч лам Японы эрдэмтэн Шунзо Онодогийн уучлал хүссэн нэг захидлыг сонирхуулав. Олон жилийн өмнө Бурханы шашны нэг хурал болж л дээ. Бурханы шашин нь Түвдээс үүсэл, угшилтай улсууд гэсэн агуулга бүхий нэртэй хурал байж. Пүрэвбат лам Ричард Гирийн дараа хамгийн сүүлийн илтгэлийг тавихдаа Монголын бурханы шашин Түвдийн салбар шашин төдий биш гэдгийг баталсан гэнэ. Бурханч лам завилгаагаа засч суунгаа “Илтгэлээ Монголын уран барилгаас эхэллээ. Өвөр Монгол, Буриад, Халимаг, Монголд байсан том хийдүүд, гайхамшигтай уран барилгын төрлүүдийг сонирхуулсан. Өндөр гэгээний зохиосон сац хэлбэрийн бат цагаан уран барилгын хэлбэр, гэр дуганын хэлбэрүүд гээд ярилаа даа. Хаана ч байхгүй, Монголд л үүссэн хэлбэрүүд. Балданбэрээвэн хийдийн фото энэ тэр сүртэй шүү дээ. Янзын сайхан. Ингээд ярихаар халимаг, буриад, өвөр монголчууд юу дуугарах юм. Ар халхад гэхэд 1200 гаруй сүм хийд байсан. Өвөр Монголд Диваажингийн сүмээс эхлээд бараг 1800 гаруй сүм хийд. Дараа нь бичиг үсэг ярилаа. Монголчууд уйгаржин, соёмбо, тод, дөрвөлжин гээд өчнөөн олон үсэг зохиосон, хуульчилсан, төрийн хэмжээнд хүртэл ашиглаж явсан. Ганжуур, данжуурыг эх хэлнээ хөрвүүлсэн цөөхөн улсын нэг. Тэгээд хувцасны соёл ярилаа. Хүннү, Юань улсын үед хувцсыг хуульчилж байсан түүхтэй. Наймдугаар богдын үед хувилгаад, лам нар нь төрийн ажил хийгээд эхлэнгүүт төрийн алба хааж байгаа лам нарыг хувцсаар нь дэслэх, хувцсыг хуульчлах шаардлага үүсч байсан. Тэр хурал дээр би монгол лам нарын хувцсыг фотогоор баталж харуулсан юм. Монгол лам нарын жанч бол монголчуудын ихэс дээдсийн хувцас. Юань улс Пагва ламыг төрийн багш болгохдоо ямбаны хувцас өмсөх эрх өгсөн. Энэ нь яваандаа магнаг жанч болж, сүүлд Ширээтийн нөмрөг болсон. Гарал нь монгол гэсэн үг. Тэгэхээр бид юмаа мэдмээр байгаа биз. Өндөр гэгээний бурханыг тигэнд оруулж үзүүлээд, тигэнд ингэж таарсан төгс бурхан байвал гаргаад ирж болно шүү гэлээ. Гарч ирэхгүйг мэдэж байгаа учраас тэгж хэлсэн юм. Тэр хуралд 40 орчим хувилгаан оролцож байсан. Миний илтгэлийн дараа бүгд гайхаж, хамгийн түрүүнд сонсох лекц байж гэцгээсэн л дээ. Өвөр Монгол, дээд Монголыг тэр аяар нь гартаа хийж байгаад, Буриад, Халимаг, Тувад нь хөл тавьж байгаад ярьчихаар хэцүү биз дээ. Энэ том соёлыг, нүдний өмнө бэлээхэн байсаар атал яаж үгүйсгэх билээ” гэж ярив.

Бурханч лам лекцээ тавьсны дараа ийм нэр дор хуралд оролцох боломжгүй гэдгээ дуулгаж. Бутан зэрэг бусад улсын эрдэмтэд ч манай илтгэгчийн дараа өөрсдийнхөө шашны урлагийг Түвдээс онцлогтой гэсэн асуудал тавьцгаасан гэнэ. Улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан зохион байгуулагчид нь яаралтай завсарлага авч хуралдсаны эцэст хурлынхаа нэрийг “Ази дахь бурханы шашны урлагийн төрөл зүйлүүд-Түвд, Монгол, Бутан” болгон өөрчилсөн юм байна. Хурлын үеэр япончууд “Монголынх бие даасан өөрийн онцлогтой гэдгийг тайзан дээр батал” гэцгээж. Хариуд нь Пүрэвбат лам “Та нар бичиг үсгээ Хятадын ханз биш гэдгийг баталж чадах уу” гэж асуужээ. Бурханч лам “Өөрийн гэсэн хэлтэй, соёлтой, төрт ёстой ард түмэн байхад үндэсний уламжлал урлагт нь тэгж хандаж харж болохгүй л дээ. Дээрэлхэж байгаа л хэрэг” гэж хэлээд өмнөө дэлгэсэн ботиудаа цэгцэлж өрлөө. Бидний яриа энэ хүрээд түр завсарласан юм.

Бурханч лам суудлаасаа өндийн босч цонхоор харж хэсэг зогсов. Тэгснээ утсаараа хэн нэгэн рүү залган “Зогсоол хавиар хүмүүс мод руу их ороод байх шиг байна. Анхаардаг юм уу” гэж хэлээд бидэн рүү эргэн харж “Ногоон дээр гишгэлээд байвал байгаль амархан сүйднэ. Байгалиар нь байлгавал сайхан шүү дээ. Энэ жил сүмийнхээ үүдэн хэсэгт жимсний 1500 мод тарилаа. Олон төрлийн жимсний мод бий. Хоёр хүн услахад өглөөнөөс орой хүртэл явж байж усалж барах юм билээ. Хайран модод үхчихэж магадгүй гэж болгоомжлоод услалтын систем тавьсан” гээд инээвхийлэв.

Пүрэвбат ламын шинэ өдөр үүрийн таван цагаас эхэлдэг гэнэ. Орой ажил ихтэй бол 12 өнгөрөөж амардаг аж. 108 мөргөдөг, тарнийн бясалгал хийдэг юм байна. Шашны сургуульд багшилж байхдаа шавь нартайгаа 1000, бүр ихдээ 3000 удаа мөргөдөг байснаа ярив. “Мөргөхөд цус бүтэн гүйдэг учраас цусанд буусан хор гадагшилдаг. Хөдөлгөөний хязгаарлалтаас болж биед үүсэх гэм арилна. Судас шөрмөс хатуурах, нарийсах гэх мэтийг задалж уярааж өгнө. Дээрээс нь арван цагаан буяныг бүтээж, арван хар нүглийг хорьж мөргөж байгаа учраас эерэг нөлөө нь их” гэж байна.

Бурханч лам бичгийн ширээ рүүгээ буцаж, өнөө л очир завлигаагаараа суунгаа “Ганцхан өдрөө л эмхэлчих юм бол ажил их сайн явна. Манайхан их ном үзээд, нэгмөсөн агуйд суугаад гоё болно гэж ойлгодог. Тийм биш л дээ. Өглөө босоод хийж буй бүх үйлээ номтой барилдуулах хэрэгтэй. Ертөнцийн илүү дутуу хов жив гэх мэт хэрэггүй үйлд биш, хэрэгтэй үйлд цагаа зориулахад л сайн сайхан аж төрөх боломжтой” гэж зөвлөлөө. “Та хамгийн удаандаа хэдэн өдрийн мацаг барьдаг вэ” гэж асуухад “Арван хоног мацагладаг. Нэг, гурав хоног мацаглах нь ч бий. Мацгийг шинийн найман, 15, битүүнд гээд сард гурав барьчих хэрэгтэй. Бараг долоо хоногт нэг мацаг таарч байгаа биз. Долоон өдрийн турш хоолноос хуримтлагдсан муу хорыг цэвэрлэнэ гэсэн үг. Сая онцолсон өдрүүдийн хувьд хүчтэй нөлөөтэй. Жишээ нь, шинийн 15-нд сар их ойртдог. Далайн түрэлт татлага явагдаж байдаг. Хүний бие байгалиасаа хамгийн сайн цэвэрлэгддэг гэж ойлгож болно. Урсгал сөрөх биш, урсгалыг нь дагуулаад бохир муугаа гаргаад хаячихаж байгаа хэрэг” гэсэн хариу өгөв.

Бясалгах үед хэрхэн завилж суух тухай сонирхмоор санагдаад лавлатал “Нуруу цэх, гэхдээ хэт хүчилж цэхлэх хэрэггүй. Тонгойвол нойр хүрнэ, гэдийвэл атгаг төрнө. Завилахдаа чадах хэрээрээ л суу. Болж өгвөл очир завилгаа хийх хэрэгтэй. Баруун гарын алгаа зүүн гарын алган дээр тавьж, эрхий хуруугаа өндгөөр нь нийлүүлж, хүйснийхээ доор шахасхийж байрлуулах учиртай. Харцаа хамрынхаа үзүүрт буулгаж хэлнийхээ үзүүрийг тагнайд хүргэсхийн суллахад л болно” гэлээ.

Түүхэн, зөгнөлт кино үзмээр санагдвал хойморт байрлуулсан зурагтаа хааяа нэг асаадаг, өглөө багахан, өдөр, орой мөн л нэг их биш хэмжээтэйгээр хооллодог гэнэ. Лам дээлнээс өөр хувцас өмсч үзээгүй аж. “Дээлээ цоортол нь өмсөнө дөө харин ч нэг” гээд хөгжилтэй инээв. Бурханч лам дөрвөн номын сантай юм байна. Ном бичихдээ ашигладаг эх сурвалжууд нь жилийн ихэнхийг өнгөрөөдөг энэ жижигхэн даруухан өрөөнийх нь хоёр ханыг дүүргэжээ. Сүмийнх нь дээд талд ойр зуур ашигладаг номуудаас бүрдсэн номын сан байгаа юм байна.

Пүрэвбат лам биднийг дагуулан хийдийн ойр хавийг сонирхуулах зуураа “Гол номын сан маань нийслэлд бий. Борнуур сумын хийдэд хүүхдүүдэд зориулж номын сан нээж өгсөн. Жил бүр ном нэмж өгч байгаа” хэмээн сонирхуулав. Бид нахиа цэцгээ хэдийнэ дэлгэсэн жимсний модод, үржүүлсээр хорь гаруйд хүрсэн зэрлэг гахай, хаа сайгүй дэгдэх туулайнуудыг сонирхон харж, зай завсаргүй хөлхөх хүмүүсийн дундуур явсаар бурханч ламын амьдардаг байрны урдхан байрлах Өндөр гэгээний сүмийг сонирхлоо. Манзушир хутагт Цэрэндорж, Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Өндөр гэгээний хөрөг тэргүүтнийг хана тойруулан залсан гэр дугана сэрүүхэн тохитой гэж жигтэйхэн юм. Гэр дуганы ханыг чимсэн хувилгаадын зураг бурханч ламын бүтээл ажээ. Хурал хурах ширээ, сандал, хурал даган баясан хүмүүсийн суух сандал гэх мэт цөөн эд хогшилтой, цомхон цэмцгэр энэ сүмийн халаалтыг цахилгаанаар шийджээ. Ер нь Аглагийн хийдийн бүх байгууламж цахилгаан халаалттай юм байна. Хийдэд бүтээж босгосон бүхэнд зарсан мөнгийг гадны ямар ч хүнээс босгоогүй, Пүрэвбат лам шавь нартайгаа нийлж босгожээ.

Өндөр гэгээний сүмээс гарч ой мод, хад чулуун дунд ихэмсэг сүглийх бурхадын хөшөөг зорьж алхлаа. Бурханч лам ууланд арц тарьснаа сонирхуулав. Овоо ургаж байгаа гэнэ. Тээр дээр хадны орой дээр харагдах сүмийг хэрхэн барьсныг сонирхоход “Барьчихаад аваад шидчихсэн юм” гэж хошигнов. 24 метр өндөрт барьсан энэ сүмийг “Алтан сүм” гэдэг аж. Найман талт алтан өнгөлгөөт сүм юм байна. Аглаг бүтээлийн хийдийн танилцуулгад “Энд бурхан багшийн ринсрэл болон нийт 77 боди сэтгэлтэн, архад, ихэс, хутагт нарын шарилын ринсэл залагдана” гэж тодотгожээ.

Пүрэвбат лам хөгжилтэй инээснээ “Хүмүүс энэ том бурхдыг чулуун дээр яаж сийлж бүтээсэн байна аа гэж гайхдаг юм. Хариуд нь би шавраар сийлчихээд үлээчихдэг, тэгэхээр чулуу болчихдог гэхээр зарим нь бүр үнэмшинэ шүү дээ” гэж байна. Биднийг бурхан багшийн нирваан дүр үзүүлж буй агшныг урлаж бүтээсэн 10 метр урттай аварга чулуун бурханы дэргэд очиход цаанаас хэсэг хүн дуу шуутай ирж таарав. Завханы Баянтэсээс зорьж ирсэн нэг ангийнхан гэнэ. Эхэлж таарсан бор царай, дундаж нуруутай хүн “Ямар азтай тохиолдол вэ. Бид арваа төгссөний 40 жилийн ойгоо тэмдэглэж яваа юм. Хийморьтой байна шүү. Пүрэвбат ламаасаа адис авна аа” гэж дуу алдахад ангийнхан нь дуу нийлүүлэн бурханч ламыг тойрч бүчив. Тэнд хэсэг саатаад цаашиллаа. Дээш хартал аварга том Янжинлхам бурхан цайран үзэгдэх нь цаанаа л гоёмсог, ихэмсэг харагдана. 1960-аад оны үед амьдарч байсан Цагаан даяанчийн самадид орсон лагшин шүтээнийг залсан сүм Аглаг бүтээлийн хийдэд байна.

Ер нь энд олны хөл татарна гэж үгүй юм. Биднийг хийдэд өнжих хэдэн цагт лав олны хөл тасраагүй. Аглагийн хийдийг зорьж ирсэн хүмүүс “Түгжрээнээс зугтаад иртэл явганаар түгжирчихлээ” гэж хошигнодог гэнэ. Том том мана чулуу эгнүүлж тавьсан хэсгийн чулуун замыг барихад их хүч, хөлс зарсан нь илт харагдана. Газраас өчнөөн метр өндөрт чулуу шигтгэж барьсан энэ замд орсон чулуунуудыг тээр дороос гараар зөөжээ. Тусгайлж зассан чулуун замаар алхангаа бурханч ламын урласан бурхдыг бахдан сонирхох зуур байсхийгээд таарах шар цэцгийг мянган уулын шүүдэргэнэ хэмээн нэрийддэг юм байна. Эмчилгээний чанар нь өндөр гэж яригдах болсон энэ цэцэг сүүлийн үед Аглагийн хийд орчим ихээр ургах болжээ.

Мэгжид Жанрайсиг бурханыг шүншиглэх, IX Богдыг занданшуулах, Д.Сүхбаатар, Х. Чойбалсан нарын шарилыг Төрийн ордноос зөөж оршуулах, Монгол төрийн шүтээн есөн хөлт цагаан тугийг амилуулах зэрэгт гар бие оролцсон бурханч ламтай хууч хөөрсөн хугас өдрийн төгсгөлд Содон судлалын музей үзлээ. Олон эвэртэй хонь, өвөрмөц ургамлууд, зөгийн лаван сархиаг, чулуун солир, хүний биеэс гарсан чулуунаас эхлээд өнгө өнгөөр алагласан, өндөг шиг өөгүй том цагаан гээд элдэв янзын чулуу, таван биетэй нэг сүүлтэй загас, цагаан гөрөөс, ганц эвэртэй ямаа, цагаан тарвага гээд үзэх сонин ихтэй энэ үзмэрүүдийг шинээр ашиглалтад орох сүмд дэлгэх юм байна. Пүрэвбат ламын бүтээсэн Аглагийн хийд аль хэдийнэ олны зорих дуртай газар болсныг тэнд өнжих хугас өдөрт завсар зайгүй хөлхөх олны хөлөөс мэдэрлээ. Монголчуудаас гадна гадаадын жуулчид ч зорьж ирээд сонирхдог болж. Хожмын цагт монголчуудын бурханы шашны урлагт өөрийн гэсэн тод мөртэйг батлах дэлхийн хэмжээний соёлын том төв болж үлдэх Аглаг бүтээлийн хийдийн гол сүмийн урдхан булаг оргилон гарч иржээ. Булгийн дээр сүм бариад эхэлчихэж. Бурханч лам “Хийдийг маань зориод ирсэн олон түмэн ундаалж байг гээд сүм барьж эхэлсэн” хэмээн инээмсэглэн хэлсээр биднийг үдэв.

 

Сэтгүүлч Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

 

17 replies on “Бурхан урлаачийн эгэл ахуй DNN.mn”

AvatarЁстой нэг сайхан ном хийд бүтээсэн дээ.Хайран ч сайхан хүн минь.УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ .says:

Энэ хүний зураад байгаа бурхан гэгч нь ХУДАЛ бурхан, хиймэл шүтээн шүү дээ… Үнэхээр бурхан байсан бол,өөрийг нь зурж, дэлгэрүүлж байгаа хүнээ аврах ёстой, аварч чадсангүй дээ… Тиймээс будда бол худлаа бурхан гэдгийг мэдтүгэй.

энэ ерөнтөнцөд юм болгон хугацаатай ирдэг хэлж ярихаа зөв бодолтой бичмээр юм даа.

Хүн л юм чинь дээ.Ядаж бурхан болоочийн бүү хэмлэж бай.Бүтээсэн бүхэн нь үлдсэн

ЭМЭЭ гэсэн хүн гуай Бурхан шашны талаар үзэж судалчихаад юм бичнэ үү!!! Буддизмд аврал гэдэг төрөл дамжсан сүнс буюу намшийг аврах тухай ярьдаг. Бас тэр аврал хүнээс өөрөөс нь л ирдэг, хүн л өөрийгөө авардаг. Харин Бурхан яаж өөрийгөө аврах вэ гэдэг тэр арга зам, эрдмийг заадаг гэдэг.

Энэ сайхан хүнд Бурхад харамгүй тусалж, аварч байгаа. Өөрөө ч Бурхадаас тусыг, шимийг авах эрдмийг олон төрөлдөө сурч эзэмшсэн хүн. Одоо л жинхэнэ хэргийг нь гаргаж байгаа. Эгэл бид даана ч түүнийг мэдэж, мэдэрч чадахгүй л дээ.

Ийм сайхан юм бүтээчихээд та минь дэндүү эрт явчихлаа даа даанч харамсмаар юмаа бид бүхний бахархал та минь Бурханы орондоо эргэн төрөөрэй ум ма ни бад ми хум

Их номын эгэлтэй энэ хүмүүний хүссэн зорьсон нь биеллээ олсон лугаа,монгол хүмүүн бүр ухаарлын мөн чанарт хүрэх болтугай.

Хайран сайхан ер бусын хүн жанч халлаа.Ийм авьяаслаг төгс төгөлдөр хүн дахиж эх нутга,эх орондоо мөд төрх болтугай.Богино хугацаанд ихийг бүтээж эх орноо дэлхийд таниулсан хүмүүс хэр олон байдаг бол.Энэ хүний дахин давтагдашгүй бүтээлүүд дэлхийн чихийг дэлдийлгэж хоёр нүдийг нь бүлтийлгэх гайхамшигтай болоод дэлхийн улаан номонд бүртгэгдэх нь гарцаагүй.Засаг төр хэр үнэлж байсан болдоо

Энэ хүн шиг ийм олон сайхан бүтээлүүдийг хир баргийн хүн энэ насандаа хийж бүтээж барахгүй шүү. Тэр сайхан номнуудыг нь сургуульд нь үзүүлж харуулж заадаг бол сайн л хэрэг.

нэгэнт хүн болж төрөөд, хаднаас унаж нас нөхцөнө… гэдэг чинь хүний л үйл ш дээ. …. бурханы урлахуй ба өнгөрөөчийн зан үйлд монгол ёсонд зохих хэмжээний хувь нэмэр оруулсан явдалд талархан сайшааж байдаг… энх амгалангийн орондоо амгалан нойрсоорой… ум ма ни бад ми хум…

Хаднаас унасымуу, хаалгаа түгжих гэж байгаад унасымуу янз бүрээр яриад бх юм. Хавирга хугарсан төдийг эмчилж эдгээх л ёстой доо

Их зүйл хийсэн агуу хүн юмдаа.Агуу мэдлэг чадвартай хүн байждээ.ИЙМ ХҮН Монголд байхгүй шүү. Маш харамсалтай

Бурханы бүтээлээр арвин Аглаг бүтээлийн хийд нь очиж зочлоход бурханы урлаг, байгалийн сайхныг мэдэрдэг дээ. Ум ма ни бад ми хум.🙏🙏🙏

Бурхан минь ямар мундаг сайхан хүү вэ амжилт, эрч хүч, хамгийн сайхан бүхнийг хүсье Монголдоо гэр бүлдээ эргэж төрөөрөй ум ма ни бад ми хум

Aglag hiidru ger buleeree ochidog saihan gazar ulam saihan bolj bsiin daanch horwo hatuu yumdaa haramsaltai

Маш их бүтээл хийж хойч үедээ
Мундаг сургаал ном бичсэн байна
ум ма ни бад ми хум

Нэг юм бичихгүй бол болохгүй нь. Пүрэвбат ламын гол нүгэл нь Төрийн урдны урд орших Чингис хааны хөшөөний доор тухайн үеийн төр барьж байсан хүмүүсд Чингис хаан нь Богд Очирваань бурхны хойд дүр гэж итгүүлж Богд Очирваань бурхныг залсан явдал юм. Хожим драмын театрын найруурлагч Наранбаатарын найруулсан төрийн наадмын нээлт дээр Богд Очирвааны хувилгаан Чингис хаан гэж хуцаж байсан. Бас энэ Пүрэвбатаар толгойгоо эргүүлүүлсэн нэгэн бололтой. Бурхны шашин шүтсэн улсууд үгүйрэн сүйрдгийг өнөөгийн Төвд, 100 жилийн өмнөх Монголоор харж болно. Чингис хаанаараа оролдоод өөрөө талийгаач болчив уу даа. Угаасаа бурхан болох боломжгүй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *