Categories
мэдээ цаг-үе

Алдархааны дунд сургуулийг төгсөөд 50 дахь жилээ угтаж буй 8 “A” ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Завхан аймгийн Алдархаан сумын сургуулийн 1969 оны төгсөгчид оролцож байна. Завхан аймгийн Алдархаан сумын Улсын баатар, армийн генерал Батын Доржийн нэрэмжит есөн жилийн дунд сургуулийг 1969 онд төгссөн 8 “A” ангийнхан өнөөдөр 50 жилийнхээ ойг тэмдэглэхээр эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, Сүхбаатарын талбайд баяр хөөр болон уулзацгааж буй. Энэ л агшинд “Өдрийн сонин”-ы “Нэг ангийнхан” буланд ангийнхаа тухай гарсан нийтлэлийг уншаад тун ч жаргалтай суугаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ангийнхандаа ийн гэнэтийн бэлэг барихаар Д.Балжинням тэргүүтэй ангийн хөвгүүд манай сониныг зорин ирсэн билээ.

Энэ ангийнханд А үсгийг заасан, бага ангийн багш нь Ц.Цэрэндорж юм. Багшийнхаа цэвэр сайхан бичигтэй байсныг нь одоо ч тэд шагшин магтдаг юм билээ. Харин тэд наймдугаар ангиа А.Чибиш багшийн удирдлаган дор 1969 онд төгсчээ. Тэд 17 хөвгүүн, 21 охинтой нийт 38-уулаа төгссөн байна. “Бидний нэг хэсэг нь арван жилийн сургууль, техникумд суралцсан. Нөгөө хэсэг нь амьдралын захгүй их далайд хөл тавьсан юм. Тэр цагаас хойш хэдийнэ 50 жил ард хоцорчээ. Хонхон дуутай, улаан бүчтэй сурагч ахуй насаа дурсан суух сайхан байдаг даа. Өдгөө үсэнд нь буурал хяруу буусан эмээ, өвөө болцгоожээ. Хэдийгээр бид өтөлсөн ч хүүхэд нас, сургуулийн хөгжөөнт амьдрал тодоос тод байна. Уулзалт маань баяр хөөрөөр дүүрэн сайхан болно гэдэгт итгэж байна. Бидний урилгыг хүлээн авч, ач холбогдол өгч, цаг зав гарган хүрэлцэн ирсэн ангийнхандаа, охиддоо талархлаа илэрхийлье” хэмээн уулзалтыг зохион байгуулагч Х.Лхагвасүрэн хэлж байлаа.


Тэд сургуульд орохдоо формын хувцас байхгүй учир хөх даалимбан тэрлэг, улаан таван хошуу хадсан даавуун цүнхээр ижилсэж байжээ. Дотуур байранд ороогүй хүүхдүүд нь сургуульдаа морь, тэмээгээр ирцгээнэ. Сургуулийн гадна талд морь мал багширч эрдэм номонд шамдах эздээ хүлээж байсан гээд бодоход өнөө үеийн хүүхдүүдийн санаанд буумгүй мэт. Алдархаан сумын сурагчдын хайрыг татсан хүн нь усч Маньбазар хэмээх нүдэнд дулаахан буурай байж. Тэр хүн л сургууль, дотуур байрыг ундтай устай байлгана. Гэрээ санасан жаалуудад аав шиг нь л элэгсэг дулаан ханддаг байсан түүнийг 60 жилийн дараа ч дурсан байгаа нь энэ юм. Харин тухайн үеийн сурагчдын сүлд дуу нь Пионерын дуу. Хааяахандаа үлээвэр хөгжмийн аянд бүжиглэнэ. Хүүхэд бүр Хөдөлмөр батлан хамгаалахад бэлхэн гэх тэмдгийн шалгуурыг биелүүлцгээнэ. Энэ нь хүүхдүүдийн бие бялдар эрүүл чийрэг өсөн торниход чухал үүрэг гүйцэтгэдэг байсан нь мэдээж. Өвөл цагт сардаа нэг удаа Хүрэн толгойнхоо мөсөн дээр цанын тэмцээн зохиож, ханатлаа гулгацгаана. Энэ бүхэн л тэдний сурагч ахуй үеийн нандин гэгээн бүхнийг хадгалан үлджээ.

8 “A” ангийнхан сургуулиа төгсөөд цэрэг, арми, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарт дор бүрнээ идэвх чармайлттай ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулцгаажээ. Үүндээ ч тэд баярлаж, бахархаж явдаг гэсэн. Тухайлбал, Р.Янжиндулам, Р.Лхагваа, Д.Банзрагч, Б.Батжаргал, Л.Бямбасүрэн нар МХЗЭ-ийн илгээлтээр МАА үйлдвэрлэлд гарч аймаг, сумын аварга мянгат малчид болжээ. Ц.Бямбасүрэн, М.Отгон, А.Аюушжав нар цэргийн дарга нар болсон байна. Тэднээс зарим нь хурандаа цол хүртэж, эх орныхоо зэвсэгт хүчин, Батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Ш.Ядамжав, Г.Батнасан, Ж.Наранчимэг нар хүний их эмч болцгоож, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогссоор гавьяаныхаа амралтад гарчээ. Х.Лхагвасүрэн “Ш.Ядамжав сурагч ахуй үедээ л хүний их эмч болно гэж тоглож наадан ангийнхаа охидыг шоглож байсан юмдаг. Найз минь хүүхэд ахуйн мөрөөдлөө биелүүлж Анагаах ухааны их сургууль төгсөөд хүний их эмч, тэр тусмаа эмэгтэйчүүдийн их эмч болсон. Улмаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт насаараа ажиллан тэргүүлэх зэргийн нэртэй эмч болсон юм. Хүүхэд ахуйн мөрөөдлийнхөө эзэн нь болсон хүн дээ” гэв.


Харин Д.Цагаандолгор, Т.Дуламсүрэн, Л.Бямбарагчаа, Ж.Батхуяг, Б.Чимэддорж нар нэртэй сурган хүмүүжүүлэгчид болжээ. Л.Бямбасүрэн, Даваатогтох, Д.Ганжуур, Д.Сувд нар ХАА-н тэргүүний мэргэжилтэн, Н.Нямсүрэн, С.Баянжаргал нар цуутай бизнесмэнүүд болсон байна. Мөн Д.Балжинням Улс төрийн дээд боловсрол, эдийн засагч мэргэжил эзэмшиж төрөлх сумынхаа дарга, Засаг даргаар 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллажээ. Засаг даргаар ажиллах үедээ сумынхаа эдийн засгийн чадавхийг дээшлүүлж, мал сүргийн тоог өсгөн 160 гаруй мянган толгойд хүргэн, аймгийн жишиг сум болгохын төлөө ажиллаж байжээ. Тэд Б.Чимэддоржийгоо “Эвлэл ах” гэж авгайлдаг байж. Учир нь ангийнхнаасаа хамгийн түрүүнд эвлэлийн гишүүн болсон аж. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тэрээр төрөлх сургуульдаа 30 гаруй жил ажиллаж, олон мянган шавтай болжээ. Мөн сургуулийнхаа захирлаар арваад жил ажилласан байна. Энэ хугацаандаа сургуулийн 80, 90 жилийн түүхт ойг тэмдэглэн, аймгийн хэмжээнд жишиг сургууль болгож чадсан нэгэн гэнэ.

Энэ ангиас хийсэн бүтээснээ үнэлүүлж төрийн дээд одон медалиар шагнуулсан хүн олон. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор дөрөв, Алтан гадас одонгоор 12, Хөдөлмөрийн хүндэт медалиар 18, салбарын тэргүүнээр есөн хүн тус тус шагнуулжээ. Мөн Ардын хувьсгалын ойн медалиудаар олон арван хүн энгэрээ мялаасан байна.


Г.Даграгчаа “Сургуулийн захиргаанаас түлээний мод хөрөөдөх, илжгэнд өвс өгөх, хадаж хураах, хүнсний ногоо хураах ажлуудад оролцдог байсан. Ангийнхан маань элдэв дутагдал, зөрчилгүй тун ч хүмүүжилтэй хүүхдүүд байж билээ. Нийтэч, ур чадвартай, хичээнгүй , хүнлэг тэднийгээ сэтгэл зүрхэндээ үргэлж тээж явдаг даа. Бид хотод оюутан болж ирчихээд байнга уулзана. Жаргал, зовлонгоо хуваалцаж сууснаа дурсахад сайхан байдаг даа. Та нарынхаа нандин чанар, цайлган сэтгэл, итгэлийг үргэлж санаж явах болно” гэж байлаа. Харин Г.Загдсүрэн “Эрдэм номын далайд хөтөч болсон ачит багш нар, эрдмийн уурхай болсон сургуулиараа бахархаж явдаг юм. Манай сургууль 1926 онд 25 сурагч, хоёр багштайгаар “Тэнхим” нэртэй байгуулагдсан түүхтэй. Харин 1937 онд бага, 1968 оноос найман жилийн дунд, 1990-ээд онд арван жилийн, 2010 оноос есөн жилийн дунд сургууль болжээ. Ийнхүү 93 дахь жилдээ ажиллаж буй улсын ууган сургуулиудын нэг юм. 1994 онд БНМАУ-ын баатар Армийн генерал Б.Доржийн 80 насны ойгоор түүний нэрэмжит болсон. Манай сургуулиас Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван, физикч Н.Содном, Г.Очирбат, Монгол Улсын гавьяат багш Б.Бор, Ч.Жаргалсайхан нарын 40 гаруй эрдэмтэн, гавьяатнууд төрөн гаржээ. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсад анх удаа 999 морин хуурч, аймагтаа 2222, 3000 морин хуурчийн тоглолт зохион байгуулсан Ю.Дэлгэрнасан нарын төрөлх сургууль юм. Ю.Дэлгэрнасангийн морин хуур хөгжмийг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсийг үнэлж Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх цол тэмдгээр шагнасан юм. Ингээд нэгэн ширээнд тохой нийлүүлэн сууж, ижилдэн дассан ангийнхандаа 50 жилийн ойн мэндийг хүргэж байна” хэмээв. Мөн 1969 оны төгсөгчдөөс төрөлх сургуулийнхаа 93 жилийн ойн мэндийг сургуулийн үе үеийн сурагчдадаа дэвшүүлж байлаа.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *